Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 166/2022/0062/Э |
Дугаар | 2022/ШЦТ/182 |
Огноо | 2022-05-09 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0062/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц-эд холбогдох эрүүгийн 2118003470006 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Ц, 1969 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн хяргас суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерын 14 дүгээр гудамжны 104 тоотод байрлах Б.Б-ын эзэмшлийн 4х6 метр хэмжээтэй байшинг нураан хууль бусаар устгаж, 5.263.038 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дархан сумын 1 дүгээр баг Пионер 14-106 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт 1997 оноос хойш амьдарч байгаа юм. Манай амьдардаг хашааны урд талд ах, эгч хоёр хүүхдүүдтэйгээ монгол гэрт амьдардаг байсан юм. Тэгээд тэр айл 2003-аас 2004 оны үед нэг давхар байшин бариад орсон. Тэгж байгаад тэр хүмүүс 2007 оны үед гэр бүлээрээ хашаа байшингаа хаяад явчихсан. Тэр айлын хүү нь болох Баяжаргал гэдэг залуу нь хааяа нэг гэртээ ирчихсэн, хонож өнжөөд, тэгээд л явчихдаг байсан юм. Тэгж байгаад тэр айлын хашаа нь алга болоод манай тэр хавиар маш их хог цуглардаг болсон юм. 2009 оны намар тэр айлын Б.Б- гэдэг залуу ирчихсэн байхаар нь би түүнээс “та нар өөрсдөө амьдрахгүй юм бол наад газраа зарчхаач, наад байшин чинь нураад дууслаа” гэж ярьсан чинь “харин тиймээ эгчээ, авах хүн олдохгүй байгаад байна” гэж ярьж байсан. Тэгээд тэр айлын хашаагүй байшин нь огт эзэнгүй 10 гаруй жил болоод, байшингийн цонх нь ч алга болсон, сүүлдээ тэр байшинд хүмүүс орж архи уугаад байхаар нь би цонхыг нь төмрөөр таглаж хадаж байсан юм. Ингээд 2019 билүү 2020 онд би тэр хавийн хогийг цэвэрлээд портер машинаар ачуулж хаячхаад байшин дээр байсан утасны дугаар луу нь залгаад Цогоо /Б.Б-/ мөн үү\ гээд ярьсан. Би түүнтэй “чи эгчдээ наад байшингаа газартайгаа зарчхаач, хэдээр өгөх юм бэ” гэхэд “би 4 сая төгрөгөөс буулгалгүй зарчихмаар байна, манай байшин гэрчилгээгүй, газар нь гэрчилгээтэй байгаа, та авбал 4 сая төгрөгөөр ав” гэж хэлж байсан.
...Ингээд 2021 оны 09 сарын 13-ны өдөр би тэр байшинг нураагаад, модыг нь авчихъя гэрийн эзнийг нь ирэхээр тохирсон 4 сая төгрөгөө өгнө гэж бодоод Дарханы зах дээр явж байгаад ажил хийх 1 залуу олоод, түүндээ 50.000 төгрөг өгч, би уг залуутай цуг нөгөө байшинг нураасан. Бас тэр байшинг нураахад манай дүү А.Жавзанноров ирж тусалсан юм.
...Хохирлыг өөрийн боломжоороо сар бүр бага багаар төлж барагдуулна.
...Торгуулийн ял багаар оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дархан сумын 1 дүгээр баг Пионер 14-104 тоотод өөрийн хуучин эхнэр Б.Янжмаа болон хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Би энэ хашаандаа 2007 энд палк, шпол мод хослуулан шинэ байшин барьж орсон. Тэгээд би 2009 онд эхнэр Янжмаагаас салаад хашаа байшиндаа хэсэг байж байгаад Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш энэ хашаандаа жилд 1, 2 удаа ирж ганц нэг хоночхоод явдаг байсан. Тэгтэл 2021 оны 09 сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотоос Дарханд ажил гараад энд ирснийх гээд байшингаа эргэх гээд иртэл манай хашааны газарт зам барьж байгаа хүмүүс гээд хэд хэдэн вагончиг, том том техникүүд оруулчихсан байсан ба манай байшинг нураагаад ачаад явчихсан байсан. Тэгэхээр нь би тэнд байсан ажилчдаас “та нар ямар учиртай хүмүүс вэ? яагаад энд байгаад байгаа юм бэ? манай байшин хаачсан бэ?” гэж асуухад нэг хүн нь “бид нар энд зам тавьж байгаа хүмүүс, байрлах газаргүй болоод энэ газарт бид нар байж байна, танай байшин бид нарыг ирэхэд бүтэн, хаалга нь цоожтой байсан чинь хажуу айлын чинь хөршийн хүн гэж ирээд “манайх энэ хашаа байшинг худалдаж авсан гэж хэлээд нураагаад аваад явсан” гэж хэлсэн. Би хажуу айлын хашааруу ороход манай байшингаас гарсан модны үлдэгдэл нь тэдний хашаанд байсан бөгөөд ихэнх модыг нь ачаад аваад явчихсан, гэртээ хүн байхгүй байсан.”
...байшиндаа үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй байсан ч энэ бол миний өмчлөлийн газар дээр баригдсан миний өөрийн өмч. Хохирлын хэмжээг үнэлгээний дагуу нэхэмжилнэ, хохирлоо яаралтай авмаар байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
-Хохирогч Б.Б-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-14/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-19/,
-“Иргэн Б.Б-ын өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионер 14 дүгээр гудамжны 104 тоот газар бүртгэлтэй байна.” гэх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 22/,
-2 ширхэг төмөр лоомыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 27/,
-Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 10 орчим хоногийн өмнө тэр байшингийн дээвэр дээр 2 эрэгтэй хүн гарчихсан буулгаж байсан. Дараа нь 2 эмэгтэй хүн ирчихсэн буулгаад, ханыг нь нураагаад, модыг хажууд нь хураачихсан байсан. Тэгээд дараа нь харахад тэр хүмүүс тэр байшингаас буулгасан модоо хойд талын хашаа руу оруулж хураагаад байсан. Би эзэн нь өөрсдөө ирээд нурааж байгаа юм байна гэж бодоод очиж уулзаагүй. Харин манай захирал тэр хүмүүстэй уулзахад “манай байшин” гэж хэлсэн байсан.
...манай техникүүд бүгд зам дээр ажиллаж байгаа. Харин гинжит трактор, грейдэр хоёр тэнд байгаа, гэхдээ ямар нэгэн байдлаар байшин нураахад оролцоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,
-Гэрч А.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эгч А.Ц- 2021 оны 09 сарын 13-ны үдээс хойш над руу утсаар яриад “би урд талынхаа байшинг нураах гэж байна, чи ирээд туслаадах” гэхээр нь би “өөр хүн байгаа юм уу?” гэж асуухад “захаас хөлсний ажилчин авч ирсэн байна” гэж байсан. Тэгэхээр нь би эгчийн гэрийн гадаа очиход тэр байшинг нурааж эхлээгүй байсан ба би эгчид “энэ байшингийн эзнээс нь асуусан юм уу?” гэж асуухад “одоо утас нь холбогдохгүй байна, түрүүн нэг яриад зарчихаач гэсэн чинь 3 сая хэдэн зуу гэж байсан, тэрэндээ өгчих байлгүй дээ” гэж байсан. Тэгээд эгч бид хоёр зах дээрээс хөлсөлсөн нэг хүнтэй хамт тэр байшингийн дээврээс нурааж эхэлсэн. Тэгээд оройхон нөгөө хөлсний хүн нь нэг найзыгаа дуудаад дөрвүүлээ цуг нураасан. Тэгээд эхний өдөр байшингийн дээврийг буулгаад, дараагийн өдөр нь хананых нь шаврыг унагаж, торыг нь салгасан, тэгээд эгч дотор шаврыг нь унагаасан. Тэгж байгаад 2, 3 хоногийн дараа эгч над руу яриад “чи ирээд ханыг нь буулгалцаад өгөөч” гэхээр нь би очоод хананы шпол моднуудыг нь буулгалцаж, хашаа руу нь оруулж өгчихөөд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,
-Гэрч Я.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт далангийн яг хажуу талын хашаа байшинд, эхнэртэйгээ нэг хэсэг амьдардаг байсан. Тэр байшингаа 2007 онд өөрөө шпол, банзаар барьж амьдарч байсан. Тэднийх амьдарч байхад уг нь хашаатай байшин байсан боловч Б.Б- эхнэрээсээ салаад Улаанбаатар хот руу амьдрахаар явсан. Б.Б-ыг явснаас хойш тэдний хашаа байшинд түүний аав нь амьдарч байгаад 2019 оны 04 сард нас барсан. Түүнээс хойш байшин нь эзэнгүй байгаад байхаар хүмүүс хашааных нь банзыг хулгай хийж авч явсаар байгаад одоо хашаагүй байшин болчихсон байсан. Тэгсэн чинь ноднин буюу 2021 оны намар Б.Б- надтай ирж уулзахдаа “байшингаа эргэж тойрох гээд ирсэн чинь манай байшин байхгүй, нураагаад явсан байна” гэж хэлж байсан.
...Б.Б- анх хот явахдаа надад “энэ байшингаа зарчихмаар байна гээд нэг утасны дугаар байшин дээрээ бичиж байсныг би бол мэднэ. Харин надад хашаа байшингаа зарахаар болчихлоо, үнэ тохирчихсон, хүн авна гэх мэт зүйл огт хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,
-“...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар нийт 5263038 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэх Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-90/,
-“2 ширхэг төмөр лоомын өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 18000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 98-99/,
-А.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 122/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 131/,
-Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтаас шинжээчдийн дүгнэлтэд хийсэн үнэлгээ /хавтаст хэргийн 185/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд гэм буруутай этгээдийн галдан шатаах, эвдэж нураах зэрэг үйлдлийн улмаас халдлагад өртсөн тухайн эд хөрөнгө нь биет байдлын хувьд анхны байдалд нь оруулж сэргээх боломжгүй болж бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглах боломжгүй болж, үүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бүрдэнэ.
Шүүгдэгч А.Ц нь хохирогч Б.Б-ын өмчлөлийн 4х6 метр хэмжээтэй байшинг худалдан авах талаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Б-тай гэрээ хийж тохиролцоогүй атлаа 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 14 дүгээр гудамжны 104 тоотод байрлах Б.Б-ын эзэмшлийн 4х6 метр хэмжээтэй байшинг нураан хууль бусаар устгасан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ц-ийн устгасан эд хөрөнгө болох Дархан сумын 1 дүгээр баг, Пионер 14 дүгээр гудамжны 104 тоотод байрлах 4х6 метр хэмжээтэй байшин нь 5.263.038 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө болох нь хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 80-90/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ц-ийн бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д бага хэмжээнээс дээш буюу 5.263.038 төгрөгийн хохирол учирсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч А.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 131/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ц-эд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 5263038 төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 80-90/ байх тул шүүгдэгч А.Ц-ээс 5263038 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар заажээ. Иймд А.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг лоомыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 5263038 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ээс 5263038 /таван сая хоёр зуун жаран гурван мянга гучин найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг лоомыг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ