Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 498

 

2017 оны 08 сарын 31 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00498

  Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00437/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-80-08 тоотод оршин суух, Салхин овогт Равдангийн Сүхбаатар /РД:СЖ60021913/-ын нэхэмжлэлтэй

         “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Р.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн 2 дугаар бригадад эвлэлийн илгээлтээр гарч малчнаар ажилласан.  1978 оны 06 дугаар сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдаж 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдөр халагдсан. 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөн сумын Бүтээлч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэгдлийн даргын 13 тоот тушаалаар 2 дугаар бригадын шууданчаар томилогдсон. Архиваас шүүлгэхэд ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа болно. Иймд намайг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 337 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

        

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Салхин овогт Равданы Сүхбаатар нь Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Р.Сүхбаатарын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Салхин овогт Равдангийн Сүхбаатар /РД:СЖ60021913/-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус   ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай цалингийн түүврийн хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн даргын 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-10х/, гэрч С.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 20х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

      Түүнчлэн нэхэмжлэгч нь Хэнтий аймгаас цэрэгт татагдан 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 337 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь /хх-ийн 5х/-аар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Салхин овогт Равдангийн Сүхбаатар /РД:СЖ60021913/-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

           2. Нэхэмжлэгч Р.Сүхбаатар нь Хэнтий аймгаас цэрэгт татагдан 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 337 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.  

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Сүхбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР