Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2054

 

К М н ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02209 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К М н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Г, Г.У, Б.Ц нарт холбогдох

 

Орон сууцны эрчим хүчний төлбөр, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулсны төлбөрт Б.Ц 1 836 545 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Б.Ц оршин суугчидтай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүй төлсөн 496 499 төгрөг түүнд ногдох алданги 41 974 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Орон сууцны эрчим хүчний төлбөр, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулсны төлбөрт Х.Г 4 106 345 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Х.Г 556 647 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй,

 Г.У 2 517 997 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Г.У оршин суугчидтай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүй төлөгдсөн 452 695 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Г.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Х.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, Х.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагч Г.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов. 

 

Нэхэмжлэгч К М нэтворк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Улаанбаатар дулааны сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газартай тус тус гэрээ байгуулан түүний үндсэн дээр Монгол хотхоны 66 С байрны ашиглалт, үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцан явуулж, оршин суугч айл, өрх бүртэй гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл тус байрны Б.Ц, X.Г, Г.У нар сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг төлөхгүй хүндрэл учруулж байна.

Хариуцагч Б.Ц 39.61 м.кв талбай бүхий орон сууц өмчилж, эзэмшиж байгаа бөгөөд 2013 оны 12-р сараас 2017 оны 2-р сар дуустал хугацаанд сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбооны ашиглалтын төлбөрийг төлөөгүй байгаа учир  төлбөр, алдангид нийт 1 836 545 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч Х.Г 100.67 м.кв талбай бүхий орон сууц өмчилж, эзэмшиж байгаа бөгөөд 2014 оны 1-р сараас 2017 оны 2-р сар дуустал хугацаанд сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбооны ашиглалтын төлбөрийг төлөөгүй тул  төлбөр, алдангид нийт 4 106 345 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч Г.У нь 39.61 м.кв талбай бүхий орон сууц өмчилж, эзэмшиж байгаа бөгөөд 2013 оны 11-р сараас 2017 оны 2-р сар дуустал хугацаанд сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбооны ашиглалтын төлбөрийг төлөөгүй тул  төлбөр, алдангид нийт 2 517 997 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч нарын оршин суудаг Монгол хотхоны 66С байрны Монгол хотхон СӨХ нь 2015 оны 8 дугаар сард байгуулагдан одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд СӨХ-ны төлбөр болон орон сууц ашиглалтын конторын төлбөр тусдаа учир манай нэхэмжлэлд хамаарахгүй. Манай зүгээс хариуцагч Б.Ц 981 409 төгрөг, Х.Г 1 137 171 төгрөг, Б.У 1 774 497 төгрөгийн төлбөрийг тус тус хүлээн зөвшөөрч төлсөн тохиолдолд үлдэгдэл анзаас чөлөөлж болно гэдгийг тайлбарлаж байсан ч эдгээр хүмүүс зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 16-р хороон дахь Монгол хотхоны 66С байр 2012 оны 12 сард ашиглалтад орж, Өгөөмөр Монгол ХХК-ийн барилга ашиглалтад оруулахын өмнөх орон сууцны түр контор болох OHEA ХХК нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулсан бөгөөд орон сууцны оршин суугчид Цэгц СӨХ-г хуулийн дагуу байгуулаад холбогдох баримт бичгүүдийн шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан.

Гэтэл OHEA ХХК үндэслэлгүй татгалзаж улмаар тус компани болон оршин суугчдын хооронд маргаан үүсэж, Захиргааны хэргийн шүүх хүртэл үргэлжилсэн. Бодит байдал дээр орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан Өгөөмөр Монгол ХХК-тай шууд эрх ашиг нэгдмэл хүмүүс OHEA ХХК-ийг байгуулаад орон сууцны ашиглалтын болон СӨХ-ны зардлыг нэгдмэл байдлаар оршин суугчдаас авч хууль тогтоомж зөрчих үйл ажиллагааг эхлэн явуулсан, хожим нь OHEA ХХК нэрээ өөрчилж одоо нэхэмжлэл гаргаад байгаа К М н ХХК болсон. Б.Ц нь 2012 оны 12 сараас 2013 оны 12 сар хүртэл байрны мөнгөө төлсөн. Үүнээс хойш хууль бус гэрээний дагуу төлөх ёсгүй гэж үзсэн. Учир нь OHEA ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, СӨХ-д хамааралгүй мөнгө нэхэмжилдэг, хэрэглээний төлбөр нэхэмжлэхдээ ямар тоолуурын ямар заалтыг үндэслэдэг нь тодорхой бус байдаг зэрэг хууль бус үйлдэл хийдэг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь OHEA ХХК-ийн хууль бус гэрээг үндэслэн айл өрхөөс төлбөр нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ 2 байгууллагын алинтай нь ч хуулийн дагуу гэрээ байгуулаагүй. Тус байрны оршин суугчдын хурлаас Цэгц СӨХ байгуулж, 66 С байрны 22, 47, 103, 105 зэрэг тоот болон олон айл өрхүүд удирдах зөвлөлд сонгогдон одоог хүртэл төрийн холбогдох бүх шатны байгууллагад хандан дээрх хууль бус үйлдэлтэй тэмцсээр байна. Иймд гэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Г 2011 оны 12 сарын 21-нд Өгөөмөр монгол ХХК-д 45 сая төгрөгийн урдчилгаа төлж 54.54 м.кв, 46.15 м.кв талбай бүхий 2 өрөө, хоёр орон сууц тус тус худалдан авах захиалгын гэрээ байгуулсан бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн тул 2012 оны 12 сарын 07-нд байрандаа ороход угсралт, дотоод засал муу хийгдсэн, албан ёсны Орон сууцны конторын болон СӨХ-ны эрхгүй атлаа СӨХ-ны мөнгө төлөхийг шаардах, оршин суугчдаас харилцан адилгүй мөнгө нэхэмжлэх, цэвэр, бохир усны төлбөрийг мэргэжлийн бус хүн бичих, орон сууц ашиглалтанд орсны дараах засвар үйлгээний санал, гомдол хүлээн авахгүйгээр үл барам бүдүүлгээр харааж, доромжлох, заналхийлэх, дайрч давшлах зэрэг байдлаас үүдэн оршин суугчдын хооронд маргаан үүссэн бөгөөд оршин суугчид бүх гишүүдийн хурлаа удаа дараа хийж 66 С байрны оршин суугчдын төлөөлөлөөс бүрдсэн Цэгц СӨХ 2013 оны 10 сарын 13-нд байгуулагдаж, албан ёсны эрхээ авсан тул 2013 оны 10 сарын 13-наас дээрх компаниуд нь ямар нэгэн төлбөр тооцоо нэхэмжлэх эрхгүй болно.

OHEA ХХК нь орон сууцны конторын үйл ажиллагаа явуулах эрхийг хуурамчаар гаргуулж хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж оршин суугчдыг хохироосоор байсан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 12 сарын 25-ны өдрийн 77 тоот тогтоолоор OHEA ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн оршин суугчдын халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг ямар нэгэн нэхэмжлэл, тоолуурын заалтгүйгээр өөрийн үзэмжээр гаргаж, дээр нь СӨХ-ны төлбөр гэх хууль бус мөнгөн төлбөрийг Төрийн банкинд байрших өөрийн компаний дансанд заавал тушаах шаардлага тавьсанаас үүдэлтэй орон сууцны төлбөрөө төлөх боломжгүй өнөөдрийг хүртэл хохирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.У нь 66 С байранд 2012 оны 12 сард ороход барилга ашиглалтын түр контор буюу OHEA ХХК нь байрны түлхүүр хүлээлцэхдээ айл өрхтэй хууль бус, гэрээний шаардлага хангахгүй, тамга тэмдэггүй гэрээнд хүчээр гарын үсэг зуруулж, түлхүүр хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэхэд одоо түр зурчих, дахин шинэчилж албан ёсоор гэрээ хийнэ гэж хэлээд одоо болтол гэрээгээ шинэчилж хийгээгүй. Бидний хувьд К М н ХХК-тай байгуулсан ямар ч гэрээ байхгүй. Мөн айл өрхөөс ус, дулаан, халаалт, ус халаасны мөнгийг тогтсон тарифын дагуу авдаггүй cap бүр харилцан адилгүй өөр өөр гардаг. Орон сууц ашиглалтанд орсны дapaax засвар үйлчилгээний доголдлыг засч өгөөгүй, санал гомдлыг хүлээн аваагүй, тоолуурын заалтыг cap бүр тогтмол авахгүйгээр бичилт хийж төлбөр гаргадаг. Барилга ашиглалтад өгөхийн өмнөх түр контор /OHEA/ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талаар Хот суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хууль бус үйл ажиллагаагаа явуулж оршин суугчдыг хохироосоор байсан тул тус зөвлөл 2014 оны 12 сарын 25-ны өдрийн 77 тоот тогтоолоор OHEA ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон учир тус компани нэг өрхөөс ямар нэгэн төлбөр тооцоо нэхэмжлэх эрхгүй. Монгол хотхоны 66С байранд үйл ажиллагаа явуулж буй К М н ХХК нь 2015 оны 1-р улиралд албан ёсны эрхээ авсан гэдэг боловч Цэгц СӨХ болон тус байрны айл өрхтэй гэрээ хийхгүйгээр OHEA ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: OHEA ХХК нь оршин суугчид СӨХ байгуулаагүй байхад СӨХ нэрээр оршин суугчдаас хууль бусаар байрны төлбөрийг хурааж байсан бөгөөд ийнхүү хураахдаа СӨХ, суурь үнэ, ямар ч зориулалт заагаагүй төлбөр гэх мэтээр хэрэглэгчдээс cap бүр 36 000-39 000 төгрөг авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 12 сарын 10-ны өдрийн 40 тоот Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль, орон сууц захиалгаар бариулах гэрээгээ зөрчсөн, оршин суугчийг төөрөгдүүлэн хийсэн хууль бус үйлдэл гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасны дагуу Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2013 оны 1 сараас 11 сар дуустал хугацаанд К М н ХХК-д хууль бус буюу үндэслэлгүйгээр төлсөн 496 499 төгрөг түүнд ногдох алданги 88 473 төгрөг бүгд 538 473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Г 2012 онд 66с байрны **тоот байрыг Өгөөмөр Монгол ХХК-иас худалдан авсан ба байрандаа нүүж орох үед OHEA ХХК-ийн нягтлан Марусяа нь хамтран ажиллах гэрээ гэх ямар ч тамга тэмдэггүй цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед СӨХ байгуулагдаагүй, ашиглалтанд орсон эхний ээлжийн барилгаас оршин суугчдаа оруулж эхэлж байсан болно. OHEA ХХК нь СӨХ-ийн нэрээр оршин суугчдаас хууль бусаар мөнгө авч, айл өрхөөс байгууллагын тарифаар тооцож ус, дулааны төлбөр авч байсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд Х.Г 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар дуустал хугацаанд үндэслэлгүйгээр төлсөн 556 647 төгрөгийг К М н ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.У төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.У нь 2012 онд 66 С байрны *** тоот орон сууцыг Өгөөмөр Монгол ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд орон сууц ашиглалтанд оруулж түр хүлээлгэн өгөхдөө Өгөөмөр Монгол ХХК-ийн охин компани OHEA ХХК-ийн нягтлан гэх н.Маруся нь хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зур, зурахгүй бол түлхүүрийг өгөхгүй хэмээн тулган шаардаж, ямар ч тамга тэмдэггүй, дарга гэсэн нэртэй цаасан дээр гарын үсэг зуруулж авсан.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасны дагуу 2012 оны 12 сарын 10-ны өдрийн 40 тоот Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар дуустал үндэслэлгүйгээр K М н ХХК-д төлсөн 452 695 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхон 66С байрны оршин суугч Б.Ц, Х.Г, Г.У нарын мөнгө гаргуулах сөрөг шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэд сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтээ төлсөн мөнгө. Эрчим хүчний зохицуулах хороотой гэрээ байгуулаагүй гэж байна. 10 гкл/ц-аас дээшгүй хүчин чадалтай хуулийн этгээдтэй зохицуулах хороо гэрээ байгуулдаггүй бөгөөд бид шууд эрчим хүч үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан ажилладаг. Оршин суугч айл бүрт орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг бичихдээ 2014 оны 11 сараас хойш ашиглалтын зардал болон СӨХ-ны зардал тус тусдаа бичигдэж байгаа. Түүнээс өмнө СӨХ байгуулагдаагүй байхад хамт авч байсан нь үнэн боловч орон сууцны дундын өмчлөлийн зүйл тухайлбал, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, орц, лифтны бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалт гээд бүгдийг манай компани хариуцдаг байсан.

Ямар ч тохиолдолд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар нийтийн орон сууцанд оршин суугчаас үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг зохих журмыг дагуу төлөх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд оршин суугч нартай гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дүгээр зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Ц 981 409 төгрөг, Х.Г 1 137 171 төгрөг, Г.У 1 774 497 төгрөг тус тус гаргуулж, К М н ХХК-д олгож, нэхэмжлэлийн Б.Ц холбогдох хэсгээс 855 136 төгрөг, Х.Г холбогдох хэсгээс 2 969 174 төгрөг, Г.У холбогдох хэсгээс 743 500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Ц, Г.У нартай байгуулсан оршин суугчидтай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Б.Ц 538 473 төгрөг, Х.Г 556 647 төгрөг, Г.У 452 695 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, К М н ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220 000 төгрөг, Б.Ц төлсөн 18 700 төгрөг, Х.Г төлсөн 17 350 төгрөг, Г.У төлсөн 16 000 төгрөгийг тус тус улс-орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Б.Ц 28 103 төгрөг, Х.Г 31 842 төгрөг, Г.У 43 341 төгрөг тус тус гаргуулан К М н ХХК-д олгож, К М н ХХК-иас 34 682 төгрөг гаргуулан 14 150 төгрөгийг Б.Ц, 20 532 төгрөгийг Г.У тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь СӨХ-ны дарга Маруся гэгчийн үйлдсэн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж шийдвэр гаргасан атал тусгай зөвшөөрөл, төлбөр тооцоо нэхэмжлэх эрхгүй этгээдэд дулаан, цэвэр бохир усны төлбөрийг хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 147.1 дэх заалт нь" ...халаалт, халуун цэвэр ус, бохир ус хэрэглэсний төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөхөөр зохицуулсан зохицуулалтанд үл нийцэж байна. К м н ХХК /ОНЕА/ нь хууль бусаар хөрөнгөжих зорилгоор оршин суугчдыг санаатайгаар төөрөгдүүлэн, хууран мэхлэж, дарамтлаж оршин суугчдыг хохироосоор ирсэн бөгөөд СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа дулаан, цэвэр бохир усны төлбөрийг СӨХ-ны төлбөртэй заавал хамт ОНЕА ХХК-ийн дансанд төлөх шаардлага тавьж cap бүрийн төлбөрийг төлөх боломж олгоогүй. ОНЕА ХХК нь СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах, төлбөр тооцоо нэхэмжлэх эрхгүй нь нотлогдсон байтал хариуцагч нарын СӨХ-д төлсөн төлбөрөө сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэнийг хангаагүй. Хариуцагч нар нь мэргэжлийн байгууллагын шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргаж дулаан, цэвэр, бохир усны тооцоололд дүгнэлт гаргуулсан боловч 3 шинжээчийн дүн, Комфорт монгол нетворк" ХХК-ны шүүхэд нэхэмжилсэн дүн тус бүр зөрүүтэй байхад анхан шатны шүүх аль нь зөв болох нь нотлогдоогүй дүнгээс төлбөр тооцож шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдпвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Г.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.У, Б.Ц, X.Г нар нь "Өгөөмөр Монгол" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан, Монгол хотхоны 66С байрнаас орон сууц худалдан авах гэрээгээр байр худалдан авч уг байрандаа нүүж орохоор ирэхэд ОНЕА ХХК-ийн ажилтан С.Марусяа нь "Оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ" гэх цаасан дээр гарын үсэг зүр, зурахгүй бол түлхүүрийг чинь өгөхгүй хэмээн дарамт, шахалт үзүүлж гарын үсэг зуруулж, өөрөө СӨХ-ийн дарга гэж тус тус гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед хариуцагч нар нь СӨХ-тэй гэрээ байгуулж байна хэмээн ойлгосон ба нөгөө талаар байрандаа орохын тулд гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Гэтэл огт СӨХ байгуулаагүй, конторын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байж оршин суугчдаас байрны мөнгө болон СӨХ-ийн төлбөр тооцоог авч байсан нь хууль бус үйлдэл байсныг хожим мэдээд холбогдох байгууллагуудад хандаж тэдгээр байгууллагуудаас "К М н" ХХК-ийг хууль бусаар мөнгө хурааж оршин суугчдыг хохироож байгаа талаар удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт "... халаалт, дулаан, цэвэр, бохир ус зэргийг эрх бүхий байгууллагад" төлөхөөр зохицуулсан байтал шүүхээс тусгай зөвшөөрөлгүй, оршин суугчидтай гэрээ байгуулаагүй компанид дээрх зардлыг төлүүлэхээр мөн оршин суугчтай хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн атлаа уг хэлцлийн улмаас төлүүлсэн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол хотхон барьж эхлэх үед буюу 2011 онд "ОХЭ" ХХК (ОНЕА) нь 3 жилийн хугацаатай нийтийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл авсан хэдий ч 2014 оны 7 дугаар сард хугацаа нь дууссан бөгөөд уг зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй ба дээрхи гэрээг гаргуулахаар хариуцагч нар хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй нь үнэнд нийцээгүй, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрүүлсэн. Энэхүү зөвшөөрөл нь тухайн барилгыг барьж ашиглалтад оруулахад зориулсан ус болон дулааны зөвшөөрөл бөгөөд үнэ тариф нь аж ахуйн нэгжийн тарифаар бодогддог юм. Гэтэл барилгын компани нь байраа улсын коммист хүлээлгэн өгсний дараа ус дулаанаа орон сууцны конторт хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч "Өгөөмөр монгол" ХХК болон "ОХЭ" ХХК нь конторт хүлээлгэн өгөлгүйгээр хууль бусаар конторын үйл ажиллагааг эрхэлж айл өрхөөс аж ахуйн нэгжийн үнэ тарифаар тооцож байрны мөнгө, СӨХ-ны төлбөр авсаар ирсэн ба 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дууссан компанийн нэрээр байрны мөнгө авсан байдаг бөгөөд энэ хугацааны мөнгийг хариуцагч нараас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн шинжээчийн зөрүүтэй, ойлгомжгүй гаргасан дүгнэлтүүдийг нэхэмжлэлийн шаардлагаас багагүй гэж хийсвэрээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг  зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч К М н ХХК нь орон сууцны эрчим хүчний төлбөр, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулсны төлбөрт Х.Ганцогоос 4 106 345 төгрөг, хариуцагч Г.У 2 517 997 төгрөг, хариуцагч Б.Ц 1 836 545 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэлээ нэхэмжлэгчийг эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөлгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дах хэсэгт зааснаар оршин суугчдын дундаас байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоотой албан ёсны гэрээгүйгээр төлбөр, анз шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдөөс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг төлүүлэхээр шаардахын тулд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын саналыг авч гэрээ байгуулах, түүнчлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт зааснаар засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний оролцогч байх ёстой юм. Нэхэмжлэгч байгууллагад хууль болон гэрээгээр Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тогтоож, сууц өмчлөгчдөөс хуваан авах эрхийг олгоогүй боловч хариуцагч нар нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус зэрэг ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч компани нь дээрх зардлыг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нараас уг зардлыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул буруутгах боломжгүй юм.

 

Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах, уг байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо нь мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллах нь хуулиар тогтоосон журам бөгөөд уг журмыг хэрэгжүүлэх эрх нь оршин суугчдын байгуулсан сууц өмчлөгчдийн холбоонд хуулиар нээлттэй юм. 

 

Харин сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй байна. 

 

Хэрэгт авагдсан оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ нь Маруся гэгч иргэний  байгуулсан гэрээ байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэгэнт анхан шатны шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгч компанийн сууц өмчлөгчөөс үндэслэлгүй хурааж авсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчид хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж буцаан шаардаж буй нөхцөлд уг сөрөг нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэх нөхцөл байдал, ийнхүү шилжүүлсэн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байсан гэдгийг тус тус нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч нар нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардал болон хэрэглэсэн дулаан, эрчим хүчний төлбөр зэргийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй боловч ямар үйлчилгээнд хэдэн төгрөгийг ямар аргачлал, тарифаар төлж байгаа буюу төлбөрийн зориулалт тодорхой байх ёстой юм. Гэтэл хариуцагч нарын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт болох орон сууцны төлбөрт төлсөн баримтаас үзэхэд “суурь үнэ” 15 000 төгрөг, “СӨХ-ны төлбөр” 15 000 төгрөг зэрэг зардлыг хураажээ. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны сууц өмчлөгчдөөс Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр шаардах эрхтэй этгээд биш тул хариуцагч нараас сар бүрийн 30 000 төгрөгийн төлбөрийг хураан авахыг хууль, гэрээнд заасан үндэслэлтэй байсан гэж үзэх боломжгүй. Харин хариуцагч нараас нэхэмжлэгчид төлсөн төлбөрүүдийн бусад хэсэг өөрсдийнх нь ашиглалтын зардалтай холбоотой байх тул үндэслэлгүй төлөгдсөн гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч Г.У нь 2013 оны 1-10 сарын төлбөрт илүү шилжүүлсэн 300 000 төгрөг /1-р хх-61-66/, хариуцагч Х.Г нь 2012 оны 12 сараас 2013 оны 6  сар хүртэл 7 сарын төлбөрт илүү шилжүүлсэн 210 000 төгрөг /3-р хх-63-65/, хариуцагч Б.Ц нь 2013 оны 1-11 сарын төлбөрт илүү шилжүүлсэн 330 000 төгрөг /4-р хх-47-51/-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “К М н“ ХХК-ийн нэрийг “К М н” гэж буруу бичиж, тогтоох хэсгийн дугаарлалтыг давхцуулсан техник алдаа гаргасныг зөвтгөж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02209 дугаар шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Ц, Г.У нартай байгуулсан оршин суугчидтай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч К М н ХХК-иас нийт 840 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Г 300 000 төгрөг, хариуцагч Г.У 210 000 төгрөг, хариуцагч Б.Ц 330 000 төгрөгийг тус тус олгож, хариуцагч Х.Г 256 647 төгрөг, хариуцагч Г.У 242 695, хариуцагч Б.Ц 208 473 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн заалтын “2” гэж дугаарлагдсаныг “3” гэж дугаарлан, уг заалтад “олгож” гэсний дараа “К М н” ХХК-иас нийт 27 150 төгрөгийг гаргуулан, Х.Г 9 650 төгрөг, Г.У 6 950 төгрөг, Б.Ц 10 550 төгрөгийг тус тус олгосугай” гэж,

“3” гэж дугаарласныг “4” гэж, “4” гэж дугаарласныг “5” гэж, “5” гэж дугаарласныг “6” гэж дугаарлан, шийдвэрт бичигдсэн “К М Н” ХХК гэснийг “К М Н” ХХК гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Х.Г 70 200 төгрөг, хариуцагч Г.Ц 28 104 төгрөг, хариуцагч Г.У 43 342 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААДОРЖ

                                                                               Ш.ОЮУНХАНД