Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 492

 

2017 оны 08 сарын 30 өдөр

    Дугаар 156/ШШ2017/00492

                Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00432/И

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Банкны байр Л-60-2 тоотод оршин суух, Дамдингынхан овогт Сүхбаатарын Отгонтогоо /РД:СО94080502/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хурх захын хашаанд оршин суух, Шовгор овогт Төмөрсүхийн Ганцоож /РД:СЕ93042815/-д  холбогдох 

          “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонтогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

          Хариуцагч Т.Ганцоож нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг руу ажлаар явах тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. 

          Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Отгонтогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оны 11 дүгээр сард Т.Ганцоожтой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 02 дугаар сарын 27-нд хүү Г.Мөнх, 2016 оны 05 дугаар сарын 25-нд охин О.Ану нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Т.Ганцоож нь хамтран амьдарч эхэлсэн цагаасаа гадуур тэнэдэг байсан. Бид иймэрхүү зан харьцааны таарамжгүй байдал болон үр хүүхдээ үл хайхран олон жил сараар орхигдуулж эдийн засгийн хувьд дэмжлэггүйн улмаас хүүхдүүдийн маань асуудал маш хүнд, би өөрөө хүүхдээ асраад ажиллаж чадахгүйн улмаас санхүүгийн хүнд байдалд амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй. 2014 оноос эхлэн хүү, охин 2 маань миний асрамжинд өсч торниж байна. Иймд хүү Г.Мөнх, охин О.Ану нарын эцэг Т.Ганцоож мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагч Т.Ганцоож нь  шүүхэд гаргасан тайлбартаа: С.Отгонтогоогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие С.Отгонтогоотой 2012 онд танилцаж, хамтран амьдарсан. 2014 оны 02 дугаар сарын 27-нд хүү Г.Мөнх, 2016 оны 05 дугаар сарын 25-нд охин О.Ану нар төрсөн. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 18х/

 

             Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Отгонтогоо нь хариуцагч Т.Ганцоожоос эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч С.Отгонтогоо нь хариуцагч Т.Ганцоожтой 2012 онд танилцаж, улмаар хамтран амьдарч, эр, эмийн харьцаатай байж, тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 27-нд хүү Г.Мөнх, 2016 оны 05 дугаар сарын 25-нд охин О.Ану нар төрсөн болох нь 2301000120 дугаартай Шовгор овогт Ганцоожийн Мөнхийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, 2301000285 дугаартай Дамдингынхан овогт Отгонтогоогийн Анугийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 1х/, хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 18х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

           Хариуцагч Т.Ганцоожийн хувьд хүү Мөнх, охин Ану нарыг өөрийн хүүхэд мөн гэдгийг шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч байна.

           Хариуцагч Т. Ганцоож нь нялх балчир үр хүүхдүүддээ хайр халамж үзүүлдэггүй, анхаарал тавьдаггүй, гэр орноосоо зугтаж дайжиж явдаг байдал тодорхойлогдож байна.

         

           Иймд нэхэмжлэгч С.Отгонтогоогийн 2 хүүхдийн эцэг хариуцагч Төмөрсүхийн Ганцоож мөн болохыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Дамдингынхан овогт Сүхбаатарын Отгонтогоо /РД:СО94080502/-гийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрүүлсэн хүү Г.Мөнх /РД:СЮ14222711/, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрүүлсэн охин О.Ану /РД:СЮ16252503/ нарын эцэг нь хариуцагч Шовгор овогт Төмөрсүхийн Ганцоож /РД:СЕ93042815/ мөн болохыг тогтоосугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү Г.Мөнх, охин О.Ану нарыг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Ганцоожийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж, хүү Г.Мөнх, охин О.Ану нарыг тэжээн тэтгүүлсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч С.Отгонтогоод даалгасугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Отгонтогоогоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганцоожоос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Отгонтогоод олгосугай.

          5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР