Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/365

 

 

 

 

 

   2022          04          20                                  2022/ШЦТ/365

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ж.Д,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан эрүүгийн 2211000000613 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Охтореншөбү овогт Ж.Д

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 4 сар баривчлах ялаар шийтгэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж өршөөсөн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ж.Д 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 48-779 тоотод хохирогч Х.Гтай маргалдаж улмаар түүнийг зодож биед баруун чихний дэлбээ, дух, цох, хамрын уг, зүүн нүдний дээд доод зовхи, хоёр нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацар, зүүн эрүүнд зулгаралт, зүүн шууны ар дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүдийг учруулан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

                - хохирогч Х.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 48-779 тоотод хүргэн Д, дуу Гүнчимэгийн хамт ажиллаа тараад ирсэн. Тухайн үед манай хүргэний найзууд гэрт ирэхээр утсаар ярьж байсан. Тэгээд бид байшиндаа ирээд байж байхад хүргэний найзууд болох Цэнд-Очир, Заяа, Тэгшбаяр гэх хүмүүс ирээд 0,75 литрийн Аура нэртэй 3 шил архийг бүгд буюу хүргэн, хүргэний найзууд, миний төрсөн дүү Гүнчимэг бид хамтдаа уг архийг ууж дуусгасан. Тэгээд хоёр найз болох Заяа, Тэгшбаяр явахаар болсон чинь хүргэн Д уг найзуудыгаа явуулахгүй эсвэл би хамт явна гэж миний төрсөн дүү болох Гүнчимэг буюу эхнэртэйгээ хэрэлдсэн тэгээд хүргэн гарж явчхаад эргэж орж ирэхдээ ганцаараа орж ирээд эхнэр лүүгээ үг хэлээд алгадах шиг болсон. Тухайн үед би хүүхдийг нь тэврээд газар хэвтэж байсан болохоор юу болсныг анзаараагүй юм. Тэгээд би хүргэнийг “чи яаж байгаа юм бэ? Пизда чинь” гэхэд хүргэн над руу ирээд ”чамд ямар хамаатай юм бэ” гээд гүйж ирээд намайг өшиглөж унагаасан. Тэгээд би хүүхэд тэвэрч байсан болохоор босож чадаагүй тэгтэл хүргэн босохын хооронд ширээн дээр байсан шаазан аягыг аваад миний толгой руу уг аягыг хагартал цохисон. Тэгээд миний уур хүрээд тэвэрч байсан охиныг том охинд өгөөд тэгээд би хүргэнийг “зайлаа чи” гэхэд намайг “чи өөрөө зайл” гэхээр нь би “за явлаа” гэж хэлээд хувцсаа аваад гарах гэсэн чинь учир зүггүй хүргэн намайг барьж аваад зодсон. Би өөдөөс нь юу ч хэлээгүй нүүрээ дараад газар хэвтсэн. Сүүлдээ би тэсэхээ байгаад хүргэнийг өөдөөс нь 2 удаа жийсэн. ...Хүргэн Д миний тохой дээр аяга хагалсан, миний зүүн гарын тохойг зүссэн мөн зүүн нүд рүү өшиглөсөн. Миний биед учирсан бүх гэмтлийг хүргэн Д учруулсан. Цэнд-Очир зодооныг салгахаар хажууд байсан тэрнээс миний биед халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тухайн өдөр Тэгшбаяр 15 цагийн орчимд над руу гар утсаар залгаж орой Д гэх найзынд бөөнөөрөө очих болсон. Тэгээд орой 21 цагийн орчимд Тэгшбаяр болон түүний эхнэр Заяагийн хамтаар дэлгүүрээс “Агура” гэх нэртэй 0,75 литрийн архи аваад гэрт нь очсон. Гэрт нь очих үед Д эхнэр Гүнчимэг, ах Гын хамтаар байсан мөн бага насны хоёр охин нь байсан. Авч очсон архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж дуустал Д болон Г нар 2 шил архи гаргасан. Тэдгээр архийг ууж дуусаад манай хоёр найз болох Тэгшбаяр, Заяа хоёр харихаар гэр лүүгээ явсан ба Д гэрээс гаргаж өгсөн. Дыг гаднаас гэрт орж ирэх үед түүний эхнэр Гүнчимэг үлдсэн архийг хундагалж байсан ба тэрийг харсан Д эмэгтэй хүн байж архи хундагаллаа гэж уурласан. Гэтэл тэр үед хүргэн ах нь болон Г Дыг чи зайл гэж хэлтэл Д манай гэрээс чи намайг хөөдөг юм гэж хэлээд дөхөж очоод толгойны ар хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан. Гэтэл Г чи яаж байгаа юм гэж хэлээд газраас босоод тэр хоёр бие биенээсээ зууралдаж аваад бие биенийгээ цохисон юм. Мөн Д ширээний дээр байсан шаазан аягыг аваад Гын толгой хэсэг рүү шидтэл тухайн аяга хагарч бударч унасан. Мөн үргэлжлүүлэн хэрүүл маргаан хийж бие биенээсээ зуурсаар байсан. Тэр үед би голоор орж тэр хоёрыг салгах гэж оролдсон ба дийлдэхгүй байсан. Г, Д нараас өөр хоорондоо маргалдаж, муудалцсан хүн байхгүй ба Гын биед Даас өөр хүрсэн хүн байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Х.Гыг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 4068 дугаартай шинжээчийн "Х.Гын биед баруун чихний дэлбээ, дух, цох, хамрын уг, зүүн нүдний дээд доод зовхи, хоёр нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацар, зүүн эрүүнд зулгаралт, зүүн шууны ар дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хавтаст хэргийн 20 дугаар тал/ гэх дүгнэлтээр хохирогч Х.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 48-779 тоотод хохирогч Х.Гтай маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодод нь баруун чихний дэлбээ, дух, цох, хамрын уг, зүүн нүдний дээд доод зовхи, хоёр нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацар, зүүн эрүүнд зулгаралт, зүүн шууны ар дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 48-779 тоотод  хохирогч Х.Гтай ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Ж.Дт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Х.Гын: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Ж.Дыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Охтореншөбү овогт Ж.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ж.Дыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ