| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0304/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/363 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/363
2022 04 20 2022/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Н.С,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан эрүүгийн 2211001690408 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Долоод овогт Н.С
Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 71 дүгээр гудамж 977 тоотын гадна хохирогч Т.Тийг “гар утсаараа яриулаач” гэж хуурч, түүний эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “ЭлЖи Экс-6 /LG X6/” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Н.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө миний бие Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт би найзынхаа гэрээс гараад согтуу явж байгаад нэг залуу байж байхаар нь утсаараа нэг яриулаач гэж би гуйсан тэгсэн өнөөх залуу надад гар утсаа өгсөн бөгөөд би тухайн утсаар нь өөрийнхөө найз охин болох Халиунаа гэгчтэй ярьж байгаад шууд цаашаа зугтаад гүйсэн...утсыг танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Тухайн 80.000 төгрөгийг би хувьдаа зарцуулж дуусгасан...” /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
- хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цагийн үед гэртээ харих гээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 71 дүгээр гудамж 977 тоотын гадна ирж байхад үл таних нэг согтуу залуу таарч гар утсаараа яриулж болох уу гэж хэлэхээр нь би гэрийнхээ гадна талд байсан учир гар утсаараа яриулсан чинь миний гар утсыг аваад зугтаасан. Миний гар утсаар ярьсан залуу нь 168 см өндөртэй хар өнгийн бомбортой, шулуун саравчтай малгайтай, цайвар өнгийн бэлтгэлийн өмдтэй, туранхай шөвгөр царайтай байсан...”, “...би түүний царайг нь сайн санаж байна. Би Сүрэнхордаваа гэх залууг өмнө нь харж байгаагүй ээ. Одоо түүнээс гар утасныхаа төлбөр болох 200.000 төгрөгийг буцаан авмаар байна. Тухайн үед Сүрэнхордаваа гэгч нь ганцаараа миний утсыг авч зугтаасан...”/хавтаст хэргийн 12-15 дугаар тал/,
- гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай гэрийнхэн болон найзууд маань намайг Халиунаа гэж дууддаг... 2022 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 03 цагт байхаа тухайн 95610646 дугаараас Сүрэнхордаваа гэгч нь миний 80999071 гэх дугаар руу залгаад би найзынхаа утаснаас ярьж байна. Намайг ирээд аваадхаач 3,4 дүгээр хороололд байна гээд над руу залгаад байсан бөгөөд тухайн үед би одоо очиж чадахгүй юу яриад байгаа юм гэж хэлээд утсаа салгасан бөгөөд тэр над руу 2-3 удаа уг дугаараас залгаж байсан бөгөөд намайг ирээд аваадхаач гээд байсан ба би утсаа унтраасан юм. Тухайн 95610646 дугаарыг би өмнө нь харж байгаагүй бөгөөд анх удаа над руу тус дугаараас Сүрэнхордаваа залгасан бөгөөд тэр надад хэлэхдээ найзынхаа утаснаас залгаж байна гээд хэлж байсан бөгөөд тэр дугаарын эзнийг нь танихгүй ээ...” /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- "Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД2-22-63 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
- хохирогч Т.Төөс гаргасан 95610646 дугаарын утасны ярианы хуулга /хавтаст хэргийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 71 дүгээр гудамж 977 тоотын гадна хохирогч Т.Тийг гар утсаараа яриулаач гэж хуурч, түүний эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “ЭлЖи Экс-6” загварын гар утсыг залилж авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор өмчлөгчийг хуурч шилжүүлэн авахыг ойлгоно.
Шүүгдэгч Н.С нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр шууд санаатайгаар хохирогч Т.Ттэй утсаар яриулаач гэж итгүүлэн хуурч, хохирогчоос 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “ЭлЖи Экс-6” загварын гар утсыг залилан өөртөө шилжүүлэн авч бусдын өмчлөх эрхийн эсрэг нийгэмд аюултай хийсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Н.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Т нь 200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.С хохирлыг бүрэн барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Долоод овогт Н.С бусдыг хуурч эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Сг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Сд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ