| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0438/И |
| Дугаар | 131/ШШ2017/00479 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2017/00479
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 4 дүгээр багт оршин суух, ВП57050812 регистрийн дугаартай, Занынхан овогт Сангийн Ганболдын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч С.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ:
С.Ганболд нь 1965 оноос 1972 онд 8 дугаар анги төгсөөд, 16 настайдаа хөдөө гарч, 1973 оноос 2008 он хүртэл тасралтгүй 35 жил адуу маллажээ. Улсад ажиллах хугацаандаа бүтээлчээр ажиллаж байсныг үнэлж, 1981 онд ЗХУ-ын Москва хот үзэх эрхээр шагнуулж, 1985 онд сум, аймгийн хөдөлмөрийн аварга болж алдараа тэмдэглүүлж байжээ. Мөн 1990 оноос 1991 онд Япон улсад анх Монгол малчин айлын 4-р улирлын аж амьдралыг танилцуулах зорилгоор нэрт найруулагч О.Уртнасангаар ахлуулсан баг ирж зураг авалт хийж, Монгол, Японы хамтарсан кино бүтээгээд явсан. Миний 1974 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад адуучин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадад адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар С.Ганболдын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 30-ний өдрийн 371 дугаар лавлагаа, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дугаар, 1990 оны 05 сарын 08-ны өдрийн 48 дугаар, 1991 оны 08 сарын 08-ний өдрийн 08 дугаар, 1992 оны 04 сарын 03-ны өдрийн 30 дугаар тушаал, гэрч А.Доржийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ганболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч С.Ганболд нь 1974 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад адуучин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадад адуучнаар тус тус ажиллаж байсан болох ньС.Ганболдын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 30-ний өдрийн 371 дугаар лавлагаа, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дугаар, 1990 оны 05 сарын 08-ны өдрийн 48 дугаар, 1991 оны 08 сарын 08-ний өдрийн 08 дугаар, 1992 оны 04 сарын 03-ны өдрийн 30 дугаар тушаал, гэрч А.Доржийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд С.Ганболдын хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Занынхан овогтСангийн Ганболдын 1974 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад адуучин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадад адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ