| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00419/И |
| Дугаар | 497 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 497
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 156/ШШ2017/00497 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00419/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Баянмөнхийн 1-20 тоотод оршин суух, Ашудбилкд овогт Энхтуяагийн Нарантуяа /РД:СФ88031102/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Баянмөнхийн 1-20 тоотод оршин суух, Урианхан овогт Алтангэрэлийн Сансартуяа /РД:СЮ87121796/-д холбогдох
“гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, хариуцагч А.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны хавар нөхөр А.Сансартуяатай танилцаж 2010 оны 09 сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 11 сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 52 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. А.Сансартуяатай суухаас өмнө би нэг хүүтэй байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 10 сарын 25-д хүү Мөнх-Эрдэнэ төрсөн. Бидний хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүсэж эхэлсэн. А.Сансартуяа нь байнга архи ууж агсам тавин зодох болсон. Гэр бүл байх хугацаандаа хэрэглээний хоол хүнс ахуйн хэрэглээний зүйлийг хангаж чаддаггүй байсан. Мөн өөрийн хүү болох Мөнх-Эрдэнэдээ согтуу ирэх болгондоо гар хүрч зодох болсон. Гэр бүлийн хүчирхийлэл гаргадаг байсан. Би өөрийн ах дүү нараас хэрэглээний зүйлээ авч хэрэглэдэг байсан. 2016 оны 09 сард Нэгдэлчин зочид буудалд галчаар ажилд орсон. Энэ хугацаанд цалин мөнгө өгч байгаагүй. Ажилд орсноос хойш гэртээ ирэхээ больж эхнэр хүүхэд, ар гэртээ санаа тавихаа больсон. Ингээд 2017 оны 5 сард гэрээсээ хувцсаа аваад явсан. Одоо болтол гэртээ ирээгүй дуулахад ажил дээрээ найз хүүхэнтэй болсон гэж байсан. Одоо миний хүү Мөнх-Эрдэнэ нь аавыгаа санаж сэтгэл санаагаар унах болсон. Би хүүгийнхээ ирээдүйг бодож өдий болтол ах дүү нараасаа зоддогийг нь нууж явсан. Би нөхөр А.Сансартуяад хоёр хүүгээ бод амьдралаа бод гэж зөндөө хэлж гуйсан боловч хоёулаа салъя гэсэн. Өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Миний хувьд цаашид нөхөр А.Сансартуяатай хамт амьдрах хүсэлгүй болсон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Одоо амьдарч байгаа дөрвөн ханатай гэр, хүү А.Сансартуяагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. 40 тооны ямааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч А.Сансартуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Нарантуяа бид хоёр 2011 оны 11 сарын 04-ний өдөр гэрлэлтээ баталгаажуулж гэр бүл болж тэр ондоо хүү С.Мөнх-Эрдэнийг төрүүлж одоог хүртэл 7 жил хамт амьдарсан. Өдийг хүртэл хамт амьдрахдаа олсон орлого, цалин хөлсийг гэр бүлийнхээ төлөө зарцуулж ирсэн. Би эхнэр хүү хоёроо хаяж явж байгаагүй. Э.Нарантуяа намайг гэр бүл, хамаатан садантайгаа нийлж дарамталж, хутгалж ална гэж сүрдүүлж ажил дээр ажлаа хийгээд сууж байхад гэртээ ирсэнгүй гэж цагдаагаар баривчлуулж гэртээ очиход элдвээр харааж зүхэж яв зайл гэж хөөж тэвчихийн аргагүй ааш авируудыг байнга гаргадаг байсан. Бид манай аавын барьж өгсөн гэрт хамт амьдарч амьдралынхаа турш ажиллаж хашаа газар, машин, 40 тооны мал авсан. Хашаа газар зөвхөн би өөрөө ажиллаж авсан. “Вишн фанд” ББСБ-аас зээл хийж 40 ямаа худалдаж авсан. Гэр бүл хоол ундны хэрэгцээнд бүгдийг зарцуулж дууссан. Одоо миний нэр дээр ямар ч мал ямаа байхгүй. Мөн Э.Нарантуяагийн төрсөн дүүгийн нөхөр Дандарийн нэр дээр зээл авч машин авсан ч Э.Нарантуяа дур мэдэн зарж борлуулсан. Уурын зууханд шөнөжин ажиллаад өглөө ядраад ирэхэд хоол цайгүй байдаг байсан.. халамж хайр бага үзүүлдэг байсан..одоо эргэж нийлж амьдрах хүсэлгүй байна. Шинэ Баянмөнхийн 1-20 тоотод одоо бариатай байгаа 4 ханатай гэрийг, доторх эд хогшлийн хамт Э.Нарантуяад өгөхийг зөвшөөрч байна. Хүү С.Мөнх-Эрдэнэд хууль журмын дагуу төлөх ёстой хүүхдийн тэтгэлгийг сар бүрд нь төлөх болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь хариуцагч А.Сансартуяагаас гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө гаргуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь хариуцагч А.Сансартуяатай 2010 онд гэр бүл болж, хамт амьдрах хугацаандаа 1 хүүхдийн эцэг эх болсон болох нь 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5х/, хүү Сансартуяагийн Мөнх-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Нарантуяа, хариуцагч А.Сансартуяа нар нь хоорондын таарамжгүй харьцаа, гэр бүлийн доторх хэрүүл маргаан, зодоон толхилцоон, хадам хүргэний таарамжгүй байдал зэрэг шалтгаануудын улмаас тусдаа амьдрах болсон ба зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүүхдийн асрамжийн тухайд түүний нас, эрүүл мэнд, өсч хүмүүжиж буй орчныг харгалзан нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн асрамжинд хүү С.Мөнх-Эрдэнийг өгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэгэнт хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь 4 ханатай гэрийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, шинэ баянмөнхийн 1-20 тоотод байрлах 4 ханатай гэр, доторх эд хогшлийг нэхэмжлэгч Э.Нарантуяад олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь дундын эд хөрөнгө болох 40 тооны ямааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул энэ байдлыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Нарантуяагийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Ашудбилкд овогт Энхтуяагийн Нарантуяа /РД:СФ88031102/, хариуцагч Урианхан овогт Алтангэрэлийн Сансартуяа /РД:СЮ87121796/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011.10.25-нд төрсөн хүү Сансартуяагийн Мөнх-Эрдэнэ /РД:СЮ11302512/-ийг нэхэмжлэгч /эх/ Э.Нарантуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү С.Мөнх-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч /эцэг/ А.Сансартуяагийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж, хүү С..Мөнх-Эрдэнийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Э.Нарантуяад даалгасугай.
5. Хариуцагч А.Сансартуяа нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ Баянмөнхийн 1-20 тоотод одоо бариатай байгаа 4 ханатай гэрийг, доторх эд хогшлийн хамт нэхэмжлэгч Э.Нарантуяад өгөхийг зөвшөөрсөн болохыг дурдсугай.
6. Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь хариуцагчаас 40 тооны ямааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Сансартуяагаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нарантуяад олгосугай.
10. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР