Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 21

 

М.Мөнхтуяа, П.Ганбат нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Мөнхтуяа, П.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Д.Энхбаатар, гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн өмгөөлөгч З.Сүхбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны  өдрийн 585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0717 дугаар магадлалтай, М.Мөнхтуяа, П.Ганбат нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны  өдрийн 585 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.2, 2812.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мөнхтуяа, П.Ганбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008973 дугаартай М.Мөнхтуяа, П.Ганбат нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны 24 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Фронтгейт” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн БГҮ/836/13 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0717 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Тодруулбал, барьцааны гэрээнд зээлдэгч тал гэдэгт иргэн Цэнгэлмаа, түүнчлэн Цэнгэлмаа итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субъект нь болох “Фронтгэйт” ХХК аль алинаар нь гарын үсгээ 3 удаа зурсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар хэрэгт авагдсан байгаа. Ерөнхий болон тусгай итгэмжлэл аль алин дээр нь маргахгүй гэдгээ гуравдагч этгээд хэлдэг, итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатч нар мөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлдэг. Цаашилбал зээлийн гэрээ болон барьцааны гэрээн дээр ч талууд огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч нараас орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг А.Цэнгэлмаад олгосон боловч “Фронт гейт” ХХК-д итгэмжлэл олгогдоогүй байжээ. Үүнээс үзэхэд итгэмжлэл болон хэлцлийн агуулга илт зөрүүтэй байхад “Фронт гейт” ХХК-ийн барьцаанд нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, иргэний шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт болсон.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Барьцаалуулагч нь нэг гэрээгээр, барьцааны гэрээнд дурдсан барьцаалах хөрөнгө гэдэг зүйлд нийт 6 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Гэтэл барьцааны бүртгэлийг хүчингүй болгоно гэж дүгнэснээр нэг дугаарт бүртгэгдсэн барьцааны гэрээнээс, хүснэгтэд буй 1 хөрөнгийг салгаж бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлээд байна гэдэг нь өөрөө ойлгомжгүй. Барьцааны гэрээг тус тусад нь байгуулаагүй, учир нь зээлийн хөрөнгө өөрөө нэг л зориулалттай, нэг үнийн дүнтэй. Аль нэг барьцаанд нь хамаарах зээл гэж тухайлсан үнийн дүн байхгүй.

Барьцааны гэрээ, зээлийн гэрээ, итгэмжлэлүүд бүгд хүчин төгөлдөр байсаар байхад, мэдүүлэгт банк зураагүй /банк үүн дээрээ бас маргаагүй/, Цэнгэлмаа зураагүй гэх шалтгаанаар барьцааг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Хуулийг хэрэглэхдээ шүүгч хүн, бүрэлдэхүүн энэ шийдвэрийн эдийн засгийн үр дагаврыг бодолцож үзэх ёстой. Барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэгт банк хэзээ ч зурдаггүй, тэгэхээр энэ мэдүүлгээс болоод бүх барьцаа одоо хүчингүй болох эрсдлийг энэ шийдвэр, магадлал бий болгож байгаа нь туйлын хариуцлагагүй алхам боллоо. Хууль хэрэглээнд эдийн засгийн анализ хийж хандах онол одоо эрх зүйн системд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөд байгааг манай шүүх үнэндээ хэрэгссэнгүй.

Мэдүүлэг гэдэг бол өргөдөл гэсэн утгатай. Энд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусдад дамжуулах боломжтой, үүнийг хориглоогүй, тиймээс ч дурдсан 2 итгэмжлэлд бусдад шилжүүлэх боломжийг хаасан заалт үгүй байгаа. Ийм боломж Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд бэлхнээ байдаг нь эдийн засгийн харилцааг хөнгөвчлөх зорилготой юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0717 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Мөнхтуяа, П.Ганбат нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.2, 2812.1-д заасныг тус тус баримталсан нь үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч нараас орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг А.Цэнгэлмаад олгосон боловч “Фронт гейт” ХХК-д итгэмжлэл олгогдоогүй байжээ. Үүнээс үзэхэд итгэмжлэл болон хэлцлийн агуулга илт зөрүүтэй байхад “Фронт гейт” ХХК-ийн барьцаанд нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн” гэж дүгнэжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Фронт гейт” ХХК, төлөөлөн захирал А.Цэнгэлмаа, иргэн А.Цэнгэлмаа, Б.Гансүх нар манай банктай ЗГ/836/13 тоот зээлийн гэрээ байгуулан Замын-Үүд салбараас 1.300.000.000 төгрөгийн зээлийг Соёл, спортын цогцолборын барилга барих зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд 6 үл хөдлөх хөрөнгө барьцаасны дотор Ү-2204008973 эрхийн улсын бүртгэлийн дугаартай М.Мөнхтуяа, П.Ганбат нарын байрыг өөрсдийнх нь итгэмжлэлээр барьцаалсан байдаг. М.Мөнхтуяа, П.Ганбат нар 2013 оны 8 дугаар сарын 08, мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд А.Цэнгэлмаад итгэмжлэл хийж өгсөн нь энэ хүмүүсийн хүсэл зоригийг тодорхой харуулж байна. Эдгээр итгэмжлэлүүд хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр итгэмжлэлүүд байсан. Итгэмжлэлд ямар үнийн дүнтэй зээлийн барьцаанд тавихыг дурдаагүй байсан төдийгүй А.Цэнгэлмаа нь барилгын төслийн ажил гүйцэтгэх гэж байгаа, том зээлт тавина, М.Мөнхтуяа, П.Ганбат нарыг орон сууцаа итгэмжлэлээр барьцаалуулсных нь төлөө энэ барилгын ажлын зарим хэсгийг М.Мөнхтуяа, П.Ганбат нараар гүйцэтгүүлэхээр ажлын ашигтай санал тавьсан байдаг. М.Мөнхтуяа, П.Ганбат нар нь үүнийг сайн мэдэж байсан байтлаа сүүлд нь ийм их хэмжээний зээлд тавина гэдгийг мэдээгүй байсан гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зохицуулснаас үзэхэд захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж байгаа нэхэмжлэл нь хангагдахын тулд захиргааны акт хууль бус байх, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэсэн нөхцлүүд бүрдсэн байх ёстой. Нэхэмжлэгч М.Мөнхтуяа, П.Ганбат нар өөрсдөө хүсэж, сайн дураараа, ашгийн төлөө маргаж буй байраа зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг А.Цэнгэлмаад өгсөн учраас энд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудал яригдахгүй. Эхнээсээ А.Цэнгэлмаа, М.Мөнхтуяа, П.Ганбат нарын хүсэл зориг тодорхой байхад үл ялих, хэлбэрийн төдий зөрчлөөс болж банкны барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосноос болж Улсын бүртгэлийн байгууллага болон банк эрсдэлд орох бодит нөхцөл бий болж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0717 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Мөнхтуяа, П.Ганбат нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл” /цаашид ипотек гэх/ байх тул энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл гэсэн тусгай хэсгээр зохицуулагдана.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж зааснаар хууль хэрэглээний зарчмын дагуу тухайн харилцаа нь тусгай зохицуулалтаар зохицуулагдаж байвал түүнийг, хэрэв байхгүй бол хуулийн нийтлэг зохицуулалтын зорилго, зарчим, агуулгад нийцүүлэн, бусад тусгай зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж болдог.

Маргаан бүхий бүртгэлийн тухайд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг болох тусгай зохицуулалтаар бүрэн зохицуулагдаж байх тул уг хуулийн бусад тусгай зохицуулалтыг /бүлгийг/ “давхар” хэрэглэх шаардлагагүй.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4-ийг баримталсан нь үндэслэлгүй...” гэж маргаж буй гомдол үндэслэлтэй байна. Учир нь эдгээр зүйл, заалт нь уг хуулийн Гуравдугаар бүлэг буюу “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл” хэмээх өөр хэсэгт хамаарна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлээр ипотекийн бүртгэл хийх журмыг зохицуулсан байх бөгөөд бүртгэлийг нэг бол өмчлөгчийн мэдүүлгээр /28.1/, эсхүл барьцаалагч болон барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр /28.2/, түүнчлэн мэдүүлэггүйгээр /28.3/ бүртгүүлэх боломжийг зохицуулжээ. Хуулийн системчлэлийн хувьд эдгээр заалтууд нь бүгд нэг зүйлд /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хэмээх 28 дугаар зүйлд/ хамаарагдах хэдий ч тус тусдаа бие даасан агуулга бүхий зохицуулалт байх тул тодорхой нэг тохиолдолд аль алиныг нь хэрэглэнэ гэж тайлбарлахааргүй байна.

Маргаан бүхий актын хувьд “гэрээгээр үүссэн барьцааны бүртгэл” тул /зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн бүртгэсэн бөгөөд энэ талаар маргаагүй/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг хэрэглэгдэнэ. Уг зүйлийн дагуу “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба мэдүүлэгт дараахь “баримт бичгийг” хавсаргана: 28.2.1.барьцааны гэрээ болон түүний хуулбар; 28.2.2.барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг; 28.2.3.үйлчилгээний хураамж төлсөн баримт” байна. Мөн хуулийн 281 дүгээр зүйлээр ипотекийг бүртгэхээс татгалзах буюу хойшлуулах үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд үүнд 281.2.1 дэх заалтаар энэ хуулийн 28.2, 28.7-д заасан аль нэг “баримт бичгийг” бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол; ... ипотекийн бүртгэлийг 1 сараас илүүгүй хугацаагаар хойшлуулахаар байна. Энэ зүйл дэх “28.2-т заасан баримт бичиг” гэдгийг үг зүйн утгаар нь болон хуулийн системчлэлээр нь тайлбарлавал 28.2.1-28.2.3-т заасан “баримт бичиг”  гэж ойлгогдохоор байна.

Маргаан бүхий бүртгэлийн хувьд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.2.1-28.2.3-т заасан баримт бичгийг ирүүлсэн тул /энэ талаар маргаагүй/ хариуцагчийг бүртгэл хийхийг хойшлуулах ёстой байсан гэж буруутгах боломжгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн маргаж байгаачлан хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-ийн эхлэх хэсэгт заасны дагуу “барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр” гаргах шаардлагыг хангах ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд бүртгэл хийхэд барьцаалагч “Хаан банк” ХХК болон барьцаалуулагч А.Цэнгэлмаа нарын гарын үсэг бүхий мэдүүлэг байхгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогддог. Гэвч уг заалт нь өмчлөгч буюу нэхэмжлэгч нарт хамааралгүй, харин барьцаалагч болон барьцаалуулагч нарт хамааралтай бөгөөд тэдгээр нь тухайн мэдүүлгийн талаар маргадаггүй. Иймд энэхүү алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, хэрэв бүртгэл алдаагүй хийгдсэн бол, тодруулбал барьцаалагч, барьцаалуулагч хоёр хоёюулаа гарын үсгээ зурж мэдүүлгээ өгсөн, эсхүл захиргаа бүртгэлийг 1 сараар хойшлуулж зөрчлийг арилгуулсан бол бүртгэл хийгдэхгүй байсан, ингэснээр нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах байсан гэх шалтгаант холбоо байхгүй байна.

Бүртгэл алдаагүй байснаар нэхэмжлэгчийн эрх хамгаалагдахгүй буюу угтаа маргаж буй бүртгэлийн алдаа нь захиргааны актын эрх зүйн үр дагаварт нөлөөлөхгүй /түүнийг өөрчлөхөөргүй/ юм.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүй алдааг “хэлбэрийн төдий” буюу “засаж болох илэрхий алдаа” гэж үзэхээр заасан бөгөөд ийм алдаа бүхий захиргааны актыг заавал хүчингүй болгодоггүй, харин захиргаа өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр /энэхүү маргааны хувьд барьцаалагч болон барьцаалуулагчийн хүсэлтээр/ засах боломжтой.

Нөгөө талаар нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд А.Цэнгэлмаад хоёр итгэмжлэл /2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрсдийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг 3 сараар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан банк” ХХК-д зээлийн барьцаанд тавих, зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг 7 сарын хугацаатай/ өгсөн, түүнээс хойш нэг жил, дөрвөн сар өнгөрөх хугацаанд /2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр лавлагаа авсан гэх/ бүртгэлийн талаар маргах боломжтой байсан ч маргаагүй үйл баримт зэрэг нь нэхэмжлэгч нар тухайн барьцааны бүртгэлийг хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлж байгаа тул бүртгэлийн улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын маргаж байгаачлан өөрсдийнх нь үл хөдлөх хөрөнгийг “бага хэмжээний зээлд бол барьцаалахыг зөвшөөрөх байсан” гэх хүсэл зоригийг захиргаа мэдэх боломжгүй учир түүнийг буруутгах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж, 52 дугаар зүйлийн 52.5.1-ийн дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “захиргааны акт ... хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохоо үндэслэхээр, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгох” шүүхийн шийдвэр гаргахаар заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын /бүртгэлийн/ алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд, энэ талаарх гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Маргааны үйл баримтад хамаарах итгэмжлэл хууль ёсны эсэх, түүний үндсэн дээр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах тул энэ талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөхгүй. Нэгэнт эдгээр хэлцлүүд хүчин төгөлдөр /эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй/ бөгөөд бүртгэлийг хойшлуулах болон татгалзах хуульд заасан бусад үндэслэл, тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.2-т “гэрээ, барьцаалбар, тэдгээрийн хавсралт нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн”, мөн 281.2.3-т заасан үндэслэл байхгүй тохиолдолд бүртгэлийн байгууллага бүртгэх үүрэгтэй. Маргаан бүхий бүртгэлийн хувьд холбогдох зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл авагдсан байх бөгөөд эдгээр нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй тул бүртгэлийг буруутгах боломжгүй.

Хэрэв нэхэмжлэгч нар нь А.Цэнгэлмаа нь итгэмжлэлээр олгосон төлөөлөх эрхийг буруу хэрэгжүүлсэн /хамтран зээлдэгч болсон, урт хугацааны, их хэмжээний зээл авсан гэх мэтээр/, хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ талаар иргэний журмаар маргах эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0717 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 281 дүгээр зүйлийн 281.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мөнхтуяа, П.Ганбат нарын гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008973 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байр, 24 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Фронт гейт” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн БГҮ/836/13 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                 Г.БАНЗРАГЧ