Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/466

 

 

 

 

 

 

 

2022           05          04                                 2022/ШЦТ/466

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Э.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Чинзориг нар оролцсон эрүүгийн 2203001100201 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, охиныхоо хамт Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион Оргил удирдлагын академийн гудамж, 346 байрны 604 оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.М, /РД:

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ардчилсан намын байрны зүүн урд талын явган хүний зохицуулдаг гарцан дээр “Тоёота Хариэр” маркийн 12-54 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ариунжаргалыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000630 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 03-09 дүгээр тал),

-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрч Т.Түвшингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 285 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 53-55 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 370 дугаартай мөрдөгчийн магадлагааг (хавтаст хэргийн 79 дүгээр тал),

-Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим (хавтаст хэргийн 137 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

-Эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг (хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),

-Хохирол төлсөн баримтуудыг (хавтаст хэргийн 133-134 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.Мгийн “Баруунмонгол Интернэйшнл” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 163-169 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.М “...Тухайн үед би машиндаа охинтойгоо явж байсан бөгөөд манай охин уйлаад хүүхдийн суудлаасаа доошоо унах гээд миний анхаарал сарничихсан байсан юм. Тэгээд уг ослыг гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн материалаас уншиж судлуулаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ардчилсан намын байрны зүүн урд талын явган хүний зохицуулдаг гарцан дээр “Тоёота Хариэр” маркийн 12-54 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ариунжаргалыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “Осол болсон гэх Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ардчилсан намын байрны зүүн замд асфальтан, шулуун тэгш, хальтиргаатай, уулзвар дээр, явган хүний гарцтай,... “А” цэгээр тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг анх мөргөсөн гэх цэг, “Б” цэгээр явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлээд газар унасан гэх цэг, ...“А” цэгээс “Б” цэг хүртэл 360 см, “Б” цэгээс зорчих хэсгийн баруун талын зорчих хэсгийн хашлага хүртэл 6.7 см... байв. Явган зорчигч нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байхад Тоёота Хариэр маркийн 12-54 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урагшаа эргэх үйлдэл хийж байх үедээ явган зорчигчийг гарц дээр мөргөсөн байдалтай байв” гэх тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-09 дүгээр тал),

-Хохирогч Б.Ариунжаргалын “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд Төв шуудангийн уулзвар, Ардчилсан намын байрны урдаас Урчуудын эвлэл чиглэлтэй явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байсан. Тэр үед тухайн уулзвараас урагш эргэж байсан нэгдүгээр эгнээний машин зам тавьж өгсөн. Тэгээд би тэр машиныг өнгөрөх үед тэр машины цаанаас нэг машин огцом хурдтай орж ирээд намайг мөргөөд би 3 метр шидэгдсэн. ...Би алхаж чадахгүй хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа, эмч хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Гэрч Т.Түвшингийн “...би тэр өдөр 17 цагийн орчимд ажил руугаа явах гээд Төв шуудангийн уулзварын зүүн урд талд явган хүний гарцаар баруун тийшээ гарах гээд хүлээгээд зогсож байсан. Тэгээд явган хүний гарцны ногоон гэрэл ассан. Тэр үед нэг үл таних охин миний зогсож байсан газрын эсрэг талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар хамгийн түрүүнд нь алхаад гарч явсан ба тэр охиныг гарцаар гарч явах үед нь ертөнцийн зүгээр хойд зүгээс нэг цагаан өнгийн суудлын автомашин ирээд мөргөсөн. Тэгээд тэр охин мөргүүлээд зам дээр унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “...1. 2. Б.Ариунжаргалын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн 285 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-55 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “1. 12-54 УБГ улсын дугаартай Тоёота Хариэр маркийн автомашиныг жолоодон явсан жолооч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Ариунжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх 370 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаагаар /жолооны үнэмлэхний дугаар-914248/ (хавтаст хэргийн 120 дугаар тал) нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг шүүгдэгч Э.М зөрчиж явган зорчигчид зам тавьж өгөөгүй зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

 

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Ариунжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “...1. 2. Б.Ариунжаргалын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн 285 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-55 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Э.Мгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Шинжээчийн 285 дугаартай дүгнэлтээр “Б.Ариунжаргалын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” (хавтаст хэргийн 53-55 дугаар тал) гэж дүгнэгдсэн тул тухайн ослын улмаас хохирогч Б.Ариунжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирчээ.

 

Хохирогч Б.Ариунжаргалын зүгээс эмчилгээтэй холбоотой нийт 1,220,800 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн (хавтаст хэргийн 20-23 дугаар тал) уг баримтын дагуу шүүгдэгч нь 1,221,000 төгрөгийг хохирогчийн Хаан банк дахь 5171224178 дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн (хавтаст хэргийн 134 дүгээр тал) болох нь нотлогдож байх тул шүүгдэгч нь хохирогчид учруулсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна гэж дүгнэлээ. Харин хохирогч нь “өмгөөлөгчийн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх нь хохирогчийн өөрийн хүсэл зоригийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын харилцан тохиролцсон үндсэн дээр байгуулагддаг хэлцэл юм.

Хохирогч Б.Ариунжаргал 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч Б.Батхуяг /ҮД:0430/-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан боловч албан ёсоор өмгөөллийн хөлсөнд хэдэн төгрөг төлсөн болох, өмгөөлөгч өмгөөллийн хөлс хүлээн авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, мөн хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэй, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам” батлагдсан бөгөөд уг журмын 2.2.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор тус тус заасан бөгөөд хохирогч нь төлбөрийн чадваргүй болохоо нотлоогүй, түүнийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэлгүй, өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн зардал нь энэхүү “зардалд” тооцогдохгүй учир өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хийлгэсэн эмчилгээний баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн болно.

Тиймээс шүүгдэгч Э.Мгоос энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Чинбатын “Миний ач охин юм. Ач охин маань багаасаа  сурах эрмэлзэл, хүсэл ихтэй, зорьсон зүйлээ бүтээх гээд явж байдаг хүүхэд байсан. Надтай уулзахаар ирэхдээ ерөөсөө зовлон яриад байдаггүй, үргэлж л сайн сайхан зүйл ярьж, сайхан ажил төрөл хийх талаар л ярьдаг, их өөдрөг хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151 дүгээр тал), гэрч Д.Баярчимэгийн “Миний дүү Э.М нь шударга зантай, хүнд их тусч, өвчтэй ээжийгээ өдийг хүртэл асарч халамжилж байгаа, хүүхэд байхдаа онц сурдаг, сурлага сайтай байсан, манлайлагч, дайчин, сэтгэлийн тэнхээтэй, ээжтэйгээ, охинтойгоо хамт амьдардаг, ээждээ хэлэхдээ буруу зүйл хийсэн тул хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дугаар тал), шүүгдэгч Э.Мгийн “Баруунмонгол Интернэйшнл” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 163-169 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь өөрийн төрсөн ээж болон охины хамтаар амьдардаг, урьд ял шийтэл эдэлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6. Шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч нь өмгөөлөгчид төлсөн гэх зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН