Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0172/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-од холбогдох эрүүгийн 2218000000178 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Б, 1965 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд: 6 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” паб-д үйлчлүүлж байхдаа текэн дээр байсан А.Ц-ийн I Phone 10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Согтуудаа хулгай хийсэн байна лээ.

... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,

-Хохирогч А.Ц-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2/,

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8/,

-Хохирогч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд намайг текний ард сууж байхад гаднаас 60 орчим насны намхан нуруутай, архи уучихсан, урд өмнө харж байгаагүй эрэгтэй хүн орж ирээд надаас архины үнэ асуусан. Би тухайн үед өөрийн I Phone 10 маркийн гар утсаа текэн дээр тавьж уг ахад архины үнэ хэлчихээд эргэж хараад тавиур дээрх хундагануудаа арчиж байгаад тухайн үедээ утсаа мартсан байсан. Ингээд уг ахыг гараад явснаас хэсэг хугацааны дараа би утсаа авах гээд харахад байхгүй болчихсон байсан. Тухайн үед манай Паб, Ресторанд өөр хүн орж ирээгүй.

...би утсаа алдсанаас хойш 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний гар утсыг Цагдаагийн алба хаагч надад хүлээлгэн өгсөн. Намайг гар утсаа хүлээж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн миний гар утсыг авсан ах надтай уулзаж надаас уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

-Иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14-15 цагийн орчимд байх намайг ажил дээрээ байхад 60 орчим насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд “утас авах уу?, манай эхнэрийн гар утас байгаа юм, кодыг нь мартчихсан байна, ахад нь мөнгө хэрэг болоод, авчихаач” гээд надаас гуйгаад байхаар нь би уг гар утасны дэлгэцний үнээр нь мөнгийг нь бодоод 70.000 төгрөгөөр худалдан авсан юм. Намайг уг гар утсыг худалдан авахад ID кодтой байсан ба би хөгшин настай хүмүүс утасныхаа кодыг мартчихсан, ингээд ашиглаж чадахгүй байгаа юм байх гэж бодоод л уг гар утсыг худалдаад авсан юм.

...Уг гар утсыг би хулгайлж авсан утас гэдгийг нь мэдээгүй. Мөн уг гар утсыг надаас Цагдаагийн алба хаагч хураагаад авсан. Надад гар утас зарсан хүн надаас авсан 70.000 төгрөгөө эргүүлэн бэлнээр өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зэх зээлийн үнэ цэнэ 2022 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 800.000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28-29/, 

-Г.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50/,

-Г.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55/

-Хохирогч А.Ц-ийн гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 91/,

-Шүүгдэгч Г.Б-оос гаргасан “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 92/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” паб-д үйлчлүүлж байхдаа текэн дээр байсан А.Ц-ийн I Phone 10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б-ын бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 300000 төгрөгөөс дээш төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгч Г.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийг санал болгосон прокурорын саналыг шүүгдэгч Г.Б хүлээн зөвшөөрчээ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч А.Ц-ийн гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 91/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Б-оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-од ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Б-од оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б-од анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Я.ТУУЛ