| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0290/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/402 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/402
2022 05 04 2022/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Д.О,
хохирогч Б.Э,
хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Р.Энх-Оюун нарыг оролцуулан эрүүгийн 2111003760293 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Хавчуу овгийн Д.О
Монгол Улсын иргэн, 1991оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 31 настай, эмэгтэй.дээд боловсролтой, Олон Улсын гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.О нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эг нөхөр Б.Ттэй хардсаны улмаас зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухай өдөр өөрийн нөхөр Тийг өдөржин хайгаад олохгүй бас гар утас руу залгаад утас нь холбогдох боломжгүй байж байгаад би Тийг үл таних эмэгтэй буюу Б.Э гэх эмэгтэйтэй юм яриад Б.Э лаазтай пиво барьчихсан Тийн машин луу суух гээд байж байхаар нь би хардсандаа Б.Этай маргалдаж муудалцсан юм. ... би үснээс зулгааж аваад арагшаа татаад Тийн машинаас буулгатал Т машинаасаа бууж ирээд миний 2 гарыг барьсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-112 дугаар тал/,
- хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орой 18 цагийн үед Хишигдэлгэр, Мэндбаяр ах нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мэндбаяр ахын зуслагийн байшинг эргэх гээд миний “Алпард” маркийн саарал өнгийн 46-37 УАА улсын дугаартай автомашинтай очсон. Тэгээд байшинд нь очоод нээх удаагүй байж байтал Мэндбаяр ахын байшингийн хажуу талд танил найзынх нь байшин байсан ба уг байшинд хүмүүс байсан чинь Мэндбаяр манай найз хажуу талын байшинд байгаа найзтайгаа уулзаатхъя гээд хажуу талын байшин руу ороод хэсэг удаад байхаар нь би Мэндээ ахыг дуудаад байшингаас гаргаж ирээд явцгаахаар болсон. Тэгээд 30 гаруй минут байж байгаад явах гэхэд Мэндбаяр найзаасаа явах эсэхийг асуугаадахъя гээд буцаад байшин руу орсон чинь байшинд 4-5 согтуу залуучууд байсан. Тэгээд би Мэндбаяр ахыг аваад байшингаас гараад явсан чинь араас үл таних нэг согтуу залуу ирээд та нар төв зам орох гэж байгаа бол би араас чинь дагаад төв зам ороодохъё, замаа олохгүй байна, та дуудлагын жолооч дуудаад өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь нээх их зүйл бодолгүй автомашинаа хөдөлгөөд явсан ба араас тэр залуу Ланд-200 маркийн автомашинтайгаа явж байсан. Тэгээд тэр залуу Ланд-200 маркийн автомашинтай бид нарын урд гараад яваад байсан ба удалгүй араас сигналдаад байхаар нь бид нар төв зам руу ороход араас дагаж ирээд сигналдаад, гэрлээрээ дохиод байхаар нь бид нар юу болсон юм бол гэж бодоод автомашинаа замын хажуу тал руу зогсоосон чинь, Ланд-200 маркийн автомашин манай автомашины зүүн талаар дарж орж ирээд автомашиныг хашаад баруун талын хэсгээрээ зогсчихсон. Тэгээд жолооч талын буюу зүүн талын цонхоо нээгээд дуудаад байхаар нь би дуудлагын жолооч дуудах гээд байх шиг байна гээд өөрийн автомашинаасаа буугаад автомашиныг тойроод жолоочийн эсрэг талын буюу баруун гар талын хаалган дээр очоод автомашины баруун талын хаалгыг онгойлгоод яасан бэ? гэж асуугаад байж байтал гэнэт хаанаас нь мэдэгдэхгүй 2 эмэгтэй хүрч ирээд миний баруун зүүн талаас хоёулаа зодож цохиод эхэлсэн ба миний үснээс зулгаагаад нүүр, гар, хөлийн шилбэ, гуя руу өшиглөөд цохиж зодоод байсан. Тэгээд би яахаа мэдэхгүй байж байтал миний зүүн гар талд байсан бараан гадуур хувцастай, харааны нүдний шилтэй, 30 гаруй насны эмэгтэй миний зүүн талын хөлийн шилбэ болон өвдөг хэсэг рүү өшиглөхөд миний хөл мэдээ алдаад газар сөхрөөд унасан. Тэгж байтал манай үеэл Хишигдэлгэр, Мэндбаяр, болон машины жолооч, бас нэг үл таних залуу ирээд салгасан. Тэгсэн миний зүүн талын хөлийн шилбэ болон өвдөг хэсэг рүү өшиглөсөн бараан гадуур хувцастай, харааны нүдний шилтэй, 30 гаруй насны эмэгтэй авто машины жолооч болох Т гэх залуу руу орилоод дайраад байсан. Тэгээд би мултраад үеэл Хишигдэлгэртэй хурдан цагдаа дууд гэж хэлээд байж байсан чинь тэр хоёр эмэгтэй зугатаагаад яваад өгсөн. Тэгээд байж байсан чинь тэр 11-73 УНИ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй залуу манай эхнэр жоохон хартай ийм юм болчлоо. Манай эхнэр угаасаа ийм би 2 удаа нэг ийм юм болоод баригдсан гэж хэлсэн. Тэгээд намайг дуудлагаа буцаагаач гэж хэлсэн. Надад хэцүү байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 2 эмэгтэйг дуудчих буруу ойлгочихлоо гэж хэлүүлээд надаас уучлалт гуйчихвал болно гэж би хэлсэн. Тэгээд тэр залуу эхнэрлүүгээ залгаад байх шиг байж байснаа манай эхнэр утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас гуйж байгаад зугатаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар тал/,
- гэрч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т өөрийн машинтай урдуур хашиж ирээд зогссон. Тэгээд Э дуудлагын жолооч дуудуулах гэж байна гээд машинаас буугаад Тийн машин руу алхаж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод яриад зогсож байсан. Би Мэндбаяр ахтай ярьж байгаад нэг урагшаа хартал Эг 2 эмэгтэй зодож байсан. Тэгээд бид 2 бууж очоод салгасан.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 43-46 дугаар тал/,
- гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний бие өөрийн танил ахын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх зуслангийн байшинд нь очсон юм. Тэгээд тухайн байшиндаа унтаад орой 21 цагийн үед сэрэхэд 2 эмэгтэй 1 эрэгтэй хүн ирсэн байсан. Тэгээд урагшаа хот руу явна гэхээр нь миний бие за би ч гэсэн гэрлүүгээ харилаа гэж хэлээд өөрийн машин болох 11-73 УНИ улсын дугаартай Ланд-200 маркийн машинтайгаа тэр хэдийн араас явсан нөгөө 2 хүүхэн болон танихгүй залуу нар саарал өнгийн машинтай явж байсан. Тэгсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Салхитаас уруудаад төв замтайгаа нийлээд зогссон тэгсэн урд явж байсан саарал өнгийн машинаас нэг эмэгтэй нь бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод надтай яриад байж байтал араас нь манай эхнэр болох О нь гэнэт гарч ирээд өнөөх эмэгтэйг үснээс нь зулгаагаад цааш нь түлхсэн. Тэгээд манай эхнэр цаашаа яваад өгсөн ба би тухайн эмэгтэйгээс уучлалт гуйгаад явуулсан. ..манай эхнэр буруу ойлгоод надтай хамт явж байгаа гэж ойлгоод хардаад үснээс нь татсан юм шиг байна лээ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дүгээр тал/,
- гэрч Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ланд-200 загварын тээврийн хэрэгсэлтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу гарч ирээд бид нарт хандаж би төв замыг олохгүй байх намайг төв зам хүртэл дагуулаад яваад тэндээсээ дуудлагын жолооч дуудаад явчихна гэж хэлсэн юм. Тэгээд бид нарыг дагаад засмал зам ортол дагаад явж байгаад засмал дөнгөж орж байхад араас гэрлээрээ дохиод байсан тухайн үед би Б.Эгийн найз болох Хишигжаргал гэх эмэгтэйтэй лаазтай пиво уугаад явж байсан тийм болохоор буугаагүй Б.Э нь машинаас буугаад жолооч дээр очиж хаалгаар нь ярилцаад зогсож байхад замын эсрэг талаас санагдаж байна Тоёота приус маркын машинаас бууж ирсэн махлагдуу биетэй 2 эмэгтэй Б.Э дээр ирээд түүнтэй маргалдаад ноцолдоод зодолдоод байсан. Тэгээд Б.Э найз Хишигжаргал гэх эмэгтэй буугаад очоод би буух гэхэд нөгөө ланд 200-ийн жолоодож явсан залуу намайг машиндаа суу чи яах гээд байгаан гээд суулгасан би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эргээд машиндаа суусан юм. Тэгээд удалгүй нөгөө хүмүүс машин машиндаа суугаад яваад өгсөн Б.Э нь цагдаад дуудлага өгөөд болсон зүйлийн талаар хэлээд шууд цагдаагийн хэлтэс дээр биеэрээ ирж Б.Э нь өргөдөл гаргасан цагдаагийн хэлтэс дээр ирээд би гэр ойрхон болохоор согтуу байсан болохоор гэр рүү яваад өгсөн. Миний санаж байгаагаар бол зүүн нүд чамархай орчимд шалбарсан шарх учирсан мөн зүүн хөл өвдөөд сайн гишгэж чадахгүй байна гээд доголоод яваад байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Эг зодсон үйл баримт тогтоогдож байна.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлтээр хийсэн 288 дугаартай “Б.Эы биед баруун бугалга. шууны цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-73 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Б.Даваасүрэн нарын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 812 дугаартай “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлтээр хийсэн 288 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-82 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Эы Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.О нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эг нөхөр Б.Ттэй хардсаны улмаас зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч Д.Оыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эыг хардалтын улмаас үл ойлголцол үүсч маргалдан, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...энэ гэмт хэргийг шүүгдэгч Д.О нь ганцаараа үйлдээгүй бусадтай бүлэглэж үйлдсэн, тиймээс мөрдөн байцаалтад буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай... ” гэх утга агууллага бүхий өмгөөллийн санал гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эаас “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтэд дурдагдсан таны биед учирсан хөнгөн гэмтэлийг хэн учруулсан бэ гэхэд “шүүгдэгч Д.О учруулсан” гэж эх сурвалжаа тодорхой шууд зааж мэдүүлсэн ба хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хохирогч Б.Эы биед учирсан гэмтэлийг шүүгдэгч Д.О нь бусадтай бүлэглэж үйлдсэн гэх баримт авагдаагүй, тус хэрэг учрал болоод 1 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагагүй гэж шүүх үзэн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авахаас татгалзав.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.
Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад: “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт: “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу Эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Д.Оын 2021 оны 3 дугаар сарын 12-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамруулахгүй байх гэмт хэрэгт ороогүй. Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шүүгдэгч Д.Оын байршуулсан 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Эд олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавчуу овогт Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шүүгдэгч Д.Оын байршуулсан 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Э /РД:ЗЕ80071908/-д олгосугай.
4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ