Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0224

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 06 өдөр             Дугаар 128/ШШ2019/0224                     Улаанбаатар хот

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М-А” ХХК  /РД:*******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн “М-А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х болон түүний өмгөөлөгч П.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г овогтой Б нь 1.000,000 төгрөгийн дүрмийн сантай “М-А” ХХК-ийг 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулж, компанийн хувьцааг 100 хувь дангаараа эзэмшдэг байсан юм.

Б.Х миний бие нь Г.Б-тай 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон тул “М-А” ХХК нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм.

“М-А” ХХК нь сонгон шалгаруулалтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байрших Ө******* нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авч, уг талбайд өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг тогтоосон.

Хайгуулын ажил хийхдээ Г.Б нь гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцаа барьцаалан банкнаас зээл авах, хувь хүнээс хүүтэй мөнгө зээлэх, машинаа зарах, утасны дугаараа барьцаалах зэрэг бүх аргаар хөрөнгө босгосон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр “М-А” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Ө******* нэртэй газарт орших 77.92 гектар талбайд, 2047 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 30 жилийн хугацаатай МV-02******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны дотор төлөх бүрэн боломжтой байсан боловч доор дурдсан шалтгаанаар төлөгдөөгүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр тус компанийн МV-02******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг юм байна.

“М-А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцааг 100% дангаар эзэмшигч Г.Б нь гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж, компанийн бүх үйл ажиллагааг ганцаараа явуулдаг байсан. Гэтэл Г.Б нь 2019 оны 9 дүгээр сард гэрээсээ уурхай явлаа гэж гарснаасаа хойш утас нь холбогдохгүй, гэртээ ирэхгүй, сураггүй байсаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амиа хорлосон байсныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн байгууллага олсон юм.

Бидэнд хүнд уй гашуу тохиолдсон энэ үед 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу талийгаачийг нас барснаас 2 хоногийн дараа, талийгаачийг цагдаагийн байгууллага олохоос 3 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна.

Ийнхүү тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдээлэл цахим сайтад тавигдсан тухай 'М-А” ХХК-д геологичоор ажиллаж байсан н.М*******аас мэдээд тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай өргөдөл, гомдлыг 2019 оны 10 сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тус тус гаргасан боловч Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2019 оны дүгээр сарын 07-ны өдөр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариуг тус тус ирүүлсэн.

Энэ хугацаанд миний бие нь өв залгамжлагчийн хувьд “М-А” ХХК-ний бүх хувьцааг өөр дээрээ шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү компанийн улсын бүртгэлд өөрчлөлт орохоос өмнө миний бие талийгаачийн өв залгамжлагчийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газарт өргөд гомдол гаргасан нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

Миний бие Б.Х нь насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт үлдсэн бөгөөд компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх өр төлбөрийг төлж барагдуулах асуудал тулгарч, бидний амьдралын баталгаа алдагдаад байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар хэрэг бүртгэлийн 191800695 дугаартай хэргийг нээн талийгаач Г.Б-ийг нас барсан хэргийг шалгаж байгаа болно.

Дээрх байдлаас харахад тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулаагүй, тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл байдал үүссэн талаар анхааруулаагүй, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар компани болон түүний эрх залгамжлагчид мэдэгдэлгүйгээр, ядаж талийгаач нас барсан хэргийг эрүүгийн журмаар шалгаж дуусаагүй, 49 хоног ч өнгөрөөгүй байхад ганц гишүүнтэй компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилж байна.

Иймд Ашигг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн “М-А” ХХК-ний МВ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн М-А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ө******* нэртэй газар 1024.54 гектар талбайд ашигт малтмал хайгуулын ХV/-01******* дугаар тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 289 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д заасан үндэслэлээр “М-А” ХХК-д олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан NМ-025743 тоот өргөдлийг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV/-02******* дугаар тусгай зөвшөөрлийг 77.92 гектар талбайд олгосныг, үлдсэн 946.61 гектар талбайн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 22-нд дуусгавар болсныг ГУУКС-д тус тус бүртгэсэн байна.

М-А ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 дэх жилийн, 2018 оны 9 сарын 18-ны өдөр 2 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт тус тус төлж, 3 дах жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, хугацаа хэтрүүлсэн 30 хоногийн алдангийн хамтаар төлөх үүргээ огт биелүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.4-т тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.1.2 дугаар хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа “М-А” ХХК-ийн ГУУКС-д бүртгэлтэй хаягаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх, хуулийн 34.7-д заасан хугацаанд төлбөрөө төлөх боломжтойг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6166 тоот мэдэгдлийг “Монгол шуудан” ХК-д 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн ч “Энэхүү албан бичгийг хаягийн дагуу хүргэхийг оролдсон боловч уг хаягт ийм компани байхгүй, тодруулахад буртгэлгүй байсан тул буцаав” гэсэн тэмдэглэгээг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7/6763 тоот мэдэгдлийг “М ш” ХК-д 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн ч “Энэхүү албан бичгийг хаягийн дагуу хүргэхэд ийм байгууллага байхгүй, ******* утаснаас тодруулахад албан бичгийн эзэн өөд болсон утас холбогдох боломжгүй байсан тул буцаав” гэсэн тэмдэглэгээг 2019 оны 10 дугаар сарын 15- ны өдөр хийж буцаалт хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан үүргээ биелүүлж хаягийн өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн нөхцөлд шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй нөхцөлд мөн хуулийн 66.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ... гэж заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл болно. Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасан үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас Монгол шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл хүргэгдээгүйг төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл мэтээр нэхэмжлэлдээ тайлбарлаж, дурдсан байгаа нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.

Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана... гэх шаардлагыг хангахгүй 4 хоногоор хэтрүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М-А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн “М-А” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

“М-А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ө******* нэртэй газарт 77.92 гектар талбайд МV-02******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар буюу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2047 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг төлж, дараа жилийн ээлжит төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр байсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6166 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж” албан бичгийн М ш ХК-д 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “...уг хаягт ийм компани байхгүй, багаас нь тодруулахад бүртгэлгүй байсан тул буцаав” гэж тэмдэглэж буцаагдсан болох нь тус компанийн магадлагаагаар тогтоогдож байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ө******* нэртэй газарт олгогдсон МV-02******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7/6763 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 493 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч  2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “...албан бичгийг хаягийн дагуу хүргэхэд ийм байгууллага байхгүй, 99******* утаснаас тодруулахад албан бичгийн эзэн өөд болсон утас холбогдох боломжгүй байсан тул буцаав” гэсэн тэмдэглэгээтэйгээр буцаагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу хаягийн өөрчлөлтөө төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан байх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас бичгийг гардаж аваагүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрны тосны газрын даргад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...төлбөрийг нөхөн төлөх боломжоор хангаж ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгаж өгөхийг хүсч” албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/7436 дүгээр албан бичгээр “хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

“М-А” ХХК-ийн захирал Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байх бөгөөд Б.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний дагуу тус компаний хувьцааг өвлөж авснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болсон байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй үндэслэл нь “М-А” ХХК-ийн захирал Г.Б нь 2019 оны 9 дүгээр сард гэрээсээ явлаа гэж гараад утас нь холбогдохгүй, гэртээ ирэхгүй, сураггүй байсаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амиа хорлосон байсныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллага олсон, Г.Б нь компанийнхаа ажлыг ганцаараа явуулдаг байсан болохоор өв залгамжлагч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн асуудлыг мэдэх боломжгүй байсан нь хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “... алданги тооцох хугацаа дууссаны дараа манай компанид Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх ёстой...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хуулийн дээрх зүйл, заалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 30 хүртэл хоногоор л хэтрүүлж болох бөгөөд харин уг хугацаа хэтэрсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үүрэг хүлээж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу нэгэнт тусгай зөвшөөрлийг цуцалсан хойно мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “...цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан ... мэдэгдэл өгөх”, 56.3 дахь хэсэг дэх “...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг ... ирүүлэх”, 56.4 дэх хэсэг дэх “...56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэх” тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш” гэдгийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацааг ойлгох бөгөөд харин 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх хэсэгт заасан ажиллагааг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор хэрэгжүүлэхээр байна.

Хэдийгээр хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 34.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “...энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.4-т “...тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байх боловч М-А ХХК-ийн захирал байсан Г.Б нь тухайн үед хүнд хэлбэрийн сэтгэл гутрах эмгэгтэй байсан байж болзошгүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны  1417 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн М-А ХХК-ийн захирал байсан Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амиа хорлосон байсныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллага олсон байх бөгөөд тухайн үед одоогийн өв залгамжлагч Б.Х нь компанийн талаар мэдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байж болзошгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.a.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; 6.1.41.б.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан; 6.1.41.в.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан; 6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; 6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг” хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгохоор хуульчилсан байх бөгөөд “М-А” ХХК-ийн захирал Г.Б-ийн хувьд хүнд хэлбэрийн сэтгэл гутрах өвчтэй байсан байж болзошгүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд түүний өв залгамжлагч Б.Х нь компанийн асуудлыг мэдэх боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулах боломжтой эсэхийг хариуцагч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн өв залгамжлагч Б.Х нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангаж шийдвэрлэх боломжгүй юм. 

Иймд нэхэмжлэгч нь төлбөрөө төлж, төлбөр төлсөн баримтаа, өмнөх “М-А” ХХК-ийн захирал Г.Б-ийн хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй байсан талаар баримт болон, нас барьсан талаар баримт, өв залгамжилсан талаар баримтууд болон холбогдох баримтуудыг хавсарган хариуцагч байгууллагад гаргаж, хариуцагч байгууллага энэ асуудлыг судлаж, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой эсэхийг судлаж, шийдвэрлэх шаардлагатай байх тул маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн “М-А” ХХК-нд холбогдох хэсгийг 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.3, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлин 6.1.41.a дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн “М-А” ХХК-нд холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх нотлох баримтуудыг гарган өгч, хариуцагч тус баримтуудыг судалсны үндсэн дээр шинэ акт гаргах замаар энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн “М-А” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА