Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/433

 

   12                

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэндэнсүрэн овогт Наранбатын Бд холбогдох эрүүгийн 2102 00000 0316 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гэндэнсүрэн овогт Наранбатын Б, /РД:./,

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой. Вагоны инженер мэргэжилтэй. Зорчигчийн вагон депод галт тэрэгний дарга ажилтай, ам бүл З эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71а-39 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь “нүүрс тээврийн вагоны дарааллыг 5-7 хоногт бүтээж, асуудлыг шийдэж өгнө ... хамгийн гол нь мөнгөө бэлнээр өгсөн байх ёстой, хувааж өгөх боломжгүй, бүрэн өгч байж 100 вагон ачааг тань тавьдаг юм...” гэж иргэн Л.Мөнхтөрийг хуурч, 1 вагоны төлбөр нь 1,000,000 төгрөг болдог гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5030486973 дугаарын дансаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөгийг буюу нийт 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 239 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Б нь.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Б нь “...нүүрс тээврийн вагоны дарааллыг 5-7 хоногт бүтээж, асуудлыг шийдэж өгнө...хамгийн гол нь мөнгөө бэлнээр өгсөн байх ёстой, хувааж өгөх боломжгүй, бүрэн өгч байж 100 вагон ачааг тань тавьдаг юм...” гэж иргэн Л.Мөнхтөрийг хуурч, 1 вагоны төлбөр нь 1,000,000 төгрөг болдог гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5030486973 дугаарын дансаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөгийг буюу нийт 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 12-16 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-хавтаст хэргийн 1-4 дүгээр тал/, Хаан банкны депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 17, 180-211 дүгээр тал/, зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 216-217 дугаар тал/, хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 227-229 дүгээр тал/, 

Хохирогч Л.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Батмөнх над руу залгаад “нөгөө вагоны асуудлыг шийдэж болох юм байна. Манай ах асуудалгүй ачуулаад өгнө гэнэ. Төлбөр нь нэг Вагоны 1,000,000 төгрөг болдог гэнэ. Мөнгөө бэлнээр аваад хүрээд ир гэхээр нь би “Одоогоор бэлэн өгөх мөнгө алга байна. Дараа вагон ачуулаад мөнгийг нь өгье” гэсэн. Тэгээд Батмөнх хэсэг хугацааны дараа эргэж залгаад “Заавал мөнгийг бэлэн авч ирж байж ачдаг гэнэ. Дараа гэж байхгүй гэнэ" гэхээр нь би ахтай нь уулзъя гэхэд ахынхаа дугаар гэж 86113611 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би тухайн дугаар руу нь залгахад “төмөр замын удирдах газрын гадаа хүрээд ир” гэсэн. Би тэгэхээр нь найз Даваадалайгийн хамт 2021 оны 08 сарын 12-ны өдрөө Төмөр-замын удирдах газрын гадаа очиход Батмөнхийн төрсөн ах Б гэж өөрийгөө танилцуулсан хүн ганцаараа ирээд машинд орж ирж суугаад “Вагоны асуудлыг шийдэж өгнө. Хамгийн гол нь мөнгөө бэлнээр өгсөн байх ёстой. Би дотогшоо ороод хүнтэй уулзаад танай компанийн нэрийг өгөөд хурдан ачуулах тухай ярина гэж хэлсэн. Би мөнгөө хувааж өгч болох уу” гэхэд “Мөнгөө хувааж өгөх боломжгүй. Заавал мөнгөө бүрэн өгч байж 100 вагонд ачааг тань тавьдаг юм” гэж хэлсэн ... ингээд би ачааны мөнгө болох 100,000,000 төгрөг бүрэн шилжүүлсэн ... Н.Б нь надад амласан вагон зохицуулах ажлыг огт хөөцөлдөөгүй бөгөөд надаас мөнгө авсан даруйдаа шууд өөрт нь “Жи” класс машин зээлээр зарсан Ган-Эрдэнэ гэдэг залуу руу шилжүүлсэн байсан ... өөрөөр хэлбэл Н.Б худалдаж авсан “жи” класс машинаа хураалгах гээд байсан тул төлбөрийг төлөх гэж л надаас 100,000,000 сая төгрөг залилж авсан...” гэх /1-р хавтаст  хэргийн 26-29, 2-р хавтаст хэргийн 152-153 дугаар  тал/,

Гэрч Н.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Вагон таньдаг хүн байгаа юм уу Л.Мөнхтөр хайгаад байна гэж хэлсэн чинь Н.Б ах 2-3 хүнтэй уулзъя гэж байсан ... Тэгээд нэг мэдсэн чинь мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан хэрүүл, уруул болсон байсан ... би бол нэхэж байгаагүй. Л.Мөнхтөр өөрөө над руу залгаад ингэж байна, тэгж байна гэж 2, 3 удаа тасалж шилжүүлсэн гэж байсан ... би мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй ...” гэх /1-р хавтаст хэргийн 39-41-р тал/,

Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эцгийнхээ амьдарч байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 68-49 тоотод байх 3 өрөө орон сууцыг 2020 онд 105,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан юм. Тэгээд би зарсан мөнгөө хадгаламждаа хийсэн байсан чинь 2020 оны 08 дугаар үед Б над руу яриад тендер авах гэж байгаа боломжийн мөнгөө өсгөх боломжтой байна аа чи 150,000,000 төгрөг гаргачих гэхээр нь би надад байгаа нь 100,000,000 төгрөг байна гээд би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Бын ХААН банкны дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхдээ надаас энэ мөнгийг Н.Б авахдаа мөнгийг чинь өсгөж өгнө тэгээд 2020 оны 12 дугаар сард буцааж өгнө гээд авсан. Тэгээд 12 cap нь болоод мөнгө байдаггүй, тэгээд он гарсан чинь ерөөсөө мөнгө төгрөг өгөхгүй болсон. Мөнгө нэхэх болгондоо худлаа хэлээд яваад байсан. Би нэг өдөр гэрийнх нь гадаа очоод уулзсан чинь ямар ч тендер байхгүй би удахгүй мөнгийг чинь өгнө би өр ширээ дарах гээд чамаас авсан юм, би мөнгийг чинь заавал буцааж өгнө гэж хэлсэн. За тэгээд ингэж явсаар байгаад 2021 оны 07 дугаар сарын үед манай найзын найз “Сүлд” авто салоны захирал нь байгаа юм тэгээд тэрнээс нэг “G” класс гэдэг машиныг 155,000,000 төгрөгөөр бодоод авчихаа чи 55,000,000 төгрөгийг нь гаргаад өгчихөө чи тэгээд наад машинаа зараад учраа олчих, би харин энэ машины эзэнтэй өөрөө учраа олно, чи эхлээд хохиролгүй бол гэсэн юм. Тэгээд би 55,000,000 төгрөгийг нь найзаа аваад хэлсэн машиныг нь өрөндөө бодож аваад найзынхаа барьж байгаа барилгад байр захиалсан байгаа тэрэндээ 155,000,000 төгрөгийн бартерт бодоод өгсөн. Ер нь бол Н.Б 100,000,000 төгрөгийг нь би өөрөө зохицуулна гээд надаас 55,000,000 төгрөг аваад би машиныг нь унаад явсан ба нэрээ шилжүүлээгүй. Гэтэл машины эзэн болохоор үлдсэн 100,000,000 төгрөгөө өгөө, үгүй бол миний машиныг буцааж өг, би чиний өгсөн 55,000,000 төгрөгөөс чинь элэгдэл хорогдлоо бодоод өгнө гэж хэлэхээр нь би Н.Б руу залгаад уурласан чинь сарын дотор хувааж хийгээд нийтдээ тэр машины эзэнд 90,000,000 төгрөг шилжүүлсэн юм байна лээ. Тэгээд би Н.Б 10,000,000 төгрөг дутуу өгсөн нэр шилжихгүй байхаар нь би бас найзаасаа 10,000,000 төгрөг зээл өгөөд тэгээд нэрээ шилжүүлээд дууссан...” /1-р хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Гэрч Ж.Даваадалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхтөр бид хоёр найз нөхдийн харилцаатай. Л.Мөнхтөр бид хоёр 2021 оныд БНХАУ руу тээврийн ажил хийхээр хоорондоо ярилцаж байсан. Би хувиараа Хятад хэлний орчуулагч хийдэг бөгөөд миний таньдаг Өвөрмонгол иргэн Сумин гэгч нь надад 2021 оны 08 сард Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс БНХАУ руу нүүрс тээвэрлүүлэх гэтэл вагон явахгүй 2 орчим сар болж байна, Төмөр замын удирдах газарт хүсэлт гаргавал шийдэгдэж магадгүй юм байна гэдэг зүйлийг надад хэлсэн. Би энэ талаар Л.Мөнхтөрд хэлж Төмөр замын удирдах газарт хүсэлт гаргах ажлыг хөөцөлдөж өгөөч гэж гуйсан юм. Ингэж ярьснаас хойш төд удалгүй Л.Мөнхтөр нь “манай нэг найзын ах нь вагон зохицуулж өгч чадна гэж байна, хоёулаа очиж уулзъя” гэсэн бөгөөд Л.Мөнхтөр бид хоёр 2021 оны 08 сарын үед Төмөр замын удирдах газрын хашаанд очиж Н.Б гэгчтэй уулзсан. Тэгэхэд Н.Бд “Чойроос Эрээн хүртэл явах 100 вагонд нүүрс ачуулах хэрэгтэй байгаа” талаараа хэлэхэд Н.Б “Надад таньдаг хүн байгаа, би энэ асуудлыг хөөцөлдөөд өгч болно. Нэг вагон 1,0 сая төгрөг, 100 вагон 100,0 сая төгрөг болно, мөнгөө урьдчилж авна” гэж хэлсэн. Н.Баас салсны дараа би Мөнхтөрд “урьдчилж мөнгө төгрөг өгнө гэвэл наад чинь худлаа юм биш үү” гэж             хэлсэн. Тэгэхэд Мөнхтөр “манай найзын ах байгаа юм аа. Гайгүй байх” гэж байсан. Тэгээд Л.Мөнхтөр өөрөө Н.Б гэгчид өөрөөсөө 100,0 сая төгрөг гаргаж өгсөн байсан. Ингэхдээ надаас 5,0 сая төгрөг зээлж байсан. Л.Мөнхтөр тухайн үед Н.Бд өөрөөсөө 100,0 сая төгрөг өгөх гэж байгаа гэдгээ надад хэлсэн. Яагаад Л.Мөнхтөр өөрөөсөө уг мөнгийг гаргах болсон бэ гэвэл уг нүүрсийг урагш ачуулчих юм бол хятад талаас зардлыг нь асуудалгүй өгнө гэсэн байсан юм...” гэх /1-р хавтаст хэрэгт 233-234 дүгээр тал/,

Гэрч Б.Юлхарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”ковид 19” цар тахалтай холбоотой 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зорчигч тээврийн гал тэрэгний үйл ажиллагааг зогсоосон юм. ...Н.Б нь нүүрс тээвэрт явах ямар ч боломж байхгүй. Нүүрс тээвэрт ачааны вагонууд явдаг ба тээвэр зохион байгуулалтын алба тусдаа хариуцаж үйл ажиллагааг нь явуулдаг...” гэх /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Гэрч Д.Төрсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд нарийн хэмжүүрийн техникч ажилтай бөгөөд энэ нь төмөр замын хамгийн доод албан тушаалын буюу засварчны ажил юм. Надад тийм вагонд нүүрс ачих эрх мэдэл юу ч байхгүй...” гэх /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

Гэрч Р.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Угаасаа би вагоны хөдөлгөөнтэй холбоотой ажил хийдэггүй болохоор надад вагонд ачаа ачуулах, вагон оочирт оруулах эрх мэдэл ч байхгүй. Тийм ч болохоор Д.Төрсайханыг асуухад нь мэдэхгүй л гэж хэлсэн байх... ” гэх /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

Гэрч Э.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Н.Б гэгчийг сайн танихгүй. 2021 оны 06 сарын сүүлээр миний танил Мөнхнайрамдал гэгч нь Н.Б, Эрдэнэбаяр гэх хоёр залууг над дээр дагуулж ирж миний зарж байсан 01-54 УНЕ улсын дугаартай “Mercedes benz G500” маркийн автомашиныг үзэж байсан. Тэгэхэд л Б гэгчтэй ганц удаа уулзсан юм. Миний ойлгосноор бол Б гэгч нь уг автомашиныг өөрийн найз Эрдэнэбаяртаа өрөндөө авч өгч байгаа гэсэн. Миний хувьд уг автомашиныг 155 сая төгрөгөөр зарах гэж байсан бөгөөд Эрдэнэбаяр гэгч нь урьдчилгаа 55,0 сая төгрөгийг өгөөд уг автомашиныг авахаар болсон. Үлдэгдэл 100,0 сая төгрөгийг нь 14 хоногийн дотор Б гэгч нь өгнө гэж тохирсон бөгөөд үлдэгдэл төлбөрөө өгсний дараа автомашины нэрийг шилжүүлэхээр тохирсон юм. Тэгээд Эрдэнэбаяр, Б нар нь автомашин авч явснаас хойш 14 хоног өнгөрсөн боловч үлдэгдэл 100,000 сая төгрөгөө төлөөгүй. Эрдэнэбаяр, Б нар руу залгахаар “удахгүй өгнө, маргааш өгнө” гэх зэргээр хойшлуулж явсаар байгаад 2020 оны 08 сард төлбөрөө төлж дуусгасан. Би шүүхийн шийдвэрт асуудалтай болохоор өөрийн ээж Жунайн Уранцэцэгийн Хаан банкны 5055763553 тоот дансыг ашигладаг бөгөөд Эрдэнэбаяр, Б нар нь уг данс руу 2021 оны 08 сарын 13-ны өдөр 55,000,000 төгрөг, 08 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 08 сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг гээд нийт 90,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нь 2021 оны 08 сарын 19-ний өдөр шилжүүлээд У.Далайжаргал гэдэг хүний нэр дээр автомашиныг шилжүүлж авсан Миний ойлгосноор Эрдэнэбаяр нь уг автомашиныг У.Далайжаргал гэдэг хүний барилгын компанитай бартер хийсэн юм байна лээ. У.Далайжаргал нь уг автомашины нэрийг шилжүүлж авсныхаа дараа “бэлэн мөнгөөр ченжид зарчихмаар байна, чи авах уу” гэж санал тавихаар нь би ойр зуурын засвар үйлчилгээний мөнгийг нь хасаад 135,0 сая төгрөгөөр эргэж худалдан авсан юм. Би шүүхийн шийдвэр дээр асуудалтай байгаа болохоор нь автомашиныг өөрийн эгч Р.Ариунаагийн нэр дээр шилжүүлж авсан юм. Одоо автомашиныг зарсан бөгөөд авсан хүн нь 00-11 УБҮ улсын дугаар тавьсан байна лээ...” /1-р хавтаст хэргийн 51 -52 дугаар тал/,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2021 оны 11 дүгээр 12-ны өдрийн 10/3544 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 75 дугаар тал/,

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03/1988 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 76 дугаар тал/,

Улаанбаатар төмөр замын статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны 15/234 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 77 дугаар тал/,

Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30/1262 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хавтаст хэргийн 79-91, 92-109 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол / 2 дугаар хавтаст хэргийн 147-149 дүгээр тал/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 154-161 дүгээр тал/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн Хаан банкны 5030486973 дугаарын данснаас Мөнхтөрийн Хаан банкны 5058539255 дугаарын данс руу нийт 12 удаагийн гүйлгээгээр 90,500,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо үлдэгдэл 9,500,000 төгрөгийг нотариатаар орж гэрээ хийн хугацаа тохирч төлж барагдуулах болно. Мөнхтөр нотариатаар орох асуудлыг хүлээн зөвшөөрсөн байгаа юм.  /2 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр тал/

шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хамт ажилладаг Эрдэнэбаяраас арилжаа, наймаа хийх зорилгоор 100,000,000 төгрөг зээлж авсан. Арилжаа маань бүтээгүй учраас Эрдэнэбаярт 100,000,0000 төгрөгийн өртэй болсон. Гэтэл дүүгийн найз Л.Мөнхтөр нүүрс тээврийн асуудал байна үүнийг зохицуулж чадах уу гэсэн. Би “Төмөр зам”-д 20 жил ажилласан учраас өөрийгөө чадна гэж бодсон. Гэтэл бүтээгүй. Мөнхтөрөөс авсан мөнгөөр Эрдэнэбаяраас авсан зээлээ дарсан гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Шүүгдэгч Н.Бын хохирогч Л.Мөнхтөрд учруулсан 100,000,000 төгрөгийн хохирол нь их хэмжээний хохиролд орж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг  тал бүрээс нь харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 / арван хоёр сая / төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй,

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэндэнсүрэн овогт Наранбатын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Наранбатын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 / арван хоёр сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД