Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/373

 

 

 

 

 

   2022          04          25                                 2022/ШЦТ/373

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч А.Э,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2211000000634 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овогтой А.Э

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ам бүл 4, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 384 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 08 дугаар сарын 22- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.4 дэх хэсэгт зааснаар дээрх ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 125 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 3, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 12 жилийн хугацаагаар хорих,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил 6 сарын хугацаагаар хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4, 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил 6 сарын хорих ялын зарим болох 2 жилийг нэмж. 100.000 төгрөгийн хөрөнгө хурааж, нийт 13 жил хорих ялаар тус тус шийтгүүлж. Булган аймгийн шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 439 дугаартай захирамжаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хашааны гадна шалтгаангүйгээр хохирогч Э.Цын толгойн тус газар заазуураар цохиж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Бтай “гар утас алга болсон" гэх шалтгаанаар маргалдаж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

            - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид болон бусад хүмүүст хүндрэл учруулсандаа харамсаж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 157 дугаар тал/,

 хохирогч Э.Цын эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- хохирогч Э.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тарчхаад гэр лүүгээ явж байсан бөгөөд 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр 10 жилийн найз таараад, манай найз намайг гэртээ урьсан. Маргааш нь амралтын өдөр байсан ба 10 жилийн найзтайгаа уулзсандаа баярлаад гэрт нь болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Зүүн тасганы 6 дугаар гудамжны хэдэн тоот гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан нийтийн байр байсан. Тэгээд гэрт нь ороод хоёулаа хууч хөөрөлдөөд нэг шил Соёмбо гэх нэршилтэй 0,75 литрийн савлагаатай архийг хоёулаа хувааж уусан. 18 цагийн орчимд манай эхнэр над руу залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь найзындаа байгаа тухайгаа хэлэхэд, хамт харина, наад айлдаа байж бай гээд 19 цаг өнгөрөөгөөд хүрээд ирсэн. Дөрвүүлээ ойр зуурын юм ярьж байгаад /23 цагийн орчимд гэж санагдаж байна/ тэднийхээс эхнэртэй нь хамт гарсан. Эхнэр нь бид хоёрыг хашааныхаа үүд хүртэл гаргаж өгсөн, хашаанаас гараад эхний хашаа өнгөрөөд явж байтал нэг хүн орилоод ороод ирсэн. Тухайн хүнийг огт танихгүй бөгөөд гэнэт л гарч ирээд зөрөхийн хооронд л /гараа далайж байгаад юугаар цохисныг нь хараагүй/ миний толгойны зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон, толгойноос цус их хэмжээгээр гоожсон. Гарч ирснээ үгийн зөрүүгүй л намайг цохисон. Нохой нь бас миний хөлөөс хазаад 6 ширхэг оёдол тавиулсан. Мөн оёдол тавиулаагүй 4 ширхэг нохойны шүдний ором орсон байна. Толгойн хэсэгтээ 6 ширхэг оёдол тавиулсан. Тэр хүнийг урьд өмнө нь огт харж байгаагүй бөгөөд, хаанаас ямар учиртай хүн яах гээд гараад ирснийг ч мэдэхгүй. Би цохиулснаас болоод газарт унасан хэрвээ манай эхнэр байгаагүй бол би тэр үед яах байсныг үнэхээр мэдэхгүй байна. Тухайн хүнийг гаднаас нь харахад ямар ч байсан халзан толгойтой, сахалтай, дунд зэргийн нуруутай хүн байсан. Өөр содон шинж тэмдгийг анзаараагүй. ...Би өөрийн эмчилгээний зардалд 2.000.000 орчим төгрөг зарцуулсан байна. Би тухайн хүнээс 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Одоо хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан. Гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

- гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 18- ны өдөр өглөө гэрээсээ 07 цаг 50 минутын орчимд ажилдаа явсан. Тэгээд орой 16 цаг 30 минутад тарчхаад байж байгаад би өөрийнхөө нөхөр лүү залгаад хаана байгаа талаар асуухад, Бүрнээ гэх найзындаа байна, бага зэрэг уучихсан байна ирээд намайг ав гэхээр би найзынх руу нь зурагт руу явж очсон. 19 цагийн орчимд нөхрийнхөө найзынд очсон санагдаж байна. Тэнд очоод бид хэд дөрвүүлээ ярилцаад сууж байсан бөгөөд, манай нөхөр болон найз нь болох Бүрнээ нар нэг шил архийг хувааж уугаад дуусгасан. Тэндээс 23 цаг 30 минутын орчимд гараад харих гээд хашааны хаалгаар нь эхнэр болох Нямаа бид хоёрыг гаргаж өгөөд гэр лүүгээ орсон. Тэгээд хашаанаас гараад нэг хоёр айлын хашаа л өнгөрсөн санагдаж байна, өөдөөс нэг дундаж нуруутай, бараандуу өнгийн малгайтай хүн орилоод ирэхээр нь зөрж өнгөрөх гээд хашаа руу ойртоод өнгөрөх юм болов уу? гэж бодоод зам тавих үед, үгийн зөрүүгүй манай нөхөр лүү заазуур барьж дайраад толгойн хэсэг рүү нь нэг удаа цохичихсон. Манай нөхөр шууд ёолоод л газарт уначихсан. Тэгэхээр нь яаж байна гээд би тэр хүний гарыг цохиод түлхэх үед гарт нь байсан заазуур газарт унасан. Уначихсан заазуурыг нь би хойшоо хашаа давуулах зорилгоор шидсэн, хаашаа унасныг нь тэр үедээ үнэхээр анзаараагүй. Тэгээд намайг үл таних хүн хувцаснаас татаад зулгаагаад газарт унагачихсан. Надтай хамт тэр хүн бас газарт хамт унасан. Намайг газарт унахад тэр үл таних хүнтэй хамт явж байсан /хар бага зэрэг цагаантай харагдсан/ нохой шууд миний хөл рүү дайрч хазсан. Бас манай нөхрийг тэр нохой хазчихсан. Би босож ирээд нөгөө нохойтойгоо зууралдаад байж байхад цаанаас нь хоёр залуу гарч ирээд тэр нохойг хөөж надад тусалсан. Би нөгөө үл таних хүнийг манай нөхрийг заазуураар цохих үед л туслаарай гэж чанга дуугаар орилж байсан бөгөөд тэр дуунаар маш олон хүн гараад ирчихсэн байсан. Тэнд зогсож байсан ягаан халаадтай эмэгтэй би тэр хүнийг танина, гэр нь энүүхэнд байдаг юм гэж хэлж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...23 цагийн орчим гадаа гудамжинд хүмүүс орилолдоод дуу чимээ болоод байхаар нь гайхаад гарч ирээд харахад 06-76 тоот хашааны гадна талд зодоон болоод байсан. Тэгээд эмэгтэй хүн аллаа авраарай гээд байсан. Гэтэл нэг хүн хоёр хүнийг унагаачихсан өшиглөөд байсан. Хажууд нь бас нохой нөгөө хоёр хүн рүү дайраад хазаж байсан.Тэгээд ойртож дөхөж очоод харахад нохойг нь таньсан бөгөөд уг нохой нь 6-70а тоотод байдаг нохой байсан. Би өөрөө айл болгоноор орж хяналт шалгалт тавьдаг тул таньсан юм. Нөгөө зодуулсан залуугийн толгойноос маш их хэмжээгээр цус гарч байсан. Зодсон залуу их хэмжээний согтолттой харагдаж байсан, нохойгоо дагуулаад гэр лүүгээ орж байсан. Сүүлд 06-76 тоот хашаанаас нэг эмэгтэй заазуур бариад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

- гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оройн 23 цагийн орчимд гэртээ хөзөр тоглож байх үед манай нохой боргоогоод байсан. Манай ахын эхнэр гараад хартал гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь манай ах бид хоёр гэрээс гарч очих үед нэг эмэгтэй 2 эрэгтэй хүн мөн нэг нохой байсан. Нэг эрэгтэй хүн газарт уначихсан дээр нь нэг халзан толгойтой хүн зодсон байдалтай, хажуунаас нь нэг эмэгтэй дундуур нь орж салгах гэж тэмцэж байсан. ...Тэгээд бид нар нийлж байгаад нохойг нь тэр хүнээс салгасан. Зодож байсан эрэгтэй нэлээн согтолттой харагдаж байсан Тэгээд дээшээ гудамжаар өгсөөд зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчимд гадаа гудамжинд хүмүүс орилолдоод байхаар нь цонхоо онгойлгоод хартал авраарай гэж хэлээд тусламж хүсэж байсан. Тэгээд бид нар гарч ирэхэд хамт явж байсан эхнэр нөхөр хоёр газарт уначихсан, нэг эрэгтэй үл таних /халзан толгойтой/ хүн дээрээс нь хөлөөрөө өшиглөөд зодож байсан. Тэгэхээр нь болиоч ээ гэхэд миний үгийг огтхон ч сонсохгүй байхаар нь очоод салгах гэтэл нохой нь над руу дайрсан. Манай нөхөр болон дүү хоёр гарч ирээд хүрз барьж хөөж явуулсан. ...Тэгээд нохойг нь салгаад нөгөө хүн дээшээ зугтаад явчихсан. Тэгээд би цагдаа дуудсан юм. Тэр зодуулсан хүний толгойг хажуу хашааны залуу боосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

- гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрэгтэй нь гартаа заазуур барьчихсан, мөн өөрийн нохойгоороо эрэгтэй, эмэгтэй нөгөө хоёр хүнийг уруулаад өөрөө нөгөө эрэгтэйн дээр нь гараад толгой руу өшиглөөд гарт нь байсан заазуураар далайгаад байсан. Тэр заазуураар яг цохиж байхыг би өөрийн нүдээр харсан. Мөн заазууртай эрэгтэй нохойг тэнд байсан хүмүүс хүчээр хөөж байж зодооныг салгасан. ...зодооныг салгасны дараа заазууртай эрэгтэй хүн гудамжны өөд зугтаасан ба би хажуу айлын ахтай хамт ардаас нь хөөхөд өөдөөс чулуу, шил нүүлгээд байсан бөгөөд тэр залуу 70 тоот хашаанд ороод алга болчихсон. Энэ үед бид хоёр холоос хөдөлгөөнийг нь хараад байж байхад удалгүй цагдаагийн байгууллагын албан хаагчид болон эмнэлгийн ажилчид зэрэгцэж орж ирээд тухайн хүнийг барьж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-31 дүгээр тал/,

- гэрч М.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байх үед гадаа эмэгтэй хүн орилоод хүн аллаа, туслаарай гээд байхаар нь хамгийн эхлээд манай эхнэр гараад хүмүүс хоорондоо зодолдоод байна гараад салгаач гээд хэлэхээр нь би гарч очсон. Тэгэхэд 2 эрэгтэй нэг эмэгтэй, хүн нохой байж байсан, нэг үл таних залуу нохойтойгоо хамт явж байсан бөгөөд нөгөө үл таних залуу чинь нөгөө эрэгтэйнх нь дээр гарчихсан зодоод өшиглөөд гараараа цохиж харагдсан. Эмэгтэй нь хамт явж байсан эрэгтэйгээ хамгаалаад хажууд нь тэр хүнтэй ноцолдож байх үед нохой нь эхнэрийнх нь хөлөөс хазчихсан байдалтай байж байсан. Би салгах гээд очсон чинь эхнэр надад хандаж энэ хүн заазуур бариад манай нөхрийг цохих гээд байна заазуурыг нь цааш салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр нохойг нь хөөж явуулаад салгахад тэр зодож байсан хүн нохойгоо цааш дуудаад дээшээ гудамж өгсөөд зугтаагаад яваад өгсөн. Зодуулсан гэх хүний толгойноос их хэмжээний цус гараад, тэнд байсан хүмүүс эмнэлэг цагдаа дуудаад, хажуу талын хашааны залуу тэр хүний толгойноос гарч байсан цусыг тогтоох арга хэмжээ авч цагаан өнгийн марлаар боож өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23- ны өдрийн 3222 дугаартай “...Э.Цын биед зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чамархайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хатгагдаж зүсэгдэх болон нохойд хазуулах үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Э.Цын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

хохирогч О.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- хохирогч О.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би Эн гэрт очиж “Миний утсыг гаргаад өгчих” гэхэд Э “би утсыг чинь мэдэхгүй. Чи өөрөө олж ав” гэхээр нь би “Чамаас гарцаа байхгүй. Миний утсанд хэрэгтэй мэдээллүүд байгаа. Зүгээр надад өгчих” гэхэд намайг Э боож унагаагаад нүүр рүү баруун гараараа 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр тал/

- гэрч Н.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б ах манай ахын толгой руу аягаар цохичихсон юм. Тэгэхээр нь манай ах Э ах зөрүүлээд гараараа нүдний хэсэг рүү нэг удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127-128 дугаар тал/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3627 дугаартай ...О.Бы биед баруун зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 132-133 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч О.Бы Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн тасганы 6-76 тоот хашааны гадна шалтгаангүйгээр хохирогч Э.Цын толгойн тус газар заазуураар цохиж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн тасганы 06-70 тоотод хохирогч О.Бтай “гар утас алга болсон" гэх шалтгаанаар маргалдаж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч А.Эг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Зүүн тасганы 6-76 тоотод хохирогч Э.Цыг шалтгаагүйгээр зодсон, 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 06-70 тоотод хохирогч О.Бтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж зодсон буюу шууд санаатайгаар хохирогч нарын эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан тус тус нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1300 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан А.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Э.Цод эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг төлбөр гарсныг шүүгдэгч А.Э нь төлж барагдуулсан, хохирогч О.Б нь “...гомдол санал байхгүй, хохирол мөнгөө бүрэн барагдуулсан авсан...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч А.Эг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч Э.Цын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 203.800 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч А.Ээс гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см урттай, нийт урт нь 21 см урттай, бариул хэсэг нь 6 см урттай улбар шар өнгийн бариултай заазуур 1 ширхгийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт А.Эг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Эг 1300 /мянган гурван зуун/ нэгж буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ээс 203.800 /хоёр зуун гурван мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 15 см урттай, нийт урт нь 21 см урттай, бариул хэсэг нь 6 см урттай улбар шар өнгийн бариултай заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ