Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0171/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2218000000195 дугаартай хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Б 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг 30 минутын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.М-ын эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт зүүн гарын шуу, баруун бугалгад цус хуралт, баруун далны орчмын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр манай найзууд болох Төгөлдөр, Анхбаатар нар угаалгын газар дээр ирээд намайг аваад Төмөр замын 10 дугаар байрны подволд нь биллиард тоглож байгаад дараа нь машинд сууж байгаад 2 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад 00 цагийн орчим ирсэн. Намайг ирэхэд эхнэр Д.М- ганцаараа ажлаа хаачихсан намайг хүлээгээд байж байсан. Би орж ирээд “явлаа” гэж хэлэхэд явуулахгүй гэхээр нь бид хоёр маргалдаад би эхнэр Д.М-ыг цохисон. Намайг орон дээр түлхэж унагаасан, намайг аягаар цохисон, тэгээд гараад явчхаар нь би согтуудаа цагдаа дуудчихсан юм.

...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

-Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12:00 цагийн үед “Цуурай цо” ХХК-ны авто угаалга дээр ирж ажлаа хийсэн. Манай нөхөр болох Б.Б бид 2 тус авто угаалгыг түрээсэлж ажиллуулдаг юм. Орой 19:00 цагийн үед манай нөхөр “найзуудтайгаа биллиард тоглоод ирье, намайг иртэл ажил дээрээ байж байгаарай” гэхээр нь би хүлээж байтал 23:00 цагийн үед над руу согтуу залгаад “би монтод байна, намайг ирээд ав” гээд хашгичаад байхаар нь таксинд явдаг нэг найз руу нь залгаад “аваад ирээч” гэхэд “өөр унаагаар очиж байгаа” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Б.Б нилээд согтуу бололтой орж ирээд орон дээр хэвтэж байгаад ширээ сандал өшиглөөд  агсраад эхэлсэн. Тэгээд гарч яваад газарт уначихаар нь арай хийж өргөөд авто угаалга руу оруулаад иртэл намайг үстэж дараад толгой руу өшиглөөд нуруун дээр гараараа цохиод ширээн дээр байсан аяга, ус буцалгагчаар хүртэл намайг цохисон. Миний баруун гаран дээр хэд хэдэн удаа дэвсээд байсан чинь одоо хөдөлж болохгүй өвдөж байна. Аяга хагарч дээр нь би гараараа дарж, өвдгөөрөө өвдөглөөд хэсэг газарт зүсэгдсэн байдалтай байна.

...одоо надад гомдол санал байхгүй. Бид 2 түрээсээр нэг авто угаалга  ажиллуулж байгаа. Ингээд хамт ажил хийгээд гэр бүлээрээ байгаад байвал амьдрал хэвийн болох байх гэж бодож байгаа. Манай нөхөр ч зан чанар нь арай гайгүй болоод буруугаа ойлгож байгаа байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 17/,

 

“...Д.М-ын биед тархи доргилт, зүүн гарын шуу, баруун бугалганд цус хуралт, баруун далны орчмын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.М-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31/,

 

-Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55/,

-Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56/,

-Б.Б болон Д.М нарын гэрлэснийг бүртгэсэн лавлагаа /хавтаст хэргийн 57/,

-Хохирогч Д.М-ын гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 83/,

-Шүүгдэгч Б.Б-эс гаргасан “Д.М-той эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 84/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “Цуурай Цо” ХХК-ийн авто машин угаалгын газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.М-од гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт зүүн гарын шуу, баруун бугалгад цус хуралт, баруун далны орчмын зулгаралт” бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 30-31/ нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б-, хохирогч Д.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Б болон Д.М нарын гэрлэснийг бүртгэсэн лавлагаа /хавтаст хэргийн 57/ болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.М-ын гаргасан “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 83/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ