Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0148

 

 “Х ш” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х ш” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... “Х ш” ХХК-ийг улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э-н 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... “Х ш” ХХК-иас гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар удирдамжийн дагуу “Х ш” ХХК-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийж, Шонхор худалдааны төвийн ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай түрээсийн төлбөр тогтоож түрээслэгч нараас хураан авч Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Тайлбар 1. "... борлуулж буй барааны төрлөөс хамааран лангууны түрээсийн төлбөр өөр өөр байна” гэсэн тайлбарын хувьд үндэслэлгүй болжээ.

Учир нь Шонхор худалдааны төвд гадаа байрлалтай мах худалдаалдаг нэг чингэлэгт хэдэн хүн худалдаа хийж байгаагаас нь хамаарч нэг чингэлгийн түрээсийн төлбөрийг 6 дугаар сар хүртэл хугацаанд 150 000-470 000 хүртэл төгрөгөөр, 6 дугаар сараас 350 000 - 900 000 хүртэл төгрөгөөр тогтоож хураан авсан байна. “Лангууг 3-5 түрээслэгч хамтарч түрээсэлдэг бөгөөд мөн лангууг ажиллуулах цаг харилцан адилгүй байна, лангуунууд нь байршлын хувьд ... зарим нь худалдан авагч ихээр зорчдог хэсэгт байхад, зарим нь худалдан авагч харьцангуй цөөн очдог хэсэгт байрладаг учир борлуулалтын байдлаас хамааран лангууны түрээс ялгаатай байна” гэсэн байх боловч энэ нь нэг ижил хэмжээ бүхий лангуунд ялгавартай түрээсийн төлбөр тогтоох үндэслэл болохгүй юм.

Иймд “Х ш” ХХК нь түрээсийн төлбөрийг дээрх үндэслэлүүдээр ялгавартай байдлаар тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг зөрчсөн болох нь мөн нотлогдохоор байна.

Тайлбар 2. Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт “Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг хэрэглэх ёсгүй байсан” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь хяналт шалгалтын явцад тус газраас “Х ш” ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан балансыг гаргуулан авч судлан үзэхэд уг компанийн түрээсийн үйлчилгээний борлуулалтын орлого тогтоогдох боломжгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-т заасныг үндэслэн “Х ш” ХХК-ийн 2012 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн Баланс хэсгийн 2.3.20-т тэмдэглэгдсэн Эзэмшигчийн өмчийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг шийтгэврээр ногдуулсан.

Тайлбар 3. “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлийн 3-т “Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4 болон 13.2.5-ыг тус тус зөрчсөн” гэх үндэслэлийн хувьд үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь “Зөрчлийг арилгуулах тухай” 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 5/137 дугаартай, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/154 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай түрээсийн төлбөр тогтоохгүй байхыг, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т заасныг зөрчихгүй байхыг “Х ш” ХХК-иас тус тус шаардсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 20.2 дахь хэсэг, 20.3,1 дэх хэсэгт үндэслэсэн байдаг.

Иймд “Х ш” ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 0000109 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: "... Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч “Х ш” ХХК-иас гаргасан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж уг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгон 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэр гаргасан.

Шүүгчийн гаргасан дээрх шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Дээрх лангууны түрээсийн үнэ нь дараах үндэслэлийн улмаас ялгаатай байсан байна. Үүнд: Түрээслүүлэгч нар махны, хүнсний ногооны, гурил будааны, гэр ахуйн өргөн хэрэглээний барааны гэсэн төрлөөр худалдаа явуулдаг тул борлуулж буй барааны төрлөөс хамааран лангууны түрээсийн төлбөр өөр өөр, лангууг 3-5 түрээслэгч хамтран түрээсэлдэг, мөн лангууг ажиллуулах цаг харилцан адилгүй, лангуунууд байршлын хувьд зарим нь дулаан байранд, зарим нь гадна талбайд, зарим нь худалдан авагч ихээр зорчдог хэсэгт байхад, зарим нь худалдан авагч харьцангуй цөөн очдог хэсэгт байрладаг учир борлуулалтын байдлаас хамааран лангууны түрээс ялгаатай байдаг” гэснийг үндэслэн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.3 ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...;” гэж зааснаар Х ш ХХК-ийг лангууны түрээсийн үнийг ноёлох үйл ажиллагаа явуулах зорилгоор лангууны түрээсийн төлбөрийг ялгавартай бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах ...” гэж зааснаар Х ш ХХК-ийг лангууны түрээсийн үнийг ноёлох үйл ажиллагаа явуулах зорилгоор лангууны түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг буруу тайлбарлан, нэхэмжлэгч талыг илтэд хамгаалсан шийдвэр болсон байна.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар Х ш ХХК-ийн зүгээс өөрийн Шонхор худалдааны төвд гадаа байрлалтай мах худалдаалдаг 20 тоннын багтаамжтай ижил зориулалт бүхий чингэлгүүдийн түрээсийн төлбөрийг 6 дугаар сар хүртэл хугацаанд 150 000-470 000 хүртэл төгрөгөөр, 6 дугаар сараас 350 000 - 900 000 хүртэл төгрөгөөр тогтоож хураан авсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ‘‘Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.3. ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах ...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Харин бусад төрлийн буюу хүнсний ногооны, гурил будааны, гэр ахуйн өргөн хэрэглээний барааны гэсэн төрлөөр худалдаа явуулдаг лангуунуудын түрээсийн төлбөрийг тогтоосон байдал нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээгүй юм.

Гэтэл шүүгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Шонхор худалдааны төвийн бух төрлийн худалдаа хийдэг лангууны түрээсийг ялгавартай тогтоосон гэх үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзсэн мэтээр тайлбарлаж, үүнийг үндэслэл болгон шийдвэрээ гаргасан нь нөхцөл байдал, хариуцагч талын тайлбар, нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлээгүй гэх үндэслэл болсон.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1,”бараа бүтээгдэхүүн” гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг; гэж тодорхойлсон бөгөөд Х ш ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нь “түрээсийн үйлчилгээ” болж байна.

Харин Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-7 “бараа бүтээгдэхүүний хүрээ харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг” гэж тодорхойлсны дагуу Х ш ХХК-ийн уг хэрэгт холбогдож буй түрээсийн үнийг нь ялгавартай тогтоосон бараа бүтээгдэхүүний хүрээ нь мах худалдаалах зориулалт бүхий 20 тоннын чингэлэг байна.

Учир нь мах худалдаалдаг нэг аж ахуй эрхлэгчийн хувьд бараагаа борлуулах үйл ажиллагааг Х ш худалдааны төвд байрлалтай мах худалдаалах зориулалттай аль ч чингэлэгт явуулах боломжтой тул эдгээр чингэлгүүд нь харилцан орлох бараанууд болж байна.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Ер нь чөлөөт зах зээл дээр аж ахуйн нэгж нь өөрсдийн бизнес төлөвлөгөө, бизнесийн зорилго, маркетингийн дагуу үйл ажиллагаа явуулж байгааг ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

Гэтэл Монгол Улсын Иргэний хууль болон Өрсөлдөөний тухай хуулиар тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг жирийн бусад аж ахуй эрхлэгчдээс онцгойлон авч үзэн тэдгээрийн зүгээс чөлөөтэй хийж болохгүй үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг хуульчилж өгсөн байдаг.

Тухайн тохиолдлын хувьд Иргэний хуулийн 189.4-т “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй”, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.3, ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах ...” гэж заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох Х ш ХХК-д өөрийн бараа бүтээгдэхүүн буюу ижил төрлийн объектын түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоохыг хориглосон байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4, 13.2.5-т заасныг зөрчин лангууны түрээсийн үнийг бууруулж, ижил болгох шаардлага тавьж байгаа нь хууль бус болсон юм.” гэсэн нь мөн л нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэлгүй байна.

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “лангууны түрээсийн үнийг бууруул” гэсэн шаардлагыг Х ш ХХК-д тавиагүй бөгөөд энэ талаар шаардлага тавьсан болох нь баримтаар нотлогддоггүй, ийм шаардлага тавьсан талаар зөвхөн нэхэмжлэгч талын аман тайлбар байдаг, нэхэмжлэгч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй болно.

Харин лангууны түрээсийн төлбөрийг ижил болгох шаардлагын хувьд энэхүү гомдлын агуулга хэсгийн нэг дэх үндэслэлд дурдсанчлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвхөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн буюу мах худалдаалах зориулалттай, гадна байрлалтай, 20 тоннын багтаамжтай, ижил хэмжээтэй чингэлгүүдийн түрээсийн үнийг ижил болгож, тухайн объектыг түрээслэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж буй этгээдүүдийн зах зээлд өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байхыг улсын байцаагчийн албан шаардлагаар Х ш ХХК-д үүрэг болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.3... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...;” гэсэн заалтад үндэслэсэн байдаг.

Иймд дээр дурдсанчлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан шаардлага нь хуульд үндэслэсэн, хууль ёсны шаардлага байх тул 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн; 13.2.5.зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл; худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн” гэсэн заалтыг зөрчөөгүй юм.

Дөрөв. Шүүгч шийдвэртээ “Х ш ХХК-ийг ноёлох үйл ажиллагаа явуулах зорилгоор лангууны түрээсийн үнийг ялгавартай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн дугаар зүйлийн 7.1-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гэж заасан бөгөөд энэхүү хэсэгт заасан заалтуудаар хуульчилсан, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн зүгээс чөлөөтэй хийж болохгүй үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг бүгдийг ноёлох үйл ажиллагаа гэж үзэн хориглосон байна, Тухайн хэргийн хувьд хуулийн энэ хэсэгт заасан үйлдлийг гаргасан өөрөө ноёлох үйл ажиллагаа болох юм.

Шүүгчийн зүгээс хуулийн энэхүү заалтыг нэхэмжлэгч талд ашигтайгаар, буруу тайлбарлан хэрэглэсэн нь “хуулийн зүйл, заалтыг шууд утгаар нь ойлгон хэрэглэх” зарчмыг алдагдуулж байна.

Тав. Шүүгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэврээр ногдуулсан торгуулийн хэмжээг тогтооход Х ш ХХК-ийн борлуулалтын орлогыг тодорхойлох боломжтой байхад орлого тооцох боломжгүй гэх үндэслэлээр 110.646.850 төгрөг төлүүлэхээр шийтгэвэр оногдуулсан нь үндэслэлгүй байна гэсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “энэ хуулийн

  1. 7.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;” гэж заасны дагуу зөрчил * гаргасан Х ш ХХК-ийн тухайн зөрчилд холбогдох бараа бүтээгдэхүүнээс олсон орлогын хэмжээг албан ёсны үнэн зөв бодитой баримтаар нотлох боломжгүй бөгөөд аливаа аж ахуй эрхлэгчийн тухайн жилийн борлуулалтын

орлогын хэмжээг албан ёсоор санхүүгийн тайлан, балансаар гаргадаг.

Гэвч энэхүү санхүүгийн тайлан, балансаас тухайн аж ахуй эрхлэгчийн борлуулж буй олон төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг бараа бүтээгдэхүүн тус бүрээр тодорхойлоогүй байдаг.

Иймээс улсын байцаагч нь Х ш ХХК-ийн уг зөрчилд холбогдох бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг албан ёсны үнэн зөв, бодитой баримтаар тооцох боломжгүй гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 21.2-т “Энэ хуулийн 27.1.1, 27.1.2, 27.1,4-т заасан шийтгэл ногдуулахад аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн болон тухайн жилийн тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд энэ хуулийн 27.1.1, 27.1.2, 27.1.4-т заасан аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн тав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Х ш ХХК-ийн 2012 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн Баланс хэсгийн 2.3.20-т тэмдэглэгдсэн Эзэмшигчийн өмчийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний /төгрөгийн/ торгуулийг шийтгэврээр ногдуулсан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэврээр “улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/154 тоот албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг баримтлан торгох захиргааны шийтгэл ногдуулсан бөгөөд 5/154 тоот албан шаардлагаар “Х ш” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэн уг зөрчлийг арилгахыг шаардсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад ноёлох үйл ажиллагаа гэдгийг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зэх зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг ойлгоно гэж тодорхойлжээ.

Үүнээс үзвэл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулахдаа бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах зорилготой бол энэ нь хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаанд хамаарах бөгөөд харин өөрийн түрээсийн зүйл болох лангууны байршил, ажиллах цаг зэрэг ялгаатай нөхцөл байдалтай нь уялдуулан түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосныг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй бөгөөд дээр дурдсан зөрүүтэй нөхцөл байдлаас үүдэн ийнхүү ялгавартай төлбөр тогтоосон нь түрээслэгч буюу хэрэглэгчийн хүсэл зоригт нийцсэн үйл ажиллагаа байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон гэрч Г.Ганхуягийн “байрлал янз бүр байдаг, хойд эгнээний урдуур машинтай хүмүүс ирээд махаа зардаг”1, гэрч Ё.Отгонцэцэгийн “урд, хойд эгнээний байрлалаас болж лангууны түрээс ялгаатай байдаг. Манай эгнээний байрлал ашигтай байрлал. Хойд эгнээний урдуур мах зардаг машин зогсдог”2 гэх мэдүүлэг болон хурлын протокол3 зэрэгт лангууны байршлаас шалтгаалан ажиллах цаг, түүнтэй уялдан ашиг орлого ялгаатай байдаг талаар дурдсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “лангуунуудын гаргаж буй зардал ижил байдаг бөгөөд түрээсийн төлбөр ялгаатай байгаагаас үүдэн өндөр түрээсийн төлбөртэй түрээслэгч нь бага төлбөртэй түрээслэгчидтэй шударгаар өрсөлдөх боломжгүй болох ба улмаар тус зах зээлд шинээр аж ахуй эрхлэгчид орох боломжгүй болно” гэх боловч Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д тодорхойлсон ноёлох үйл ажиллагаа гэдэгт түрээсийн үйлчилгээ үзүүлж буй давамгай байдалтай аж ахуйн нэгж болох “Х ш” ХХК-иас ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгохоос бус өөрийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч болох түрээслэгчид ялгавартай төлбөр тогтоосон тохиолдлыг хориглосон заалт гэж үзэхээргүй байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Өрсөлдөөний тухай хуулийн 7.1 дэх хэсэгт хуульчилсан үйл ажиллагааг бүгдийг ноёлох үйл ажиллагаа гэж үзэн хориглосон бөгөөд нэхэмжлэгч нь энэ хэсэгт заасан үйлдлийг гаргасан тул ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс ижил талбай бүхий объектуудыг ялгавартай үнээр түрээслүүлсэн зорилго нь ноёлох үйл ажиллагаа гэж үзэхээргүй байх ба түрээслүүлэгчийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн болох лангуу нь талбай, зориулалтын хувьд ижил ч гэсэн байршил, ажиллах цаг, нөхцөл боломжийн хувьд ялгаатай байгаагаас үзвэл эдгээр лангуунуудыг ижил төрлийн бараа гэж үзэхэд учир дутагдалтай байх тул “байршлаас хамаарч лангууны түрээсийн үнэлгээ ялгаатай байдаг, ... ноёлох үйл ажиллагаа явуулах зорилгоор лангууны түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон гэх үндэслэлгүй” гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт “... тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд ... түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих эрхгүй” гэснийг дурдсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэхэд уг зохицуулалт хамааралгүй, өөрөөр хэлбэл түрээслүүлэгч “Х ш" ХХК нь тухайлсан аж ахуй эрхлэгчтэй гэрээ байгуулахдаа илт тэгш бус нөхцөл тулган өөртөө давуу байдал олгохыг хориглох нөхцөл байдлыг тус зүйлээр зохицуулснаас биш гэрээ байгуулж буй нийт этгээдтэй яг ижил нөхцөлөөр гэрээ байгуулах тухай зохицуулалт биш байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

Харин аж ахуй эрхлэгч нар өөрийн үйл ажиллагааг явуулахдаа тухайн харилцаанд үйлчлэх хууль, тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд ийнхүү ажиллахдаа ноёлох болон өрсөлдөөнд харшлах аливаа үйл ажиллагаа хийхийг хуулиар хориглох бөгөөд шүүхийн шийдвэрт “Ер нь чөлөөт зах зээлд аж ахуйн нэгж өөрийн бизнес төлөвлөгөө, зорилго, маркетингийн дагуу үйл ажиллагаа явуулж байгааг ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал тусгагдах ёстой гэсэнтэй нийцээгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/154 тоот албан шаардлагаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг дурдсан зөрчлийг арилгаж, ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай түрээсийн төлбөр тогтоохгүй байхыг шаардсанаас биш үнийг бууруулах шаардлага тавиагүй байхад шүүх “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас лангууны түрээсийн үнийг бууруулж, ижил болгох шаардлага тавьж байгаа нь хууль бус” гэсэн нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй зүйлийг буруу дүгнэсэн байхаас гадна Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасныг хариуцагч зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх ямар үндэслэлээр, ямар нотлох баримтад тулгуурлан Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь заалтыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч “Х ш” ХХК түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл тус хуулийн этгээдээс хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй байх тул мөн хуульд заасан захиргааны арга хэмжээ авах үндэслэлгүй байх бөгөөд торгуулийн хувь тооцсон аргачлалын талаарх маргаанд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

Хэдийгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны зарим нөхцөл байдлыг буруу дүгнэсэн боловч шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 0000109 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: