Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           05          06                                 2022/ШЦТ/476

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Э.Булганчимэг нар оролцсон эрүүгийн 2209000000748 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ,,,,,,,,,ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ........ дүүргийн 13 дугаар хороо, ........... гудамжны 423 задгай тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц.Г

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4223 УБИ улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шуу, сарвуу, баруун гуянд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000748 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлийг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),

-2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Цагдаагийн байгууллагын хайлтын системд үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 23-26 дугаар тал),

-Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 31-33, 36 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 4750 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно, өмгөөлөгч авахгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй тул хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд бичгийн нотлох баримтаас шинжлэн судлаагүй болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан

-Хохирогч Д.Х “...Тухайн өдөр манай гэрт Ц.Г байж байгаад гараад явсан, тэгээд буцаад манай гэрийн гадаа ирчхээд намайг гар утсаар дуудаад “машинаас цүнхээ авъя” гэхээр нь гарсан. Гарахад цүнхээ авчхаад явсан. Тэгэхээр нь би Мини маркет руу орчхоод гараад иртэл Ц.Г миний машины хажууд зогсож байсан, бид хоёр машинд суусан, би тухайн үед машинаа угаалгах гэж байсан болохоор би “Тэнүүн” нэртэй угаалгын газар луу явж “машинаа угаалгах гэж байна, чи буучих уу” гэхэд буухгүй, чимээгүй яваад байсан. Тэгээд угаалга дээр очоод машины гаднах хэсгээ угаалгачхаад машинаас буутал Ц.Г машинаас бууж ирээд надтай хэрэлдсэн, хэрэлдэж байгаад Ц.Г миний машины түлхүүрийг булаагаад авчихсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ явах гээд угаалгаас гарах үед Ц.Г миний гараас татаад намайг зогсоосон. Машины түлхүүр өгчхөөд миний утсыг булаагаад авчихсан. ...Би Ц.Гыг гар утас булаагаад авчихлаа гээд цагдаагийн газар луу дуудлага өгсөн, би гэр лүү орж угаалгад өгөх мөнгө авах гээд орц руугаа ортол Ц.Г зогсож байсан, тэгээд “одоо хоёулаа маргалдаад яах вэ дээ” гэх мэтээр ярьсан, би угаалга руу ороод цагдаа ирсэн гэхээр нь ороод мэдүүлэг өгсөн, эргэж гэртээ ороод хувцсаа солиод ажил руугаа 15 цагийн үед явах гэхэд Ц.Г машины хойно суугаад яваад байсан, тэгээд манай гэрийн тэндээс хөдлөөд удаагүй байтал Ц.Г хойно сууж байхад машин явж байхад хойноос урагшаа давж орж ирээд машины араа мултлаад машиныг зогсоосон, өөрөө жолоон дээр суугаад намайг хажуугийн суудал руу түлхэж суулгаад дотроосоо түгжиж байгаад Сүхбаатар дүүргийн Шарга морьт, ар гүнтийн тийшээ явж байхдаа бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан, надтай хэрэлдэж байгаад Ц.Г нь гараараа миний хамар, зүүн нүдний хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, эхний удаа цохих үед миний хамраас цус гарсан, хамраас цус гарчхаад байхад дахиад цохисон, би хамраас гарсан цусаа тогтоож байхад дахиад цохисон, тэгээд явж байгаад би түүнээс “бие засъя” гэж гуйхад Ц.Г явж байгаад зогссон. Тэгэхээр нь би “бие заслаа” гэж хэлэхэд хамт буусан, нэлээн доошоо алхаж байгаад Ц.Гыг доор бие засах гэж байхад нь би зугтаагаад машиндаа суугаад дотроосоо түгжсэн, машинд суухад машины гадаа хүрээд ирсэн, би жолоочийн хажуугийн суудлаас жолоочийн суудал руу шилжиж суух үед Ц.Г чулуугаар миний баруун хажуу талын салхины шил рүү 3 удаа цохисон, шил хагараагүй, цуурсан байх шиг байсан, тэгээд түгжээд би хөдлөөд шууд гэр лүүгээ явсан юм. Ц.Г машин дотор явж байгаад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон, цохих үед миний хамар гэмтсэн. Ц.Г 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Тэнүүн” нэртэй автомашин угаалгын газарт миний гар утсыг булааж аваад үзсэн, манай найз охин нөхрийнхөө фейсбүүк хаягаас над руу ярьж байсан. Тэрийг харчхаад “нөхөртэй нь явалдлаа” гэх мэтээр хардсан, би асуудалгүй гэдгээ батлахын тулд хажууд нь Номио гэх найз руугаа залгаад “яагаад танай нөхөр залгаад байгаа юм” гэхэд Номио “нөхөр бид хоёр хамт байж байгаад залгасан” гэж хэлсэн. Ц.Г нь ямар ч холбоо хамааралгүй хүнтэй намайг хардаж, хэрүүл хийгээд улмаар намайг зодож цохисон юм... Ц.Г нь намайг хүүхдээ гаргаад 5 сартай нялх биетэй байхад өөр фейсбүүк хаяг нээгээд охидуудтай харилцсан байсан түүнээс болоод хэрэлдэж муудалцсан, би нялх биетэй байсан учраас уур бухимдал ихтэй байдаг байсан. Тэгээд хоёр биедээ гар хүрч тухайн үед би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст дуудлага мэдээлэл өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33, 36 дугаар тал),

-Аюулын зэргийн үнэлгээний “3 оноо буюу аюулын зэргийн бага үнэлгээтэй, хохирогч, холбогдогч нар тусдаа амьдардаг тул хамгаалалтын байранд оруулах шаардлагагүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Цагдаагийн байгууллагын хайлтын системд үзлэг хийсэн “Цагдаагийн байгууллагын хайлтын сангаас Ц.Гын ОН94121717 дугаартай регистрийн дугаараар шүүж үзэхэд нийт 25 зөрчилд холбогдсон, гэмт хэрэгт холбогдоогүй байх бөгөөд дээрх 25 зөрчлөөс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг хайхад 21 дугаарт “...Зөрчил гаргасан огноо: 2021-09-02 21:00; Зөрчлийн товч утга: СХД-ийн 20-р хороо 38-19 тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх...” зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн зөрчлийг 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байгааг үзлэгийн тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 23-26 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “1.Д.Хонгорзулын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн шуу, сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх шинжээчийн 4750 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч Д.Х биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг ойлгоно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,...” нар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд мөн зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Хохирогч Д.Х, шүүгдэгч Ц.Г нар нь албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй боловч хамтран амьдрагчид, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр, мөн Г //-гийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 83 дугаар тал)-аар нотлогдож байх тул хохирогч, шүүгдэгч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Д.Х маргалдах явцдаа биед нь санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

 

Хохирогч Д.Х нь хэргийн материалтай танилцаад “...Ямар нэг саналгүй, эмчилгээний зардалд 2.800.000 төгрөгийг авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх (хавтаст хэргийн 95  дугаар тал) хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ц.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараахь нотлох баримтууд хэрэгт авагжээ. Үүнд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дугаар тал), Гантогтохын Мөнхжин /УЭ20231726/-гийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 83 дугаар тал), ХААИС-ийн D201603971 дугаартай бакалаврын дипдомын хуулбар (хавтаст хэргийн 80-82 дугаар тал), “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн “Ц нь ........................... ээлжийн монтёроор ажилладаг ба сарын үндсэн цалин 872,500 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Тэрээр ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ............... салбарын ................ ээлжийн монтёроор ажилладаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч Ц.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн нэгэнд хүч хэрэглэсэн үйлдэл үзүүлэхэд бэртэж гэмтэнэ гэдгийг мэдэж байсан байсан болно.

 Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу гар утсыг хохирогчид буцаан өгч хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Х.Хасарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН