Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 494

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

    Дугаар 156/ШШ2017/00494

                Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00435/И

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41-860 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаатарын Жавзмаа /РД:СТ910616038/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 6-4 тоотод оршин суух, Хэрээд овогт Нямжавын Амгалан /РД:СЕ92022610/-д  холбогдох 

          “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жавзмаа, хариуцагч Н.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Жавзмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2008 онд Н.Амгалантай 10 жилийн сургуульд танилцаж, үерхэж эхэлсэн юм. Бид 2009 онд хамт оюутан болж нэг гэрт амьдарч байгаад 2013 онд жирэмсэн болж хүү Ж.Маргадыг төрүүлсэн. 2015 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Банкны байранд хурим хийж нэг гэрт орсон. 2015 оны 04 дүгээр сард таарч тохирохгүй болсны улмаас салж би Улаанбаатар хотод эцэг эх дээрээ хүүгийн хамт очсон. Тэр үеэс хүү Ж.Маргад миний асрамжинд өсөж торнисон. Бид хоёр хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон. Салаад эвлэрэх гээд би ирсэн чинь намайг үл тоосон. Тэгээд би буцаад явсан. Түүнээс хойш хүүхдээ ерөөсөө асууж байгаагүй. Хүүхэд аавыгаа бараг танихгүй шахуу. Дахиж уулзуулна гэвэл хэрэггүй гэж бодож байна. Одоо тусдаа 2 жил гаруй болсон. Цаашдаа  тус тусдаа гэр бүлтэй болвол хүүхэд аавруугаа явах эсвэл ээж рүүгээ гээд хэн хэндээ хэцүү, цаг зав зарцуулж чадахгүй болчих вий гэхээс айж байна. Хүүхдийн сэтгэл санаанд өөрчлалт орох вий гэхээс айж байна. Тиймээс дахиж уулзуулахгүй баймаар байна. Иймд Ж.Маргадын эцэг Н.Амгалан мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. /хх-ийн 1х/

Хариуцагч Н.Амгалан нь  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жавзмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тусдаа амьдрах болсноос хойш намайг хүү Маргадтай ердөө уулзуулдаггүй ба хүүтэйгээ уулзъя гэхэд боломжгүй, эсвэл хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг болон утасны дугаараа байнга нуудаг. Миний хүүхдээ асран хамгаалах болон эцэг байх эрх, үүргийг хясан боогдуулдаг тул шүүхийн шийдвэрт үр хүүхэдтэйгээ уулзуулах боломжийг тусгаж өгөхийг хүсье. Б.Жавзмаа нь хүүхдийгээ асуудаггүй гэж байна. Анх хүүхэдтэйгээ уулзах гэхээр хаягийг нь мэддэггүй байсан. Найз нөхдөөс нь асуухаар хэлж өгдөггүй. Өөрөөс нь асуух гэхээр утасны дугаарыг нь мэдэхгүй. Өөрөө надаас зугтдаг байсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь даргаас 5 хоногийн чөлөө аваад явж байсан. Тэгэхэд хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. Би салснаасаа хойш ердөө уулзаж байгаагүй. Араас нь асууж сураглаж байж ганц хоёр удаа л уулзсан. Би найздаа бензин тос хийгээд хүртэл очиж байсан гэжээ. /хх-ийн 16х/

 

             Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Жавзмаа нь хариуцагч Н.Амгалангаас эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч Б.Жавзмаа нь хариуцагч Н.Амгалантай 2008 онд танилцаж, 2009 оноос хамтран амьдарч, эр эмийн харьцаатай байж, тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Ж.Маргад төрсөн болох нь №0000895888/381 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 1х/, хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 16х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

          Хариуцагч Н.Амгалангийн хувьд хүү Маргадыг өөрийн хүү мөн гэдгийг шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч байна.

          Зохигчид нь 2015 оноос үзэл бодлын зөрүү, хоорондын таарамжгүй харьцаанаас шалтгаалан салж хөндийрөн Б. Жавзмаа нь Улаанбаатар хотод, Н. Амгалан нь Хэнтий аймагт тус тус ажиллаж амьдрах болсон байна. Одоогоор тэд гэр бүл болон цаашид амьдран суух хүсэл сонирхолгүй байна.

         Иймд нэхэмжлэгч Б.Жавзмааг хариуцагч Н.Амгалантай эр эмийн харьцаатай байж, хамтран амьдарч байсан үедээ буюу 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн хүү Маргадын эцэг нь хариуцагч Н.Амгалан мөн байна гэж шүүх дүгнэлээ.

         Нэхэмжлэгч Б.Жавзмаагийн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Амгалангаас Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Батбаатарын Жавзмаа /РД:СТ910616038/-гийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн хүү Маргад /РД:СЮ13280554/-ын эцэг нь хариуцагч Хэрээд овогт Нямжавын Амгалан /РД:СЕ92022610/ мөн болохыг тогтоосугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү Ж.Маргадыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Амгалангийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, хүү Ж.Маргадыг тэжээн тэтгүүлсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Жавзмаад анхааруулсугай.

          4. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийг эцэгтэй нь хэн алиных нь хүссэн үед уулзуулж байхыг нэхэмжлэгч Б.Жавзмаад даалгасугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Жавзмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Амгалангаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Жавзмаад олгосугай.

         6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР