Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/467

 

 

2022           05          04                                 2022/ШЦТ/467

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Амармөрөн нар оролцсон эрүүгийн 2209005230646 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1............... Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 59 настай, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, ............... тоотод оршин суух, урьд нь 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ардын армийн тусгай шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан хотын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял, УБТЗ-ын 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж/.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь ....................тоотод А.Н үл ялих зүйлээс болж маргалдан түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209005230646 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 6-7, 8 дугаар тал),

-2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 11-13 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2881 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав:

-2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар тал)-ийг шинжлэн судалсан бол шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй. Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч А.Н “...Би өвөөдөө хоолны мах аваачиж өгөхөөр очсон юм. Манай өвөө цус харваад хэвтэрт байдаг юм. Тэгээд эмээ рүү залгахад утсаа авахгүй болохоор нь би өөрөө очсон юм. Тэгээд би очоод хаалга тогшиход, эмээ хаалгаа онгойлгохгүй байхаар нь би нэлээд тогшиж байж орчихоод харахад эмээтэй цуг нэг өвгөн нүцгэн байж байсан ба орных нь урд архины шил байж байсан. Тэгээд би “юун хүн байгаад байгаа юм, ямар хүн байгаа юм” гээд уурлаад тэр байсан хүнийг нь “яв” гэхэд эмээ намайг “чи дуугүй бай, чи өөрөө яв” гээд байсан. Тэгээд би тэр хүн рүү нь холоос “ийм бузар юм харсангүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн ирээд миний нүүр хэсэгт цохихоор нь би газарт унасан. Тэгээд намайг тэр хүн дараад миний дээр гарч суучихаад миний 2 гарыг хөлөөрөө дарчихаад хөдлөх боломжгүй болгоод миний толгой, нүүр лүү цохиод байсан. Тэгэхэд эмээ “Наадах чинь миний хайр сэтгэлийг ойлгодоггүй юм зод зод” гээд байсан. Тэр хүн согтуу байсан. Орных нь урд талд шилтэй архи дууссан шахуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал), гэрч С.Мгийн “...Би гарч явах гээд хувцасаа цуглуулаад цүнхээ бэлдэж байх хооронд л Б Н цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар тал) зэргээр 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, .................. тоотод А.Нтой үл ялих зүйлээс болж маргалдан түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч А.Нгийн биед учирсан зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хүзүү, баруун шуу, сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2881 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогчтой маргалдах явцдаа биед нь санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч А.Н нь хэргийн материалтай танилцаад “...Ямар нэг саналгүй” гэж (хавтаст хэргийн 61 дүгээр тал) тэмдэглэсэн, хэрэгт эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч А.Нгийн эмээ С.Мгаар дамжуулан уучлалт гуйсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдсон “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх”-ийн хуулбар (хавтаст хэргийн 26 дугаар тал), Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Жамсрандорж овогтой Б нь 2 дугаар байр 54 тоотод ам бүл 2, 90 настай ээж Г.Ичинхорлоогийн хамт амьдардаг нь үнэн болно” гэх 487 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал), 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ардын армийн тусгай шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49-51 дүгээр тал), 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан хотын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-55 дугаар тал), УБТЗ-ын 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-58 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь өөрийн төрсөн эх 90 настай Г.Ичинхорлоогийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, урьд ял шийтэл эдэлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх, 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

          

 

                   

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН