| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2017/00680/И |
| Дугаар | 2053 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2053
Я.С нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01508 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Я.С нэхэмжлэлтэй
Хариуцагч: П.Т, Т ХХК-д тус тус холбогдох
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3 498 619 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Я.С нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т ХХК-ийн Старт Эко авто сэлбэгийн захаас авто машины буфер худалдан авахаар очиход тус худалдааны төвийн ажилчин дагуулж, 2 давхарт гарч буфер үзүүлсэн. Нөгөө залуутай буферийг дамжлан, урд талд нь явж байгаад 2 давхрын онгорхой нүхээр унаж хүнд гэмтсэн. Тухайн үед тус худалдааны төвийн ажилчид цагдаа болон түргэн тусламж дуудаагүй. Харин Я.С өөрийнх нь машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Энэ хугацаанд тус компанийн удирдлага болон холбогдох хүмүүс нэхэмжлэгч Я.С уулзаагүй, биеийн байдлын талаар нь асуугаагүй. Ингээд 4 сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Т ХХК-ийн захирал П.Т 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 201626010826 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1616 тоот Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шат шатны прокурорт гомдол гаргаж, Улсын Ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2195 тоот хариу мэдэгдэх хуудсааар хариу авсан ба ...хэргийг хянахад Т ХХК-ийн зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/19 тоот тушаалын хавсралтаар баталсан Байгууллагын нийт ажилчдын дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм-ийн 7.3 дах хэсэгт заасан Үйлчлүүлэгчийг агуулахын сэлбэг хураасан тавиурын хэсгээр ойрхон явахыг хориглож, хэрэв явж байвал анхааруулга өгнө гэсэн, MNS4930-2000 стандартын 1.4-ын 3 дах хэсэгт заасан Хаалт хамгаалах хэрэгсэлийг хэрэглэх гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас иргэн Я.С унаж, хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан эрүүгийн хариуцлагад татаж болох 6 сарын хугацаа өнгөрч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд хохиролоо шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн.
Я.С нь тус худалдааны төвийн 2 давхараас унаж бэртсэний улмаас цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал, баруун талын олон хавирга далд хугарал, баруун уушигны бүрэн бус авчилт, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хүнд гэмтэл гэсэн онош гарсан. Уг гэмтэлийн улмаас хэдэн сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хагалгаанд орсон, их хэмжээний эм тариа хэрэглэж зардал гаргасан.
Т ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 4930-200 стандартын 1.4-ийн 3 дах хэсгийн хаалт хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн гэсэн заалтыг, мөн байгууллагын нийт ажилчдын дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэмийн 7.3 дах Үйлчлүүлэгчийг агуулахын сэлбэг хураасан тавиурын хэсгээр ойрхон явахыг хориглож, хэрэв явж байвал анхааруулга өгнө гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс Я.С биед хүнд гэмтэл учруулсан буруутай. Иймд Т ХХК болон тус компанийн захирал П.Т нараас эмчилгээний зардал болох 2 998 219 төгрөг, өмгөөллийн урьдчилгаа хөлс 500 000 төгрөг, нийт 3 498 619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХК, П.Т нарын шүүхэд гаргасан тайлбар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Я.С нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Т ХХК-ийн салбар болох Эко зах дээр машины сэлбэг авахаар ирсэн. Тухайн үед манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 14 цагт болох гэж байсан тул Я.С орохыг хориглож, ажлын цаг дууссан байгааг өөрт нь анхааруулж хэлсэн. Гэвч манай ажилтны үгийг зөрж, байгууллагын дотоод журмыг зөрчин, машины буфер заавал худалдан авна гэж дайрч орж, ирэн бидний ажилд хүндрэл учруулсан. Арга буюу манай ажилтан Я.С доор хүлээж байхыг анхааруулан орохыг хориглосон туузтай хэсгээр 2 давхарт гарч тухайн сэлбэгийг буулгах гэхэд араас нь нэг мэдэхэд дур мэдэн дагаж орж ирэн тухайн буферыг авах гэж байгаад хөл алдан унасан. Иймд манай компани нэхэмжлэгч Я.С гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 2 998 219 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.С олгож, нэхэмжлэлээс 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч П.Т холбогдох 3 498 619 төгрөг гаргуулах тухай Я.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 62 921 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.С олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт бичсэнчлэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус захаар Я.С үйлчлүүлээгүй. Осол 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь осол болсноос хойш бүтэн 3 cap өнгөрсний дараа өвчтний өвчний түүхэд л үзлэг хийсэн дүгнэлт юм. Гэмтлийг бодитоор тогтоох, өвчтнийг гардан эмчилж байсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Хэрэв Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарыг гэрчээр байцаан мэдүүлэг авсан бол хохирогчид учирсан гэмтлийн зэрэг нь нотлогдох байсан. Ерөнхий прокурорын тогтоолд “Т" ХХК-ийн гүйцэтгэх захирлын гэм буруугийн талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй.
Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн /шинжээч/-ийн дүгнэлтэд “..,авагдсан хэргийн газрын үзлэгийн зургаас үзэхэд хохирогчийн унасан хэсэгт тухайн үед анхааруулан тууз татсан байсан байна" гэжээ. Тууз татсан нь хаалт хийж хүн унаж гэмтгэхээс хамгаалсан хэрэгсэл биш гэдгийг шинжээч тайлбарлаагүй. Энгийн үед хамгаалалтын тууз татсан байвал хэнч ойлгоод туузанд хүрдэггүй. Өндөр настай хүн туузыг хараагүй байх магадлал өндөр гэвч нэхэмжлэгч өөрөө хэдэн настай билээ, хэр зэргийн өндөрт гарч, юу хийж чадах билээ гэдгээ ухамсарласан байх ёстой.
Манай ажилтан Б.Хаш-Эрдэнэ ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийг өөрөө гарч үз гэж огт хэлээгүй талаар мэдүүлдэг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэх нотлох баримт нь наториатаар гэрчлүүлсэн л болохоос биш нотлох баримтын шаардлага хангаж байгаа нь эргэлзээтэй байна. НӨАТ-ын сугалаатай баримт нэг ширхэг ч байхгүй. Ийм эргэлзээтэй үед шүүх нотлох баримтыг эх хувиар нь шаардаж үзэх ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зарим нотлох баримтыг буруу үнэлснийг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч П.Т, “Т” ХХК-д тус тус холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3 498 619 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Я.С нь ажлын цаг дууссан байхад байгууллагын дотоод журам зөрчин, зөвшөөрөлгүй газарт орж хөл алдан унасан гэж маргажээ.
Я.С нь Т ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн өмчлөлийн барилга доторх авто сэлбэгийн захаар үйлчлүүлж байгаад давхар хоорондох тавцангийн онгорхой нүхээр унаж бэртэн хүнд гэмтэл авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Т ХХК-ийн өмчлөлийн барилгын доторх хоёрдугаар давхрын тавцан дээр буй онгорхой нүхийг битүүлээгүй байсан, зохигчдын хооронд эсхүл хариуцагч компанийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний оролцогч байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хариуцагчийн зүгээс маргаагүй байхад шүүх ажил үйлчилгээний доголдолтой холбоотойгоор учирсан гэм хорыг арилгах Иргэний хуулийн 512 дугаар зүйлийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
Зохигчдын хэн алины тайлбарт дурдагдаж буй нөхцөл байдлаас хоёрдугаар давхарт нүх гарсан, туузаар хамгаалсан байсан зэргийг дүгнэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөл, эзэмшлийн барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтын өөрчлөлттэй үед бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн унаж гэмтсэн үйлдэлд хариуцагч Т ХХК буруутай эсэх нь тогтоогдох шаардлагагүй бөгөөд зөвхөн уг барилга байгууламжийн өмчлөгч, түүнд үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь уг зүйлд зааснаар хариуцлага хүлээх хангалттай нөхцөл юм.
Авто сэлбэгийн захын үйл ажиллагаа явуулж буй уг барилга байгууламжийн өмчлөгч нь Т ХХК гэдэгт талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, барилга байгууламжийн өмчлөгч Т ХХК-иас хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зөв юм. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4 , 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримталсан нь тухайн маргаантай харилцаа, шаардах эрхэд хамааралгүй заалт байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.
Нэхэмжлэгчийн эм авсан гэх зарлагын баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан үзэхэд Я.С гэмтсэн цаг үед хамаарах, гэмтэлтэй холбоотой эм тариа, үйлчилгээг авсан байна.
Хэргийн 15-27 дугаар талд авагдсан баримтууд нь прокурорын байгууллагын архивд хадгалагдаж буй эрүүгийн хэргээс хуулбарлагдсан байх бөгөөд уг баримтуудын эхийг нэхэмжлэгч авах боломжгүй нөхцөлд тухайн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн. Дээрх баримтуудыг нотариатч давхар гэрчилсэн нь төрийн байгууллагын архивын хуулбар үнэн болохыг үгүйсгэхгүй юм.
Харин Я.С нь сувилалд амрахад зайлшгүй хамт асрах хүн явах шаардлагатай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэргийн 27 дугаар талд авагдсан 2 хүний сувилалын зардал 240 000 төгрөгийн тал болох 120 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй бөгөөд эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол шаардсан тул уг шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг нэмж баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт үнэлсэн, гэм буруу тогтоогдоогүй байхад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг 120 000 төгрөгийн хэмжээгээр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01508 дугаар шийдвэрийн 1, 2 дах заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 2 878 219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.С олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 620 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч П.Т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын дугаарыг 2 гэж дугаарлан “62 921” гэснийг “61 001” гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж, 5 дах заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД