Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0154/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 2218000000113 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Ж 1968 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од хүслэн” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Ц-ын эзэмшлийн “Самсунг галакси А51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гар утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Согтуугийн гай.

...Гар утсыг биет байдлаар буцаан өгсөн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02/,

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-4/,

-“Самсунг галакси А51” маркийн гар утсыг хохирогч Б.Ц-ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

-“Од хүслэн” хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,

 

-Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 08 цагийн орчим дэлгүүрийн лангуун дээрээ ирээд сууж байгаад өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Самсунг галакси А-51 маркийн гар утсыг лангууны дээр тавьчхаад 08 цаг 40 минутын орчим бараагаа өрөөд явж байгаад лангуун дээрээ 09 цагийн орчим буцаад ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд дэлгүүрийн камерыг хамгаалагч шүүж үзэхэд миний гар утсыг нэг эрэгтэй хүн аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн15/,

 

-Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 сарын 02-ны өглөө 09 цагийн үед манай ахын найз Жавхлан гэх ах “цагаан өнгийн самсунг маркийн гар утас олж авсан юм, миний дүү авах уу?” гэж асуухаар нь уг гар утсыг үзэхэд сим карт байхгүй утасны сүлжээг хаасан байхаар нь асуусан чинь “олсон юм” гэж хэлэхээр за гэж хэлээд 35000 төгрөгөөр худалдаж авсан юм.

...Би гар утас худалдаж авсан 35000 төгрөгөө буцааж авсан байгаа болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,

 

-“...Б.Ж-г согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 3,03% гарсан болно.” гэх 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 22/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн тухайн үеийн үнэ цэнэ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 450000 төгрөг байна.” гэх  “Капитал зууч” ХХК-ын 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/, 

 

-Б.Ж-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од хүслэн” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Ц-ын эзэмшлийн “Самсунг галакси А51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 28 хоногийн хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар тогтоох санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирлоо төлсөн тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ХМШЗ/44 дугаартай захирамжаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 208 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 26 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

 

Иймд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ХМШЗ/44 дугаартай захирамжаар 26 хоногийн хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Ц-ад алдагдсан гар утсыг хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 5/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Ж-д хорих ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул хүсэлтийг нь хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Ж-гийн эдлэх ялын хугацааг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ