Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 483

 

2017 оны 08 сарын 23 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00483

                 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00312/И

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 51 дүгээр байрны 2-11 тоотод оршин суух, Тасбиеке овогт Садбакасын Каж /РД:СФ41042711/-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 51 дүгээр байрны 2-10 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэг (РД:СФ72121805)-т холбогдох

           “бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх буюу 14 000 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Каж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Д.Мөнгөнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гангантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Каж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ам бүл 7, насанд хүрсэн 5 хүн ажилгүй байдаг юм. Тэднийгээ ажил орлоготой болгох талаар бодож явдаг өндөр настай хүн. Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэн Д.Мөнгөнцэцэг нь “Сувдан шоо” ХХК-ийн  объект, тусгай зөвшөөрлийн хамт зарна гэхээр нь 2014 оны 02 дугаар сарын сүүлээр түүнтэй уулзаж ярилцаж, худалдан авахаар тохиролцсон. Объектыг кареоке, бар, цайны газрын зориулалтаар тохижуулсан байв. Уг гурван байр нийлсэн объектоо 30 000 000 төгрөгөөр, тусгай зөвшөөрлөө 9 000 000 төгрөгөөр, нийт 39 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 30 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 02-нд төлж дуусгасан. Үлдэгдэл 9 000 000 төгрөгийг миний нэр дээр тусгай зөвшөөрлийг шилжүүлсний дараа төлөхөөр тохиролцсон боловч Д.Мөнгөнцэцэг нь хүүхдүүд сургуульд явах гээд байна гэх шалтгаанаар 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл 4 000 000 төгрөгийг авсан. Иймд Д.Мөнгөнцэцэгээс 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх Бэрхийн гурван байрны эрхийн бичгийг авахаар Мөнгөнцэцэг, манай охин, бид гурав аймгийн төв дээр ирсэн. Тэгэхэд 7 дугаар байрны гэрчилгээ гараагүй, 8,9 дүгээр байрны гэрчилгээ гарсан. Тэр үед Мөнгөнцэцэг бид нараас 30 сая төгрөг авчихсан байсан. Мөнгөнцэцэгээс 7 дугаар байрны гэрчилгээгээ яах  билээ гэхэд би таны нэрэн дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Эсвэл та хөөцөлдөөд өөрийн нэр дээрээ болгочих гэхэд нь чиний нэртэй юм чинь чи өөрөө болгож өг хэж хэлсэн. Тэгээд Бэрхэд очиход Мөнгөнцэцэгийн нөхрийнх нь бие муу байсан учраас эд нар хот руу эмчилгээнд явсан. Тэгж байснаа нэг ирээд караокед байсан сандал, ширээ, тоног төхөөрөмжийг бүгдийг нь аваад явчихсан. Тэгээд манайх засвар хийгээд, бага сагаар тоног төхөөрөмж цуглуулсаар байгаад 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ажиллагаанд оруулаад үйл ажиллагаа явуулж байтал 10 сарын эхээр Мөнгөнцэцэг орж ирсэн. Миний тусгай зөвшөөрлийн хугацаа 11 сард дуусах болж байгаа. Би өөрийнхөө нэрэн дээр сунгуулья гэхээр нь би обьектийг чинь авч байгаа юм чинь өөрийнхөө нэр дээр авч болохгүй юу гэхэд хэцүү, би сунгуулж өгөөд гэрчилгээн дээрээ таны нэрийг захирал гэж тавиулна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад 12 сарын эхээр хүрч ирээд би танд тусгай зөвшөөрлөө өгөхөө больсон, гурван байран дээрээ гурав, гурван сая төгрөг нэмлээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би эсвэл чи байраа буцааж аваад, мөнгийг маань эргүүлж өг гэхэд яах гэж байраа зарсан юм бэ хохь чинь гээд гараад явсан. Орой нь Мөнгөнцэцэг хэдэн цагдаа дагуулж орж ирээд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд манайхыг хаалгасан. Тэгээд би маргааш нь аймгийн төвд ирээд хуулийн зөвлөгөө аваад, Золбоо гэдэг хүнтэй уулзахад тусгай зөвшөөрлийг зарж болдоггүй, шилжүүлж болдоггүй гэдгийг мэдэж авсан. Золбоо гэдэг залуу “та материалаа бүрдүүлээд ирвэл хурлаар оруулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 3 сард тусгай зөвшөөрлөө авсан. Мөнгөнцэцэг архи, дарс ууж ирээд элдвээр хэлж, агсам согтуу тавьдаг. Эхлээд Мөнгөнцэцэгт 2.5 сая төгрөг өгсөн. Дараа нь 500.000 төгрөг, манай охиноос 2 сая төгрөг гээд манайхнаас нийт 4 сая төгрөг авчихаад байгаа юм.  9 сая төгрөгийг тусгай зөвшөөрөлд, 30 сая төгрөгийг байрны төлбөрт өгсөн. Одоо 7 дугаар байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө үү гэж хүсч байна. Мөн зүй бусаар авсан 4 сая төгрөгийг Мөнгөнцэцэгээс гаргуулахыг хүсч байна. 7 дугаар байрны ордероо өөрийн нэр дээр болгуулах, тусгай зөвшөөрөлд өгсөн 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж байна. Д.Мөнгөнцэцэгээс Хэнтий аймгийн Бэрх тосгоны 51 дүгээр байрны 7 тоотын ордерыг өөрийн нэр шилжүүлж, 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

 

Хариуцагч Д.Мөнгөнцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Кажийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь С.Кажийн нэхэмжлэлд дурдсан нь бүгд худал юм. Надаас анх 39 000 000 төгрөгөөр 3 байрын маань худалдаж авахаар тохиролцоод 34 000 000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн 5 000 000 төгрөгөөс зайлсхийж хууль бусаар надаас миний 7 дугаар байрыг авах гэж намайг олон сар чирэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Д.Ганхуяг нь надад холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан боловч Давж заалдах шатны шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг цагаатгасан. Нэхэмжлэгч Каж, Алтанцэцэг нар нь надтай байр худалдан авах гэрээ хийхдээ тусгай зөвшөөрлийн талаар огт яриагүй, уг зөвшөөрлийг мөнгөөр үнэлээгүй, зөвхөн үйл ажиллагаа явуулж байсан 3 байраа багцлаад 39 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тиймээс С.Каж нь 5 000 000 төгрөгийг өгөөгүй тул би байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Би 5 000 000 төгрөгөө өгөөд байрныхаа гэрчилгээг шилжүүлж ав гэж олон удаа хэлж байсан. Тиймээс нэхэмжилж байгаа 14 000 000 төгрөг болон байрны гэрчилгээг шилжүүлэх ямар ч боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх 2014 оны  2 дугаар сарын 26-ны өдөр Каж гуайтай орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. 7 дугаар байрны гэрчилгээг тухайн үед шилжүүлээгүй. Учир нь Каж гуай дутуу 5 000 000 төгрөгийг өгөөгүй учраас ингээд явж байна. Хэрвээ 5 000 000 төгрөгийг өгчихвөл би 7 дугаар байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгөхөд бэлэн байна. Анх энэ хэд бүгдээрээ ирж манай үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хараад 40 сая төгрөгөөр зарна гэж байсныг тохиролцоод 39 сая төгрөгөөр авахаар болсон. Каж гуайгаас 34 сая төгрөгийг би цувуулж авсан. 31 500 000 төгрөгийг нь би гэр бүлийн хүнээ амьд сэрүүн байхад авсан. 1 сая төгрөгийг би гэр бүлийн хүнээ нас барсны дараа авсан. 1.5 сая төгрөгийг намар охиноо сургуульд явуулах гэж авсан. Ингээд нийт 34 сая төгрөг авсан. Одоо 5 сая төгрөг авах дутуу байна. Хэрвээ 5 сая төгрөгийг өгчихвөл би 7 дугаар байрныхаа эрхийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Би ямар нэг хүү, алдагдал тооцоогүй. Эсвэл би 7 номерын байраа суллуулж авах хүсэлтэй байна. 4 сарын 18-нд намайг хэлцэл хийсэн гээд байна. Би энэ үед Улаанбаатар хотод байсан учраас энэ нь хүчингүй гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 78х/

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Каж нь хариуцагч Д.Мөнгөнцэцэгт холбогдуулан “худалдан авсан 7-р байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулах, тусгай зөвшөөрлийг нь худалдаж авна гэж өгсөн 4 сая төгрөгөө буцааж авах, нийт 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах”-аар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Нэхэмжлэгч С. Каж нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэн Д.Мөнгөнцэцэг нь “Сувдан шоо” ХХК-ийн  объектыг тусгай зөвшөөрлийн хамт зарна гэхээр нь 2014 оны 02 дугаар сарын сүүлээр түүнтэй уулзаж ярилцаж, худалдан авахаар тохиролцсон. Объектыг караоке, баар, цайны газрын зориулалтаар тохижуулсан байсан. Уг гурван байр нийлсэн объектоо 30 000 000 төгрөгөөр, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлөө 9 000 000 төгрөгөөр, нийт 39 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 30 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 02-нд төлж дуусгасан. Үлдэгдэл 9 000 000 төгрөгийг миний нэр дээр тусгай зөвшөөрлийг шилжүүлсний дараа төлөхөөр тохиролцсон боловч Д.Мөнгөнцэцэг нь хүүхдүүд сургуульд явах, нөхөр нас барсан гэх мэт шалтгаанаар 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл 4 000 000 төгрөгийг авсан, одоо болохоор байрны гэрчилгээг нэр дээр маань болгож өгөхгүй байна гэж, хариуцагч Д.Мөнгөнцэцэг нь С.Каж гуай надаас анх 39 000 000 төгрөгөөр дээрх 3 байрыг маань худалдаж авахаар тохиролцоод 34 000 000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн 5 000 000 төгрөгөө өгчихвөл 07 тоот байрны гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй...тусгай зөвшөөрлийг тусад нь 9 сая төгрөгөөр үнэлж, зарахаар тохиролцсон зүйл байхгүй, 3 байраа нийтэд нь л 39 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон гэж маргалдаж байна.

            Маргааны үйл баримт, зохигчдын тайлбарууд болон хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байх Объект тусгай зөвшөөрөл худалдан авах тухай нэхэмжлэгч С.Каж, хариуцагч Д.Мөнгөнцэцэг нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хэлцэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Каж нь хариуцагч Д.Мөнгөнцэцэгээс Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07, 08, 09 тоотод байрлалтай, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан 3 орон сууцыг архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн хамт 39 сая төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч талын Д.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн Сувдан шоо ХХК-ийн объект нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой, баар, караоке ажлуулахад архи дарсаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байсан учраас тусгай зөвшөөрлийг нь 3 байрны үнээс тусад нь 9 сая төгрөгөөр үнэлсэн, түүнээс байрууд бол гурвуулаа нийлээд Бэрх хотод тухайн үеийн ханшаар 17-18 сая төгрөг л болж байгаа. гэх тайлбар нь маргааны бодит байдалд нийцсэн тайлбар байна гэж шүүх дүгнэлээ.

            Хэдийгээр зохигч талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Объект тусгай зөвшөөрөл худалдан авах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл мөн боловч энэ хэлцэл нь ялангуяа талууд тусгай зөвшөөрөл гэдэгт анхаарал хандуулж, уг объектыг худалдахад тусгай зөвшөөрлийг тодорхой үнийн дүнгээр үнэлсэн байж болох нөхцөл байдал нь маргааны үйл баримтыг тодорхойлоход ач холбогдолтой гэж шүүх үзэв.

 

           Түүнчлэн энэ хэлцлийн дараа зохигч талууд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...баарны тусгай зөвшөөрлийг С.Кажийн нэр дээр болсон тохиолдолд дараагийн 9 сая төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон баримт үйлдсэн /хх-ийн 12х/, хариуцагч нь нэхэмжлэгчээс 4 сая төгрөгийг цувуулж авсан зэрэг байдал нь хариуцагч Д.Мөнгөнцэцэгийн зүгээс баарныхаа архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг мөнгөөр үнэлж худалдсан байдлыг нотолж байна.

          Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийг бусдад худалдахыг хориглосон байгааг дурдах нь зүйтэй юм.

           Маргаж буй Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07 тоотод байрлалтай, 50 м2 гурван өрөө орон сууцанд одоо нэхэмжлэгч С.Каж болон түүний хүүхдүүд бизнесийн үйл ажиллагаа явуулж байх ба гагцхүү энэ байрны үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагч Д.Мөнгөнцэцэгийн нэр дээр байгаа гэдгийг зохигч аль аль тал нь мэдүүлж байна.

           Хариуцагч Д.Мөнгөнцэцэгийн зүгээс уг 07 тоот байрыг 8 сая төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

           Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 онд Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07, 08, 09 тоотод байрлалтай үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох 3 орон сууцыг /тусгай зөвшөөрлийг тооцохгүйгээр/ 30 сая төгрөгөөр үнэлж худалдан авч уг үнийг төлсөн болох нь зохигч талуудын тайлбаруудаар тогтоогдож байна.

           Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т: талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн гэж заажээ.

Иймээс Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07 тоот орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгч С.Кажд 2014 онд шилжсэн байна гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07 тоотод байрлалтай, 50 м2 гурван өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөхийг хариуцагч  Д.Мөнгөнцэцэгт даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Харин нэхэмжлэгч С.Каж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Д.Мөнгөнцэцэгээс худалдаж авсан 3 байраа байр тус бүрийг 10 000 000 /арван сая/ төгрөгөнд тооцож, 07 тоот байраа 10 000 000 төгрөгөөр үнэлж байсан 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас, шүүх хуралдааны явцад Д.Мөнгөнцэцэгт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авна гэж тооцож өгсөн 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 2 000 000 / хоёр сая/ төгрөгийн, нийт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                       

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Хэнтий аймгийн Батноров сумын 7дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07 тоотод байрлалтай, 50 м2 гурван өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Кажийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч  Д.Мөнгөнцэцэгт даалгасугай.  

2. Нэхэмжлэгч С.Каж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 10 000 000 төгрөг, шүүх хуралдааны явцад 2 000 000 төгрөг, нийт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 228 000 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнгөнцэцэгээс 46 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Кажид олгосугай.  

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР