| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00504/И |
| Дугаар | 496 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 496
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 156/ШШ2017/00496 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00504/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-12-29 тоотод оршин суух, Боржигин овогт Цэдэндоржийн Бямбасүрэн /РД:СЖ57062573/-гийн нэхэмжлэлтэй
“ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хилийн цэргийн 0168 дугаар ангид Хэнтий аймгаас татагдаж 1976 оноос 1979 он хүртэл алба хаасан. НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын даргын 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 532 дугаар тушаалаар цэрэгт татагдан алба хаагаад НАХЯ-ны сайдын 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 389 дугаартай тушаалаар халагдсан бөгөөд миний халагдсан он, сар тушаал таарч байгаа боловч миний овгийг Цэрэндоржийн Бямбасүрэн гэсэн овгийн үсэг ташаарсан лавлагаа ирсэн байна. Иймд 1976 оноос 1979 он хүртэл бие хилийн цэргийн 0168 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү. Мөн 1972 оноос 1975 он хүртэл, 1980 оноос 1984 он хүртэл Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчин, барилга угсралтын конторт ажиллаж байсан үеийн архивын лавлагаа гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бямбасүрэн нь 1976 оноос 1979 онд Хилийн цэргийн 0168 дугаар ангид цэргийн алба хаасан. Энэ хугацаанд Цэдэндорж овогтой байтал Цэрэндорж овогтой лавлагаа гарсан. Төрсөн ахынх нь төрөлтийн гэрчилгээ, бүртгэлээс лавлагаа авсан. Хэнтий аймгийн Барилга конторын Барилга материалын үйлдвэрт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын туслах ажилчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, тууварчин, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигин овогт Цэдэндоржийн Бямбасүрэн нь Хэнтий аймгийн Барилга конторын Барилга материалын үйлдвэрт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, тууварчин, худгийн моторчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигин овогт Цэдэндоржийн Бямбасүрэн нь Хэнтий аймгийн Барилга конторын Барилга материалын үйлдвэрт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын туслах ажилчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, тууварчин, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 205 дугаартай цалингийн түүврийн хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Барилга конторын захиргааны 1972 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-11х/, Хэнтий аймаг дахь Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн даргын 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай хуулбар /хх-ийн 12х/, Хэнтий аймаг дахь Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн даргын 1974 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай хуулбар /хх-ийн 13х/, Хэнтий аймаг дахь Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн даргын 1975 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай хуулбар /хх-ийн 14х/, Хэнтий аймаг дахь Барилга конторын барилгын материалын үйлдвэрийн даргын 1976 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаартай хуулбар /хх-ийн 15-17х/, гэрч С.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 31х/, гэрч Р.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 33х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Бямбасүрэн нь 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд Хилийн цэргийн 0168 дугаар ангид Хэнтий аймгаас цэргийн албанд татагдаж Цэрэндоржийн Бямбасүрэн, Цэрэндоржийн Бямбацэдэн зэргээр овог нэр нь ташаарагдаж цэргийн алба хаасан хүн нь нэхэмжлэгч Боржигин овогт Цэдэндоржийн Бямбасүрэн мөн болох нь /Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа хх-ийн 4-6х/ тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Цэдэндоржийн Бямбасүрэн /РД:СЖ57062573/-г Хэнтий аймгийн Барилга конторын Барилга материалын үйлдвэрт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын туслах ажилчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, тууварчин, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд Хилийн цэргийн 0168 дугаар ангид Хэнтий аймгаас цэргийн албанд татагдаж Цэрэндоржийн Бямбасүрэн, Цэрэндоржийн Бямбацэдэн зэргээр овог нэр нь ташаарагдаж цэргийн алба хаасан хүн нь нэхэмжлэгч Боржигин овогт Цэдэндоржийн Бямбасүрэн мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР