Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0275

 

Н.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-н нэхэмжлэлтэй, Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагадаа: “Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын тамгын газрын даргын гаргасан 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай хууль бус тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Миний хувьд гаргасан шийдвэрээ хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энэ хүн ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ямар ч зөрчил гаргаж байгаагүй гэсэн байна.

Гаргаж байсан зөрчлийнх нь талаар Аудитын зүгээс 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд акт тавигдсан. Аудитын газраас арга хэмжээ авахдаа төлбөр төлөөсийг нь төлүүлэх, төрийн санд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх тухай шийдвэрлэжээ. Аудит шалгалт хийгээд зөрчил дутагдал илрээгүй гэсэн гэрчилгээ олгодог. Дашбалбар сумын Засаг даргын тамгын газарт зөрчилгүй гэсэн гэрчилгээ олгосны тухайд материаллаг түвшний залруулагдаагүй алдаа санхүүжилтийн 2 хувиас хэтрээгүй нөхцөлд зөрчилгүй дүгнэлт өгдөг журамтай байсан байна. Төрийн албан хаагч зөрчил дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Б-н үр дүнгийн гэрээг дүгнэхэд аудитын шалгалт ороогүй, акт тавигдаагүй байсан учраас хангалттай гэж дүгнэгдсэн байна” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,     26.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ”Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/04 тоот тушаалыг хүчингүй болгосугай” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 05-р сарын 01-ны өдрийн 12 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, хуулийн хугацаанд давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Иргэн Н.Б-д сахилгын шийтгэл оногдуулах тухай ЗДТГ-ын даргын 2013.03.04-ны өдрийн Б/04 тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт буюу энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах хуулийн зохицуулалттай ба хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт Төрийн албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг хуулиар хүлээсэн байна.

Гэтэл иргэн Б нь энэхүү үүргээ үл биелүүлж бусдыг үл хүндэтгэн, хэл амаар доромжлох, иргэд, ажилтан ажиллагсадтай зүй бусаар харьцаж төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн талаар шүүх хуралд тодорхой нотлох баримттай танилцуулсан боловч шүүгч үнэлж үзээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

  1. Эрх бүхий төрийн хяналт шалгалтын байгууллага болох аймгийн аудитын газраас 2014.02.07-ны өдрийн 01/39 ДРАГ-2014/61-СТА төлбөр тавих тухай актуудаар нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн зөрчил илэрснийг нэгэнт тогтоосон байхад, хууль зөрчсөн бол гэм буруугийн төлөө хариуцлага зайлшгүй байх зарчмын дагуу гаргасныг шүүх сайтар судалж харгалзан үзэлгүй нэг талыг барьж зөрчлийг тодорхой заагаагүй гэж шийдвэр гаргасан. Хэрэгт цугларсан материалаас үзсэн ч өөр зөрчилд арга хэмжээ аваагүй гэдэг нь нэгэнт тодорхой, нэхэмжлэл, тайлбаруудад тусгагдсан байгаа.

3. ЗДТГ-ын дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэн Н.Б-д хууль зөрчиж төсвийн хөрөнгийг зарцуулсан, ажилдаа хайнга хандсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан зэрэг сахилгын зөрчлийн шинж байдлыг харгалзан хууль заасан шийтгэлүүдээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын хүрээнд сонгож ногдуулсныг мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь тодорхой хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Гэтэл шүүх болон салбар зөвлөл заавал шат дараалсан буюу хөнгөн шийтгэх ёстой гэж үзэж шийдсэн байна.

Иргэн Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бусдыг гүтгэж, үндэслэл бүхий нотлох баримтгүй, актын мөнгө би бүрэн төлж барагдуулсан, дарга загнаж байж мөнгө гаргуулсан, Б.Б өөрөө буруутай гэх мэт худал ярьж бусдыг төөрөгдүүлснийг, шүүх харьцуулан үнэлээгүй, нэг талын баримтыг үнэлсэн, шүүх хуралдаанд холбогдох гэрчийг оролцуулах боломжоор хангаагүй, зэрэг хуулийг буруу хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж дээрх хэд хэдэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргасан тул эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна" гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд шаардагдах баримтыг бүрэн цуглуулж, хууль зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хүлээж авах үндэсгүй байна.

Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “20.1.7. анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх” гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дорнод аймгийн Аудитын газар Засаг даргын тамгын газарт шалгалт хийж, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/40ДААГ-2014/31-СТА,01/39ДААГ-

2014/31-СТА зэрэг актуудаар зөрчилд тооцож, 1’124’900, 820’000 төгрөгийг Засаг

 

даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн итөлүүлэхээр тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг шат дараалан ногдуулах албагүй боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад “зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзаж, гэм бурууд нь тохирсон" байхаар заажээ. Нэхэмжлэгч үүрэгт ажилдаа алдаа гаргасан нь Аудитын актуудаар[1] тогтоогдсон боловч төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг тусгайлан зохицуулсан дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой.

Аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх зөрчлийн зарим хэсэг нь нэхэмжлэгч Н.Б-г уг албан тушаалд томилогдохоос өмнөх хугацаанд хамааралтай, Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ирүүлсэн тодорхойлолтоор нэхэмжлэгч өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, мөн дээрх санхүүгийн зөрчлийг гаргахад хариуцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан нь уг аудитын дүгнэлтээр тогтоогдсон зэргийг сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх ёстой байсан байна.

Гомдолд “Н.Б нь бусдыг илт хүндэтгэн, хэл амаар доромжлох, иргэд, ажилтнуудтай зүй бус харьцдаг" гэсэн үндэслэл заасан боловч маргаан бүхий актыг энэ үндэслэлээр гаргаагүй, нотолгоогүй байна. Иймд хариуцагчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээж авах боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч хуралд хүрэлцэн ирээгүй. Хариуцагч биечлэн оролцох хүсэлт гаргаагүй, түүний “хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд” хамаарахгүй үндэслэлээр гаргасан хурал хойшлуулах хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

 

                               ШҮҮГЧИД                                              Н.ХОНИНХҮҮ

 

                                                                        Ц.ЦОГТ

 

[1] Дорнод аймаг дах Аудитын газрын акт хэргийн 50, 51-рт