Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/332

 

 

 

    2022         04          08                                   2022/ШЦТ/332

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ж.Ц,

хохирогч Ч.А,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Ц.Майбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211000000176 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Боржигон овогт Ж.Ц

Монгол Улсын иргэн, 1960 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ж.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12:45 цагийн үед Чингэлтэй дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах Төмөрчний 2 дугаар гудамж, Павилон 2А тоотод Ч.Атай зээлийн төлбөр мөнгөнөөс болж маргалдан, улмаар резинэн бороохойгоор Ч.Агийн зүүн хөл рүү нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- хохирогч Ч.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.А нь: “2021 оны 10 дугаар сарын 25-ны өглөөний 9 цаг өнгөрч байхад шүүгдэгч Ж.Цтай утсаар ярьсан. Би Ж.Цид өр зээлийнхээ асуудлыг нэг мөр уулзаж шийдвэрлэе гэж хэлтэл “би Дарханд байна”, “аав ковид туссан учир уулзах боломжгүй” гэж хэлсэн. Үүний өмнө мөн утсаар холбогдоход “ковид туссан учир уулзах боломжгүй” гэдэг хариуг хэлсэн. Энэ мэтээр асуудлыг шийдэж чадахгүй байсан тул шүүхэд хандахаар Ж.Цийн хаягийг лавлахын тулд ажил дээр нь очсон. Ажил дээр нь очиход Ж.Ц байсан бөгөөд би “Дарханд байна гэж хэлсэн чинь худлаа юм биш үү?” гэхэд “би чамтай гэрээ байгуулаагүй учир мөнгө өгөхгүй” гэх мэтээр маргаан үүссэн. Маргалдаад учраа олж чадахгүй байсан тул манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгсөн цагдаа дэлгүүрийг нь харалгүй өнгөрөөд явчихсаныг манай нөхөр дуудах гээд гарсан. Тэр хооронд би Солонгос улсад байдаг Цагаанаатай видео дуудлага хийж болсон явдлын талаар хэлж байтал Ж.Ц лангууны араас гарах гээд байхаар нь би гаргахгүй гээд хаасан. Гэтэл Ж.Ц бороохойгоор шилбэ хэсэг рүү бороохойдсон. Би чихрийн шижин өвчтэй учир авсан хөлийн гэмтэл үрэвсэж маш их эмнэлгээр явж, эмчилгээ хийлгэсэн. Тухайлбал, сүүлд Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлсэн. Мөн уг гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 6 дахь хоногт ковид туссан. Хөлийн гэмтэл удаан эдгэрч байсан учир эмчилгээ хийлгэх бүрд таксигаар зорчдог. Тиймээс мөрдөгчдөө хандан Ж.Цаас эмрайд харуулах төлбөрийг гаргуулж өгөхийг хүсэхэд Ж.Ц хохирлыг барагдуулахгүй гэж хэлсэн буюу өнөөдрийг хүртэл огт хохирол барагдуулаагүй байна. Мөн би нөхөртэйгөө хамт Нарантуулын урд зогсоолд өдрийн 40.000 төгрөгөөр ажилладаг байсан. Гэмтлийн улмаас сар гаруйн хугацаанд ажилдаа яваагүй. Би Ж.Цийн учруулсан хохирлоос болж ажилгүй, эрүүл мэнд болон эдийн засгаар хохирч, ковид хүртэл туссан. Гэтэл Ж.Ц намайг эрүүл мэнд, эдийн засгаар хохироочхоод уучлалт гуйгаад уулзаж болох байсан боловч уулзаагүй. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол уучлал хүсэж, эмчилгээг хариуцах нь зүй ёсны хэрэг байдаг. Гэтэл одоо намайг огт танихгүй, утсаар ярьснаа ч мэдэхгүй гэж хэлж байна. Миний зүгээс эрүүл мэндийн байдлаас шалтгаалж 4-5 сарын өмнө болсон үйл явдлыг санаж хэлэхэд хэцүү байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсанаас болж нарийн зүйлсийг мэдүүлж чадахгүй байна. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв,

- хохирогч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны ойролцоох “Эрдэнэ төв” гэх нэртэй газарт ажилладаг Цтай уулзаад зээлсэн байсан 10,000,000 төгрөгөө авах гээд ирсэн чинь Ц ажил дээрээ байгаагүй ба ажлынх нь гадаа би нөхөр Б.Лхамсүрэнтэй хамт хүлээж байсан. Тэгээд Ц ажлын газар дээрээ ирээд үүдээ онгойхоор нь нөхөр бид 2 Цийг дагаад ажлын өрөө рүү нь ороход “Чи юу хийж ирсэн юм, би чамд өглөө хэлээ биз дээ” гэхээр нь өглөө би чамтай утсаар ярихад “Дархан хотод байна, аав ээж 2 корона туссан гэж хэлчхээд одоо ажил дээрээ байна, энэ ямар учиртай юм бэ” гэж хэлсэн. Цаас мөнгөө нэхэхээр “Тэр шүүх цагдаадаа өгөөд аваарай, надад өгөх мөнгө байхгүй, би биеэрээ ялаа эдэлнэ” гээд хэлээд байгаа юм. Би Цаас “гэрийнхээ хаягийг өгчих, Бэлхийн хаяг дээрээ амьдардаггүй юм байна” гэсэн чинь намайг ажлын өрөөнөөсөө хөөгөөд гар гэж хэлэхээр нь “би гарахгүй шүүх цагдаад өгөх гэхээр хаяг чинь байхгүй” гэсэн чинь “би хүүхдүүдийнхээ гэрт амьдардаг, гэр оронгүй хүн” гэхээр нь “чи тэгвэл хүүхдүүдийнхээ гэрийн хаягийг өг” гээд бага зэрэг маргалдсан. Тэгээд би шууд Цагаанхүү гэдэг анх Цид мөнгө зээлсэн эмэгтэй рүү залгаад Цэнд- Аюуштай видео дуудлага хийж яриулахад Цагаанхүү Цид хандаж “би наад А гэх хүнээс 5,000,000 төгрөг зээлж аваад тэр нь хүүтэйгээ 7,500,000 төгрөг болоод байна, би чамаас мөнгөө авах гээд бараг 2 жил болж байна, Ад би итгэмжлэл хийгээд өгсөн байгаа, Ад миний өмнөөс мөнгийг нь өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд ярьж байхад Ц “цагдаа дуудна” гэхээр нь би “дууд” гэж хэлээд нөхөр маань цагдаагийн машин дуудах гээд гараад явсан чинь намайг хурдан гар, би гармаар байна гээд лангууны араас гарч ирээд явах гээд байхаар нь би “одоо цагдаа ирж байгаа” гэж хэлээд гаргахгүй гээд цаашаагаа түлхсэн чинь нэг мэдсэн чинь гартаа 2 ширхэг хар өнгийн резинэн бороохой гаргаж ирээд шууд зүүн хөлийн өвдөгнөөс хойш, шагайнаас дээш хэсэгт 1 удаа цохиод, мөн баруун мөр лүү цохих гэж байхад нь тэр бороохойг нь би гартаа барьж авсан. Тэгээд миний хөл рүү цохисны дараа бараг хугарчих шиг болсон ба одоо хөл маань аймар том хавдчихаад байна. Цаас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн биед учирсан хохирол, эмчилгээ хийлгэх мөнгө нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

- гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 48 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Найман шарга төвийн Эрдэнэ гэх нэртэй төв дээр нэг хүүхэн орж ирээд зодох гээд байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ахлагч М.Хаш-Эрдэнэтэй хамт очиход Эрдэнэ гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага руу ороход мөнгөний асуудлаас болж 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байсан. Гаднаас орж ирсэн эмэгтэйн нөхөр гээд нэг хүн байсан. Лангууны ард байгаа эгч “энэ эмэгтэй нөхөртэйгөө орж ирээд хэрүүл маргаан үүсгээд, орилж хашхираад байна” гэж хэлсэн ба нөгөө орж ирсэн эмэгтэй нь лангууны өөдөөс хараад зогсож байсан. Тэгээд энэ лангууны эзэн надад өр авлагатай, гэрээтэй, мөнгөө авмаар байна, тэгээд хоорондоо хэрүүл маргаан болсон, энэ эмэгтэй миний хөл рүү цохичихлоо гээд байсан. Хөлөндөө цохиулсан эмэгтэй лангууны эзэн эмэгтэйг “намайг нэг юмаар хар өнгөтэй бороохойгоор цохисон, лангууны ард цохисон юм нь байгаа гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10402 дугаартай шинжээчийн “...Ч.Агийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг резинэн бороохой /хавтас хэргийн 14-16 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12:45 цагийн үед Чингэлтэй дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөрчний 2 дугаар гудамж, Павилон 2А тоотод Ч.Атай өр төлбөрөөс болж маргалдах явцдаа резинэн бороохойгоор хохирогч Ч.Агийн зүүн хөл рүү нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц нь: “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ажилдаа орж иртэл үл таних 2 хүн ардаас орж ирсэн бөгөөд “танай найз Цагаанаа надад өртэй”, “чамаас ав” гэсэн хэмээж Цагаанаа бид хоёрын хооронд байгуулсан гэрээний хуулбарыг үзүүлсэн. Хариуд нь би “гэрээ байгуулсан хүндээ төлбөрийг төлнө” гэтэл Ч.А “би чамаас авах эрхтэй” гэж хэлээд хэл амаар доромжилж, лангуун дээр байгаа зүйлүүдийг над руу авч шидэхэд гараараа хааж өнгөрөөсөн. Над руу дайрч давшлаад байсан тул болсон явдлыг хүүхдүүд рүүгээ залгаж хэлж дуудсан бөгөөд манай хүүхдүүд “цагдаагийн байгууллагад яаралтай ханд” гэхээр нь 2 удаа дуудлага өгсөн.  Дуудлага өгсөн цагдаа байршлыг олохгүй өнгөрч явсныг нөхөр нь бололтой эрэгтэй хүн дуудахаар гараад явсан. Үүний дараа Ч.А “чамаас заавал мөнгөө авна” гэж лангууны араар дайрч орон мөнгө дээрэмдэхийг завдсан. Дэлгүүртээ орж ирээд удаагүй байсан тул лангуунд мөнгө байгаагүй. Би Ч.Ад хандан “цагдаа ирж байх шиг байна гаръя” гэтэл гаргахгүй хэмээн миний хоёр гарын булчингаас чанга базан хана руу түлхсэн. Хойшоо савагдахдаа гутлын хошуу Ч.Агийн шилбэнд хүртэл “хөл өвдөж байна” гээд доошоо сууж байхад цагдаа орж ирсэн. Гараа хашуулчихсан хүн хөл рүү нь бороохойдох боломжгүй. Би “миний ажлын байр луу зөвшөөрөлгүй дахин халдвал чамайг бороохойдно шүү” гэж айлгах зорилгоор бороохойгоо үзүүлсэн. Гэтэл мөнгө дээрэмдэхийг завдан над руу элдвийг шидэн, хэл амаар доромжилсон мөртөө хоёр бороохойгоор бороохойдсон гэж гүтгэж хохирол төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв... Цохиогүй. Бороохойгоор цохих завдал надад өгөөгүй. Сүүлд би “дахиж надад халдвал бороохойдно шүү” гэж айлгах зорилгоор бороохойгоо харуулсан” гэж,

- мөрдөн шалгах ажиллагааны үед З.Ц яллагдагчаар: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвин эрдэнэ билэг” ХХК-ны банк бус байгууллага дээрээ орж ирээд байж байхад үүдээр эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд улмаар тэр эмэгтэй нь “танай найз Цагаанаагаас мөнгө авах ёстой, чамаас тэр мөнгийг аваарай” гэж хэлэхээр нь тухайн үед би өөрөө “юу гэж чамд өгөх билээ, би чамайг танихгүй, би тэр найзаасаа мөнгө авсан, тэр найздаа мөнгийг өгөх болно, чи тэрнэнс мөнгөө аваарай” гэж хэлсэн. Мөнгө авсан хүнээсээ мөнгө аваарай, тэр хүн тэгээд ч Солонгост байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд тэр эмэгтэйд би мөнгийг чамд өгөхгүй гэж хэлсэн чинь элдэв үгээр хэлж, луйварчин авгай, хулгайч авгай, дээрэмчин авгай гээд хэл амаар доромжлоод улмаар шууд манай лангууны араар орж ирээд мөнгө төгрөг байна уу гэж үзсэнээ давхар төмөр сейфны хаалгыг хүртэл татаж үзсэн. Тэр үед надад лангууны мөнгө байгаагүй, тэгснээ тэр эмэгтэй лангууны араас гараад над руу лангуун дээр байсан мөнгө тоолдог хуруу норгогч сав, мөнгөний резин, гар ариутгагч савтай шингэнийг хүртэл над руу шидсэн. Тухайн үед гараараа өөрийгөө хамгаалсан учраас тухайн шидсэн эд зүйлсэд оногдоогүй. Цагдаа ирэх хооронд би лангууны араас гарах гэтэл тэр эмэгтэй намайг гаргахгүй гээд намайг хүчтэй хана луу түлхэх үед миний гуталны хоншоор тэр эмэгтэйн хөлийг өшиглөсөн. Тэгээд тэр эмэгтэйд дахиж чи миний биенд хүрэх юм бол чамайг бороохойгоор цохино шүү гэж хэлээд лангууны ард байсан бороохой гартаа барьж авсан чинь тэр эмэгтэй хөл хөл гэж хэлээд лангууны дэргэд байдаг сандал дээр суусан. Улмаар цагдаа орж ирсэн. Тэг эмэгтэй би бороохойгоор цохисон зүйл байхгүй. Харин над руу дахиж хүрэх юм бол бороохойг цохино шүү гэж хэлээд гартаа бороохойг бариад харуулсанаас өөр зүйл болоогүй. Ер нь тэр эмэгтэй лангууны ард мөнгө байсан бол намайг дээрэмдэж мөнгө авах байсан. Намайг хана руу хүчтэй гараар маань базаад түлхэх үед арагшаа хана руу унахдаа нэг хөлөөрөө хөлийг өшиглөсөн. Би тэр өдөр нимгэн бөөрөнхий хоншоортой хавар намрын гуталтай байсан. Миний хувьд гомдолтой байна. Бороохойгоор цохиулсан гэж гүтгүүлсэн. Хэл амаар доромжлуулсан. Мөн намайг дээрэмдэх гэж завдсан. Тэр эмэгтэй хүн өөрөө эхлээд доромжилчихоод, хүн рүү өөрөө юм шидчихээд ингэж байгаад гомдолтой байна”  /хавтаст хэргийн 47 дугаар тал/ гэж тус тус мэдүүлгийг өгч өөрийгөө гэм буруугүй гэж мэтгэлцсэн болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудад дээрх шүүгдэгч З.Цийн мэдүүлэгт дурдаж буй шиг үйл бармтыг тогтоох баримт авагдаагүй, тус хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр зүйлгүй байна. Учир нь тухайн хэрэг учрал болсон газар нь шүүгдэгчийн ажлын байр нь байсан бөгөөд дүрс бичлэг хийдэг камертай гэх боловч тухайн өдрийн камерийн бичлэг хийгдээгүй болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон мөрдөгчийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 14-16 тал/ зэргээр тогтоогдож байна. Мөн тухайн үйл явдал болох үед хажууд харж байсан гэрч байгаагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин З.Ц нь хохирогч Ч.Аг цохиж гэмтээсэн үйл баримт нь хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, дуудлагаар очисон цагдаагийн албан хаагч гэрч Б.Цэрэнтогтохын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч З.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буругүй гэж мэдүүлсэн мэдүүлэг нь няцаагдаж байна гэж шүүх үзэв.


            Иймд шүүгдэгч Ж.Цийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Павилон 2А тоотод хохирогч Ч.Атай өр төлбөрийн улмаас маргалдан, улмаар шууд санаатайгаар резинэн борохойгоор нэг удаа цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ж.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор 600 нэгжтэй хэмжээний торгох ял шийтгэлийг шүүх оногдуулав.

Шүүхээс Ж.Цид оногдуулсан торгох ялыг түүний тэтгэврийн насанд хүрсэн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

           

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Ч.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт 1.600.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 551.740 төгрөг нь нотлогдож байх тул үүнийг шүүгдэгч Ж.Цаас гаргуулахаар шүүх шийдвэрлэж, хохирлыг хохирогчид боломжит хугацаанд нөхөн төлүүлэх зорилгоор гурав сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Харин хохирогч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Мөн хохирогч Ч.А нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 164.000 төгрөг гаргасан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийг нэхэмжилсэн байх тул гэм буруутай болох  шүүгдэгч Ж.Цаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар шүүх тогтоов

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн резинен бороохой 1 ширхгийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Цд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Цийг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь зааснаар Ж.Цийг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цаас нийт 551.740 /таван зуун тавин нэгэн мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ч.А /РД:МУ64041261/-д олгож, 3 /гурав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цаас 164.000 /нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч Ч.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан резинен бороохой 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

 8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ