| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0362/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/400 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/400
2022 05 04 2022/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч М.Д,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч П.Итгэл нарыг оролцуулан эрүүгийн 2211000000878 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Урианхан овогт М.Д
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хос индамтере ХХК-д зуурмагийн оператор, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Д нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 21- ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гахайн байрны автобусны буудал дээр хохирогч Б.О маргалдан улмаар түүнийг түлхэж унаган нүүр болон төмсөг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, хамар, баруун хацар, хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнө миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх гахайн байрны автобусны буудал дээр найз Д, Алтангадас нарын хамт байж байсан. Д бид хоёр жоохон маргалдаад байж байтал Д гэгч нь намайг зогсож байхад жалга руу түлхэж унагаасан бөгөөд би жалганаас мөлхөөд гараад ирэхэд шууд миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би босож ирээд намайг яаж байгаа юм бэ гэхэд миний төмсөг рүү хөлөөрөө өшиглөчхөөд шууд дээшээ өгсөөд яваад өгөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нэг караокед Д, О нарын хамт орсон бөгөөд тус караокеноос гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх гахайн байрны автобусны буудал дээр байж байтал Д нь Октябрийг шууд жалга руу түлхээд унагаасан бөгөөд гараад ирэхээр нь нүүр хэсэг рүү нь Д нь өшиглөх шиг болсон бөгөөд би түүнийг салгаад цааш нь болгосон ба Д нь цааш яваад өгсөн бөгөөд О нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Д, О нар нь караокены мөнгөнөөс болоод маргаад байсан ба О нь бол Д гэгчийг цохиж зодсон зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч зодсон үйл баримт тогтоогдож байна.
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 4624 дугаартай шинжээчийн "Б.Октябрийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, хамар, баруун хацар, хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ гэх дүгнэлтээр хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 21- ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гахайн байрны автобусны буудал дээр хохирогч Б.О маргалдан улмаар түүнийг түлхэж унаган нүүр болон төмсөг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, хамар, баруун хацар, хуухнагт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг учруулан түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч М.Д нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гахайн байрны автобусны буудал дээр хохирогч Б.О маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан М.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Б.О: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч М.Дг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхан овогт М.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Дг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ