Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/329

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          04          08                                  2022/ШЦТ/329

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч О.З,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан эрүүгийн 2211000000592  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овогт О.З

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нисдэг тэрэгний зэвсгийн механикч мэргэжилтэй, ам бүл 4 ээж 2 дүүгийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Эийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун дээд 3, зүүн дээд 2,3,5 дугаар шүдний хугарал, баруун доод 2 дугаар шүдний булгарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч О.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би согтуу байсан юм аа асуудлыг бүрэн ойлгоогүй байна лээ. Манай найз Алтаншагай нь зүгээр маргалдаад хэрэлдээд зогсож байсныг нь би зодолдож байна гэж ойлгоод нэгийг нь түлхсэн юм. Тэгээд тэр ах намайг зөрүүлээд түлхэхээр нь би шууд тэр ахын шүд рүү нь нэг баруун гараараа цохисон юм. Би хийсэн хэрэгтээ харамсаж гэм буруугаа хүлээж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

                                     - хохирогч А.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2022 оны 02 сарын 11-ний өдөр 12 цагийн үед урьд өмнө нь барилга дээр ажиллаж байхдаа зүс мэддэг байсан Сурваа, Баатараа гэх 2 залуутай гудамжинд тааралдаад Чингэлтэй дүүрэг 7-р хороо Хувьсгалчид Б9-444в тоот гэр лүүгээ дагуулж очоод танилцаж хамт 0,75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи 2 шилийг уусан. Тэгээд бид гурав Баатараагийн гэр лүү очиж архи уухаар 21-р хороолол руу явах гээд Чингэлтэй дүүрэг 7-р хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудал руу замын хажуугаар явган хүний замаар явж байсан чинь нэг машин хашлага даваад ороод ирэхээр нь би хүн дайрлаа гээд машиных нь урд талын копут руу нь гараараа цохисон тэгсэн чинь жолооч нь бууж ирээд чи яаж байна гээд намайг түлхээд надтай маргалдсан. Тэгсэн чинь яг тухайн автобусны буудлын зүүн хойно байрлах зочид буудлаас найз нь гээд нэг залуу гарч ирээд намайг түлхсэн тэгэхээр нь зөрүүлээд түлхсэн чинь шууд миний шүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний дээд болон доод шүднүүд унасан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

- гэрч Б.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудлын ард зүүн хойно байрлах зочид буудал руу явж байсан ба миний очих буудал нь автобусны буудал жоохон өнгөрөөд баруун гар тал руугаа эргэж орох гудамжинд байсан ба гудамж руу орох зам байхгүй болохоор нь би боржуур давж орох гэтэл урдуур үл таних гурван согтуу эрэгтэй хүн явж байсан. Тэгэхээр нь би сигнал дарсан чинь нэг согтуу ах нь миний машины урд талын хамар луу цохисон. Тэгээд би уурлаад машинаасаа бууж очоод та яаж байгаа юм бэ гээд түлхээд барьцалдаж аваад зогсож байсан чинь манай найз З гарч ирээд тэр гуравтай муудалцаад нэгийг нь түлхээд нөгөө нэг ахын шүд рүү гараагаа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25- ны өдрийн 3349 дугаартай "... М.Эийн баруун дээд 3, зүүн дээд 2,3,5 дугаар шүдний хугарал, баруун доод 2 дугаар шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52.3 зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Эийн Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Эийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун дээд 3, зүүн дээд 2,3,5 дугаар шүдний хугарал, баруун доод 2 дугаар шүдний булгарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Этэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан З.Ангарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн А.Эийн: “...Болор увидас шүдний эмнэлэгт үзүүлэн шүд захиалж төлбөрийг нь хийж хохиролгүй болгосон...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч О.Зыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт О.Зыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Зыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Зт торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ