Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00231

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 754 дүгээр магадлалтай,

С.Эгийн нэхэмжлэлтэй

О.Эд холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт болон үндэслэлгүй хөрөнгөжсөн 33 523 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Хандмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Э би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоот орон сууцыг мөнгөний шаардлага гарсны улмаас худалдахаар хотхоныхоо самбарт зар тавьсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард Болор түлхүүр зуучлалын компаниас зарын дагуу бидэнтэй холбогдон 2017 оны 11 дүгээр сард О.Э гэгч эмэгтэйтэй анх уулзуулсан. Тухайн үед О.Э одоо байр худалдан авах мөнгө байхгүй, 2018 оны 8 дугаар сард мөнгөтэй болохоороо байрныхаа үндсэн төлбөр болох 1 480 000 000 төгрөгийг төлнө, тэр болтол танай байрыг зохих үнэ хөлсөөр буюу сарын 5 000 000 төгрөгөөр хөлсөлж сууя гэж хэлсний дагуу бид 2018 оны 8 дугаар сар хүртэл байрыг сарын 5 000 000 төгрөгөөр хөлсөлж суух, 2018 оны 8 дугаар сарын 15-нд орон сууц худалдан авсан 1 480 000 000 төгрөгийг бүрэн төлөхөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан тохирсон боловч нэг ч төгрөг төлөлгүй, манай байранд 4 сар амьдарч байгаад 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц хөлсөлж суусны төлбөр болох 18 000 000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн буюу О.Э гэрээг хүлээн зөвшөөрч манай байранд орж амьдарсан бөгөөд орон сууц хөлсөлсний төлбөрт 18 000 000 төгрөг өгч байсан үйлдлээрээ энэхүү гэрээг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байсан. Иймд түүнээс орон сууц хөлсөлсний төлбөр болох төлөгдөөгүй үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч О.Э нь 18 000 000 төгрөгийг надад төлөх үедээ манай нөхрийн талд ажил явдал гарсан, удахгүй би мөнгөтэй болно хэмээн хэлж байсан учир би гэрээг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2 сарын хугацаагаар сунгаж, түүнд нэмэлт 1 сарын хугацаа тогтоож өгсөн. Ингээд хугацаа дуусахад О.Э нь манай орон сууцыг худалдаж авахгүй нь тодорхой болсон тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Этай уулзаж байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгөхийг зөвшөөрч гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл хууль бусаар манай байранд амьдарсаар байна. Хариуцагч О.Э нь 2018 оны 8 дугаар сарын 15-нд зээлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээний 1 480 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд гэрээг цуцалж, байраа хүлээн авахаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагт уулзаж мэдэгдсэн. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй байхаар Иргэний хуульд хуульчилсан байдаг. Анх бид орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч О.Эын орон сууц худалдан авах 1 480 000 000 төгрөг бүтэхгүй нөхцөл байдал бий болж, гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон. Хариуцагч О.Э орон сууц худалдан авах үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, ашиглалтын зардал болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй байсан тул миний бие 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээг түүнд мэдэгдэж гарын үсэг зуруулсны дагуу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар цуцалж, дуусгавар болгосон гэж үзэж байгаа болно. Бид гэрээг цуцалж, дуусгавар болгосон талаар харилцан зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч хариуцагч О.Э нь уг орон сууцанд амьдарсаар байгаа буюу бусдын өмчлөлийн орон сууцанд гэрээгүйгээр, үнэ төлбөргүйгээр амьдарч, ашиглаж байгаа тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч О.Эаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах төлбөрийг орон сууцыг хөлсөлж байсан 5 000 000 төгрөгөөр тооцож, нийт 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн тэрээр манай байранд 2018 оны 4 дүгээр сараас хойш амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын ус, дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны холбогдох зардал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө ч төлөөгүй тул эдгээрийн төлбөр болох 1 973 287 төгрөгийг хариуцагч О.Эаас нэхэмжилж байна. Иймд хариуцагч О.Эаас орон сууц хөлсөлж суусны төлөөгүй үлдэгдэл 10 000 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 000 000 төгрөг, ашиглалтын зардал 745 118 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 498 388 төгрөг, цахилгааны төлбөр 129 930 төгрөг, алданги 6 150 000 төгрөг, нийт 33 523 436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Э нар нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын Болор түлхүүр ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоотын 281 м.кв орон сууцыг автомашины гараашийн хамт зуучлан борлуулах гэрээ байгуулсан байсан ба уг гэрээний хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байсан. Тус байр зарах тухай зарыг Болор түлхүүр зуучлалын байгууллагын зуучлагч Болдбаатар, Анхбаяр гэх хүмүүс 2018 оны 02 дугаар сарын 10-даар хэлж, би уг байрыг үзсэн. С.Э нар нь уг байраа зарах гээд бүтэн жил хүн худалдаж аваагүй. Байр нь хүнгүй хоосон байсан. С.Э ч надад байр үзүүлэхдээ бид байраа жижиг болгож байгаа юм, шалтгаан нь өр төлбөр нэхэгдээд байна гэж байсан. Байр зарсанаа хүнд мэдэгдмээргүй байна, энд тэндээс өр нэхэгдээд байна гэсэн зовлон ярьж байсан. Гэтэл нэхэмжлэлд бичихдээ Болор түлхүүр зуучлалын газраас 2017 оны 11 дүгээр сард бидэнтэй холбогдож О.Э гэгчтэй анх уулзсан гэж он, сар, өдрөө хүртэл худал бичсэнийг гайхаж байна. Би уг байрыг сонирхож авахаар болж, нөхөр лүүгээ ярихад 2018 оны 8 дугаар сарын эхээр мөнгө бэлэн болно гэж хэлсэн ба энэ тухай зуучлагч Болдбаатар, Анхбаяр нарт хэлж байсан. 2018 оны 4 дүгээр сарын эхээр Болдбаатар, Анхбаяр нар над руу утасдаж байрны эзэн С.Э бид гурав байранд байна, С.Э эгч тантай уулзаж ярилцъя, тохиролцоё гэж байна гээд намайг утсаар дуудсан. Байранд намайг яваад очиход С.Э нь та үнэхээр манай байрыг худалдаж авъя гэж бодож байгаа бол гэрээ хийгээд орж бай, худал үнэн ярьсан хүмүүстэй харьцсаар байгаад залхлаа, их ч хугацаа алдлаа, байр маань ч эзэнгүй сул байгаад байна, зардал мөнгийг нь ч төлөхөд хэцүү байна. Би нөхөртэйгээ ярилцаад таныг нэг ч гэсэн хоногийн өмнө оруулж байя гэж зөвлөлдлөө, та мөнгөө орж иртэл байрандаа нүүж ор гэж санал тавьсны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 10-нд 1 автомашины зогсоол бүхий 281.2 м.кв байрыг 1 480 000 000 төгрөгөөр тохирч байр болон автомашины зогсоолын түлхүүрүүдийг хүлээн авч тус байранд нүүж орсон. Уг байранд 2018 оны 4 дүгээр сарын 10-нд нүүж орсны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг өөрсдийнх нь санал болгосон бэлэн гэрээ болон санал болгосон нотариат дээр нь очиж гарын үсэг зурж байгуулсан. Ингээд уг байранд ороод нэг сар гаруй болж байтал байрны доголдол илэрч бүх өрөөний шал, шалны хүрээ хоёрын завсар 2 см хэртэй завсар гарсан байсныг нуун далдалж силикон шахсан, шал нь бүхэлдээ доош суун хонхолздог, обойнууд суларч хөндийрсөн, цонхнууд бүрэн хаагддаггүй, ариун цэврийн өрөөний хананууд цуурч суулт өгсөн, том тагтны үндсэн хана болон 2 унтлагын өрөөний хооронд нэвт цууралт өгч ан цав гарч хагарсан ба түүнийгээ өнгөлөн далдалж эмульсээр будсан, хаалганууд гажиж хаагддаггүй зэрэг бодит байдлын доголдлуудыг нуун өнгөлөн далдлалт хийж үл хөдлөх хөрөнгө зээлдээр худалдах-худалдан авах гэрээг хийсэн байдал нь мэдэгдсэн тул энэ байдлыг С.Эд хэлж үзүүлэхэд би мэдэхгүй нөхрөөсөө асууя гээд л зугтаад гараад явчихсан. Өөрөөр хэлбэл тэд энэ доголдлоо мэдсээр байж өнгөлөн далдалж нуусан байсан нь илэрсэнд сандраад зугтаж гарсан. Тэр өдөртөө би энэ тухай зуучлагч Болдбаатарт утасдаж мэдэгдэж лавлан асууж байсан. С.Э нь надад эргэж энэ тухай хариу мэдэгдээгүй, огт ярихгүй байсан тул би энэ доголдлуудыг НМХГ-т хандан баталгаажуулья гэж үзээд 2018 оны 6 дугаар сарын 29-нд хянаж шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд тэдгээрийг ирж шалгаж дүгнэлт гаргасны дараа гэрээгээ цуцлах, гэм хорын хохирлоо гаргуулахаар шүүхэд хандахаар хүлээгээд байсан ба МХЕГ-ын дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 07-нд гарсан. Гэтэл С.Э нь 2018 оны 12 дугаар сарын 10-нд байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр нь уг нэхэмжлэлийг хүлээж аваад анх байгуулсан үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээнээс болж өөрт учирсан хохирол болох 72 590 000 төгрөгийг С.Э нараас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авахаас татгалзсан 183/ШЗ2019/00909 тоот захирамж гаргасан. Энэ захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан тул гомдол гаргаж болохгүй болсон. С.Э нар нь өөрийн орон сууцны эдгээр доголдлыг мэдсээр байж өнгөлөн далдлалт хийж, хууран мэхэлж уг байрыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийснийг нь уг байранд нүүж орсноос хойш 1 сарын дараа мэдсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үүнээс надад учирсан хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг уг нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх ёстой байхад шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн байр чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба энэ шийдвэр буюу 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/196 тоот шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаад байгаа болно. С.Э нар нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 498 388 төгрөг, ашиглалтын зардал 754 118 төгрөг, цахилгааны төлбөр 129 930 төгрөг, алданги 6 150 000 төгрөг нэхэмжилсэн боловч С.Э нар нь энэ мөнгөний нэхэмжлэгч нар нь биш. С.Э нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-нд орон сууц ашиглалтын Хайспийд ХХК-д өгсөн бичигтээ О.Э нь түрээсэнд нэг ч төгрөг төлөөгүй тул хэрэглээний халуун, хүйтэн усыг нь хязгааргүй хугацаагаар тасалж хааж өгнө үү гэж худал гүтгэн миний нэр төр, иргэний аюулгүй амьдрах үндсэн эрхэнд минь маш бүдүүлгээр халдаж, хязгаарлалтыг надад мэдэгдэлгүйгээр гэрт нэвтэрч хулгайгаар хуйвалдан хийлгэж дарамталсан. Хязгаарлалт хийсний дараа бичгийг надад өгч хууль бус үйл ажиллагаа явуулсан. Дээрхтэй мөн адил утгатай гүтгэсэн бичгийг Ухаалаг эрчим хүч ХХК-д өгч цахилгааны нэг ч төгрөгийн өргүй байтал 2018 оны 12 дугаар сарын 06-нд цахилгааны хязгаарлалтыг бас л хуйвалдан хийлгэж дарамталж хууль бус үйл ажиллагаа хийлгэсэн. Иймд С.Э нар нь цахилгааны мөнгө, сууц өмчлөгчдийн холбооны мөнгө, хэрэглээний мөнгө зэргийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эаас 33 253 436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 270 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 324 217 төгрөг, улсын орлогоос 6 433 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 754 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эаас 29 303 436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 324 217 гэснийг 304 467 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 567 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Э хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч О.Э би дараах гомдлыг гаргаж байна. 1. С.Э О.Э бидний хооронд 2018 оны 4-р сарын 18-ны өдөр байгуулсан “Зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг” анхан шатны шүүх болохоор ИХ-ийн 243-р зүйлд заасан “худалдах, худалдан авах гэрээ” хийгдсэн ба иргэний хуулийн 302-р зүйлд заасан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй гэсэн байх ба давж заалдах шүүх нь энэ дүгнэлтийг зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. С.Э нь анх надтай гэрээг байгуулахдаа орон сууцны гэрчилгээг эх хувиар нь бус хуулбараар нь нотариаттай хуйвалдаж хийсэн байсныг би сүүлд нь гэрээгээ харж байж мэдсэн. /урьдчилан бэлдсэн гэрээн дээр гарын үсэг очиж зурсан тул/ Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262-р зүйлд заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байх бөгөөд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлээс болж маргаж, уг гэрээ хийгдсэнээс хойш байрны эдийн доголдол илэрсэн. Уг доголдлыг нь С.Эд хэлэн үзүүлсэн. Энэ доголдлын талаар МХЕГ-ын дүгнэлт гарсан. Хамгийн гол нь С.Э нь энэ доголдлоо мэдсээр байж нуун далдалж хууран мэхэлж залилж гэрээ байгуулсан учир уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж хохирлоо нэхэмжлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байхад анхан шатны шүүх миний сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг зөвшөөрөхгүй байгаа зэргээр маргаан үүссэн байхад 2 шатны шүүх орон сууц хөлслөх гэрээ хийгдсэн тул хөлсийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2. Бидний хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээний гол нөхцөл бол иргэний хуулийн 262.1-д зааснаар худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч гэрээнд заасны дагуу үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэжээ. Гэтэл шүүх гэрээний гол нөхцлөөс хальж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэрвээ би орон сууц хөлслөх байсан бол ийм өндөр үнэтэй байр хөлслөхгүй байсан. Гол нь худалдан авах гэж байгаа учир мөнгө бүрдтэл 4 сар хөлс төлөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан. 1 480 000 000 /нэг тэр бум дөрвөн наян сая/ төгрөгөөр байр худалдан авах гэж байгаа хүн чинь ямар ч доголдолгүй сайн байр авах ёстой. Байрны үнээ төлөхгүй байгаа шалтгаан бол эдийн гомдолтой байрыг мэдсээр байж нуун далдалж худалдсанд байгаа юм. 3. Гэрээний 3.6-д заасан нэмэлт нөхцөлд заасан хөлсөлж суух хугацаа 2018 оны 08 сарын 15-нд дууссан. Гэрээний талууд хөлслөх хугацааг сунгах талаар тохиролцоогүй маргаж байхад шүүх нэхэмжлэгч нэг талын эрх ашигт нийцүүлж хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 4. С.Э нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгааны төлбөрийг нэхэмжилсэн байх ба эдгээрийг нэхэмжлэх нэхэмжлэгч нь С.Э биш гэдгийг шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй. 5. С.Э нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргасан ба О.Э намайг гэрээгүйгээр, үнэ төлбөргүй амьдарч ашигласан гэж бичсэн байхад шүүх орон сууц хөлслөх гэрээтэй байна. Гэрээ хийсэн гэж үзнэ гэж нэхэмжлэлээс хальж дүгнэлт хийсэн нь шударга ёс, болон хуульд эрх ашгийн илт зөрчилтэй шийдвэрийг хэт нэг талыг барьж гаргасан байна. 6. Шүүгч Мөнхбаяр нь илтэд С.Эгийн талд үйлчилж, энэ асуудлаар О.Э надад эрүүгийн хэрэг үүсгэх талаар танил талаараа хөөцөлдөж байсныг мөн шүүгчийн туслах Соронзонболд нь шүүх хурлын дэгийг зөрчиж байсан зэргийг анхааралдаа авч үнэн зөв шударгаар шийдвэр гаргана уу. Иймд ИХШХШТХуулийн 176-р зүйлийн 176.2.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч О.Эаас орон сууц хөлслөх гэрээний үүрэг, гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд нийт 33 523 436 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 33 253 436 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг багасган, 29 303 436 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаанд алданги, хохирол гаргуулах эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, хариуцагчийн хүлээх үүргийг үндэслэлтэй тодорхойлсон ба магадлалын тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хэм хэмжээг бүрэн тусгаагүй байх тул залруулах боломжтой гэж үзэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангажээ. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Талууд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 302 дугаар байрны 402 тоот 5 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирч, О.Э нь орон сууцны үнийг төлөх хүртэл буюу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцыг сар бүр 5 000 000 төгрөгийн хөлстэйгээр эзэмшиж, ашиглах, энэ хугацааны ашиглалтын зардлыг хариуцах үүргийг хүлээжээ.

О.Э нь 2018 оны 04 сарын 10-ны өдөр орон сууцыг хүлээн авсан, 2018 оны 10 сарын 01-ны өдөр 18 000 000 төгрөгийн хөлс төлсөн, талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч нь орон сууцыг буцаан өгөхөөр тохирсон үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Э нь орон сууц хөлслөх гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг 10 000 000 төгрөг, 2018 оны 08 сарын 15-наас 2019 оны 01 сарын 30 хүртэл хугацаанд орон сууцыг ашигласан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 15 000 000 төгрөг, алданги 6 150 000 төгрөг, ашиглалтын зардал 2 303 436 төгрөг нийт 33 523 436 төгрөгийн шаардлагыг тодорхойлсон ба хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлнө, харин орон сууцны доголдлын талаар хохирол гаргуулах асуудлыг хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж аваагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан гэрээ нэг дор байгуулагдсан, гэрээний төрөл, эрх зүйн харилцааг хоёр шатны шүүх үндэслэлтэй тодорхойлжээ. Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан, уг гэрээ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй тул энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох орон сууц хөлслөх гэрээний үүрэг, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгөө буцааж өгөөгүйгээс хохирол шаардах хөлслүүлэгчийн эрхийн тухай Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4-т заасан зохицуулалтыг тухайн маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчийн хувьд ашиглалтын зардал төлөх үүргийг зохих байгууллагын өмнө хүлээх тул орон сууцыг эзэмшиж байх хугацаандаа хариуцагчийн хэрэглэсэн, төлөөгүй байгаа ашиглалтын зардлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын дагуу шаардах эрхтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа хууль баримтлаагүй тул зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч О.Э нь 2018 оны 10 сарын 17-ны өдөр С.Этай бичгээр баримт үйлдэж, 2018 оны 10 сарын 22-ны өдөр орон сууцыг буцаан өгөх, энэ хүртэл хугацааны хөлсийг төлөхөөр тохирсон атлаа уг үүргээ биелүүлээгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэрийн дагуу 2019 оны 01 сарын 30-ны өдөр орон сууцыг чөлөөлсөн байна.

Орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т заажээ. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хойшлуулсан бүх хугацааны хохирлыг хөлслүүлэгч орон сууц хөлслөх гэрээний үнийн дүнтэй адил хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглэж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан тул “...гэрээний хугацаа дуусснаас хойш хөлс төлөхгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Хөлслөгч буюу нэхэмжлэгч нь хохирлоо гаргуулсан тул энэ хугацааны алдангийг давхар шаардах эрхгүй, гэрээний болон хойшлуулсан хугацааны хөлс 27 000 000 төгрөг, ашиглалтын зардал 2 303 436 төгрөг, нийт 29 303 436 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын журмаар гаргаж буй гомдлын үндэслэл ямар байх талаар заасан бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 754 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...295.4..” гэсний дараа “...492 дугаар зүйлийн 492.1.1...” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА