Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0166/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, Г.Амартүвшин,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2218000600145 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.С 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 118 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэн Г.Г-ын 36 размерын цаа бугын арьсан хос годон гутлыг хулгайлан авч, 1250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж байна, хулгай хийсэндээ гэмшиж байна. Хулгай хийсэн нь миний буруу, би хаалгыг нь онгойлгосон зүйл байхгүй, онгорхой байхаар нь хаалганы завсраар гараа оруулаад гутлыг нь авсан.

... Үнэнийг хэлэхэд хар дарсан зүүд юм байна, яах гэж хулгай хийсэн юм бэ?, миний 100 хувь буруу, багаасаа өнчин өссөн, надад ганц удаа хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8/,

-Эмэгтэй хүний цаа бугын арьсан годон гутлыг хохирогч Г.Г-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14/,

 

-Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд би гэртээ хүүхдүүдээ унтуулж амраачхаад өөрөө хэсэг ном уншиж байгаад унтсан байсан. Шөнө 01 цагийн орчимд манай гэрт хаалга онгойж нээгдэх чимээ гарахаар нь би сэрээд үүд рүүгээ дөхөөд харахад манай орцны гэрэл унтарч байсан. Тэгээд би тухайн үед хүүхдүүдийн унтаж байсан өрөө рүү орж шалгаад, дараа нь гэрийн ойр орчимд эд зүйлээ үзэхэд гайгүй байх шиг байхаар нь унтсан юм. Тэгээд өглөө 08 цагийн орчимд манай нөхөр Улаанбаатар хотоос орж ирээд би сэрээд хүүхдээ цэцэрлэг хүргэж өгөх гэж хувцаслаад гутлаа өмсөх гэхэд миний годон гутал байхгүй байсан.

...хэрэв манай хаалга онгорхой байсан бол унтахаас өмнө мэдэгдэх учир би очиж хаалгаа хаана. Харин цоож гацсаны улмаас түгжигдээгүй, зүгээр хаагдсан байсан, гэхдээ онгорхой биш байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 20/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зэх зээлийн үнэ цэнэ 2021 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар 1250000 төгрөг байна.” гэх  “Капитал зууч” ХХК-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 26-27/, 

 

-Д.С-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43/,

 Д.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ыг хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд тухайн гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол учирснаас үл шалтгаалж уг шинжээр нь шүүгдэгчийн гэмт үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх энэхүү асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, тогтоосон байх учиртай.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Д.С-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ” “...шөнө 01 цагийн орчимд манай гэрт хаалга онгойж нээгдэх чимээ гарахаар нь би сэрээд үүд рүүгээ дөхөөд харахад манай орцны гэрэл унтарч байсан. ...манай гэрийн шал хуучны модон шалан дээр хулдаас дэвссэн байсан учраас хүн гишгэхээр чихарч дуугардаг. Тийм болохоор л би манай гэрт хүн орж ирлээ гэж мэдээд чимээгээр нь сэрсэн.” гэж тус тус мэдүүлсэн /хавтаст хэргийн 18, 20/ боловч хэргийн газрын үзлэг хийхдээ хаалган дээр шүүгдэгчийн гарын хээ илэрсэн эсэх, мөн шалан дээр гутлын мөр гарсан эсэх асуудлыг огт шалгаагүй орхигдуулжээ.

Нөгөө талаас гэмт хэрэг гарах үед хохирогч Г.Г-ын гэрийн хаалга нь түгжигдээгүй байсан болох нь хохирогчийн “...цоож гацсаны улмаас, зүгээр хаагдсан байсан, гэхдээ онгорхой биш байсан” /хавтаст хэргийн 20/ гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.С нь хохирогч Г.Г-ын гутлыг хулгайлахдаа “...хаалга нь онгорхой байсан учир хаалганы завсар гараа оруулаад гутлыг нь авсан” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гутлыг хулгайлахдаа гэрт нь түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй байна.

Иймд шүүгдэгч Д.С-ыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгч Д.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-д 1.250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүнд алдагдсан цаа бугын арьсан годон гутлыг хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 14/ байх тул шүүгдэгч Д.С-ос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Д.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.С-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.С-д анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Я.ТУУЛ