Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/326

 

 

  2022         04          07                                  2022/ШЦТ/326

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Э.М,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2111015120295 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Боржгон овогтой Э.М

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эмээ нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч М.Стэй маргалдаж, улмаар пивоны шил шидэж эрүүл мэндэд нь “...духанд шарх, дух, цээжинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирлыг эмчилгээний баримтын дагуу төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дүгээр тал/,

- хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед 4 эмэгтэй найзтайгаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Доргио” шөнийн клубт бүжиглэж байхад үл таних 3 залуу, 2 эмэгтэйтэй явж байсан. Нэг залуу нь намайг танилцъя гэхэд нь татгалзаж пиво цацсан. ...Тэгсэн чинь тэр залуучуудтай хамт сууж байсан нэг үл таних эмэгтэй надтай маргалдаад өөрийн ширээн дээр байсан пивоны шилийг миний сууж байсан ширээ рүү шидсэн чинь миний толгойн тус газар онож, миний баруун хөмсөгний дээр дух руу онож гэмтээсэн ба миний духнаас цус гараад эхэлсэн. Тэр над руу пивоны шил шидсэн эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,

- гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-нд найз Эрдэмсоёлын хамт Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороонд байрлах “Доргио” найт пабд ойролцоогоор 23 цагийн үед очсон. 30-40 минутын дараагаар намайг бие засах өрөө орчхоод ирэх үед найз Эрдэмсоёл ширээн дээж сууж байсан. Юу болсныг асуухад “Хажуу ширээний охин намайг хараагаад байна” гэж хэлээд хажуу ширээнд сууж байсан охин руу өөрийн ширээн дээр байсан пиво цацсан. Хажуу ширээнд сууж байсан охин хариуд нь өөрийнхөө ширээн дээр байсан пивоны шилийг авч шидэхэд би доош тонгойж бултаад өндийж харахад дахин нэг шил шидэж Эрдэмсоёлын толгойг онож толгой нь битүү цус болсон. Дахин бид нар луу “Jack Daniels ” вискиний шил шидэхийг завдахад хамгаалагчид ирж болиулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай зөөгч над дээр ирээд хүмүүс муудалцаад байна гэхээр нь очиход 30 орчим насны эмэгтэй толгойдоо цохиулчихсан, толгойноос нь цус гарсан, зүүн хөмсөгний дээр шалбарчихсан байдалтай байхад нь гадаа гаргаж машинд нь суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11535 дугаартай “...М.Эын биед духанд шарх, дух, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Эрдэмсоёлын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Иймд ш¿¿ãäýã÷ Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч М.Стэй маргалдаж, улмаар пивоны шил шидэж эрүүл мэндэд нь “...духанд шарх, дух, цээжинд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

ш¿¿ãäýã÷ Э.Мийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” гэх нэршилтэй шөнийн цэнгээний газарт хохирогч М.Стэй үл ялих зүйлээс болж маргалдан  улмаар хохирогч нь түрүүлж аяганд байсан пиво цацхад хариуд нь шүүгдэгч нь шууд санаатайгаар пивоны шил шидэж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хохирогч түрүүлж аяганд байсан пиво шүүгдэгч рүү цацсан буюу зүй бус үйлдэл гаргасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, , урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч М.Э нь 500.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 150.000 төгрөг нь нотлогдож байх тул үүнийг шүүгдэгч Э.Мэс гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгчийн төлөх хохирлын хэмжээ, орлого олох боломж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 1 сарын хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржгон овогт Э.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Э.Мийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мэс нийт 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч М.Э-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

 8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ