Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0528/з |
Дугаар | 221/МА2016/0580 |
Огноо | 2016-09-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2016/0580
Иргэн О.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, Л.Лхаасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн О.*******ын нэхэмжлэлтэй, Гадаад хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: “Дипломат албан тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.*******ын Гадаад хэргийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 340 тоот тогтоолыг үл биелүүлэн О.*******ыг Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух Ерөнхий Консулаар ажиллуулахаар явуулаагүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Дипломат албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 13 дугаар зүйлийн 13.3, 131.3 дугаар зүйлийн 131.3.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.*******ад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 34618 (гучин дөрвөн мянга зургаан зуун арван найм) ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тухайн хугацааны цалин хөлс, төрийн алба хаасны нэмэгдэл, эрдмийн зэргийн болон онцгой нөхцөлийн нэмэгдлийг гадаад оронд суух Ерөнхий консулын дипломат албан тушаалыг Гадаад хэргийн яамны Газрын захирлын албан тушаалтай адилтгах албан тушаалын цалингаар буюу ТТ-17 зэрэглэлээр дүйцүүлэн зохих журмын дагуу тооцож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь зүйлд нэхэмжлэгч О.*******ад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд авах байсан нийт цалин хөлс болох 34618 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, Гадаад оронд суух Ерөнхий консулын дипломат албан тушаалыг Гадаад хэргийн яамны Газрын захирлын албан тушаалтай адилтгах албан тушаалын цалингаар буюу ТТ-17 зэрэглэлээр дүйцүүлэн тооцохоор шийдвэрлэсэн явдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 371 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт Шүүхэд цугларсан нотлох баримтаар О. ******* нь Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод шилжин очоогүй, Монгол Улсад байсан нь нотлогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 05/06 дугаар тушаалыг үндэслэл болгон “Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох болон хүн амын орлогын албан татварын тооцоо хийх хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах албан тушаалын жагсаалт”-д гадаад орнуудад суугаа Ерөнхий консулыг Гадаад хэргийн яамны газрын захирлын албан тушаалтай адилтгаж үзэхээр заасан гэсэн байна. Шүүхээс О.*******ыг энэ хугацаанд Монгол Улсад байсныг тогтоосон атлаа Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох болон хүн амын орлогын албан татварын тооцоо хийх хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримталдаг тушаалыг үндэслэн Ерөнхий консулыг Гадаад хэргийн яамны газрын захирлын албан тушаалтай адилтгаж үзсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс гадаад оронд ажиллаагүй байхад шүүхээс дээрх тушаалыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн явдал нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Гадаад хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/85 дугаар тушаал нь Гадаад хэргийн яамны төв аппарат болон Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтнуудын цалин, адилтгах цалинг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний дагуу шинэчлэн тогтоосон байх агаад дээр дурдсанчлан О.******* нь Гадаад хэргийн сайдын хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас албан үүргээ гүйцэтгэж чадаагүй тул Гадаад хэргийн яамны төв аппарат болон Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гэж үзэх боломжгүй юм. Иймд, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 336 дугаар тогтоолын дагуу нийт цалин хөлс болох 34618 ам.долларыг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хянав.
Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 340 дугаар тогтоолыг үл биелүүлж, О.*******ыг Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар ажиллахаар явуулаагүй Гадаад хэргийн сайдын эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоосонтой холбогдуулан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаанд тохирох олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, ингэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан нь үндэслэлтэй байна.
Дипломат албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтны цалин хөлсийг суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзан Засгийн газар тогтооно“ гэж заасны дагуу Засгийн газрын 2008 оны 336 дугаар “Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулын цалинг 1600 ам.доллар байхаар тогтоожээ.
Нэхэмжлэгч О.*******ын тухайд Гадаад хэргийн сайдын хууль бус эс үйлдэхүйн улмаас томилогдсон албан тушаалдаа ажиллаж чадаагүйг шүүх тогтоосон боловч энэ нь түүний хэрэгжүүлж, гүйцэтгээгүй албан тушаалын цалинг нөхөн олгох үндэслэл болохгүй. Ялангуяа Монгол Улсаас амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийн хувьд өөр Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж байгаа ажилтанд олгохоор тогтоосон цалинг тухайн улсад ажиллаагүй дипломат ажилтанд олгох боломжгүй.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс олгохоор заажээ.
Тиймээс шүүх хариуцагч албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг харгалзан түүний ажилгүй байсан хугацааны олговрыг Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 05/06 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох болон хүн амын орлогын албан татварын тооцоо хийх хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах албан тушаалын жагсаалт”-д гадаад орнуудад суугаа Ерөнхий консулыг Гадаад хэргийн яамны газрын захирлын албан тушаалтай адилтгаж үзэхээр, Гадаад хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/85 дугаар “Төрийн захиргааны албан тушаалыг дипломат албан тушаалд дүйцүүлэн шинэчлэн батлах тухай” тушаалд Гадаад хэргийн яамны төв аппаратад болон Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтнуудын цалин, адилтгах цалинг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний дагуу шинэчлэн тогтоосныг жишиг болгон нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг ТТ-17 дугаар зэрэглэлээр тооцож олгох, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ хуулийн зүйл, заалтын оновчтой зөв хэрэглээгүйгээс гадна хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “албан” гэснийг “албаны” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1” гэснийг, 2 дахь заалтаас 9 дүгээр зүйлийн 9.1.2, 131.3 дугаар зүйлийн 131.3.1” гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР