Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

2021        12         28                                   2022/ШЦТ/28            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох эрүүгийн 2106 02410 2218 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн хот тохижилт Олон нийтийн Өмчит аж ахуйн төрийн үйлчилгээний газарт үйлчлэгч  ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Их Дарь-Эх 1 дүгээр гудамжны 194 тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ж.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Л.Отгоны чихэн дэх ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найзтайгаа нэг шил архи уусан. Бүжин дэлгүүр ороод тамхи авах гээд байж байтал хохирогч монетон ээмэг, бөгжтэй зогсож байгаад тайван лааз пиво, нэг шил архинд бөгжөө тавьсан. Тэгээд би та нэлээн муудсан байна зам гаргаад өгье гээд зам гаргаж өгсөн. Баруун талын ээмэг нь хажуу тийшээ унах гээд байхаар нь ээмэг тань унах гээд байна би хавчаад өгье гэхэд орилж чарлаад байсан. Би газар уначихлаа аниа би олоод өгье гэж хэлэхэд хүн дуудаад нүүр амгүй маажаад, цамцыг минь урсан” гэв.

Хавтаст хэргээс

Хохирогч Л.Отгоны “2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр наадам болж байна гээд хамаатнуудаа дуудаад архи ууцгаасан. Тэгээд өнөөдөр Бүжин гэх дэлгүүрт 1 шил 0,75 л хэмжээтэй Соёрхол архи 5 лаазтай пиво аваад оронд нь өөрийн зүүж байсан монетон бөгжийг барьцаанд үлдээсэн. Тухайн үед дэлгүүрт миний ээмгийг аваад зугтаасан залуу үл таних эхнэр болон ой гарантай хүүхэдтэйгээ явж байсан ба намайг дэлгүүрээс гараад гудамж руу ороод ганцаараа явж байхад миний хойноос ирээд үл таних залуу эгчээ ээмэг чинь сугарлаа гээд миний баруун талын ээмгийг сугалаад авснаа тэгснээ зүүн талын ээмгийг мөн сугалаад авсан. Энэ үед түүний эхнэр нь хүүхдээ тэврээд хажууд юм ярихгүй хараад зогсож байсан. Тэгэхээр нь би дүү нараа дуудахад үл таних эрэгтэй залуу эхнэрээ дагуулаад зугтаагаад явсан. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байсан. Миний зүүж байсан ээмэг 3 граммтай монетон ээмэг байсан. 2019 оны 07 дугаар сард 420.000 төгрөгөөр үнэлж байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Гудамжинд бид гурваас өөр хүн байгаагүй. Миний биед хүч хэрэглээгүй эгчээ таны ээмэг чинь унах гэж байна гэж хэлээд миний ээмгийг яах ийхийн зуургүй авчихсан, түүнээс намайг цохиж зодож унагаасан зүйл болоогүй ... Тухайн этгээд араас ирээд миний ээмгийг чихнээс мулталж аваад гүйчихсэн. Тэр үед гадуур өмсөж байсан улаан өнгийн цагаан захтай цамцаа тайлаад хаячихсан. Гэрэл зураг дээрх этгээдийн өмсөж байсан улаан өнгийн цагаан захтай цамц миний ээмгийг булааж авсан этгээдийн цамцтай адилхан мөн тухайн этгээд нь эмэгтэй хүнтэй бас бага насны хүүхэд дагуулаад явж байсан. Тиймээс миний ээмгийг булаан авсан этгээд гэрэл зураг дээрх этгээд мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 15 дугаар хуудас/,

Гэрч Д.Ангирмаагийн “Эмээ орж ирээд бөгжөө барьцаанд тавиад 0.75 л Соёрхол нэртэй архи 1 шилийг 0.5 хэмжээтэй лаазтай Сэнгүр пиво 5 ширхгийг авсан. Уг эмээ надаас нэлээн гуйж байгаад зээл авсан. Эмээг зээл авах гэж байхад гаднаас улаан цамцтай 40 гаруй насны эхнэр хүүхдээ дагуулсан өөрийгөө барилгын засал чимэглэл хийдэг гэх ах эмээтэй нэлээн юм яриад эмээг ээмэг бөгжөө надад өгчих би танд мөнгийг нь өгье гээд эмээгийн монетон ээмэг, бөгжийг нь үзээд байсан ба эмээ би танихгүй хүнд өгөхгүй гээд ээмгээ буцааж аваад бөгжөө надад 32.500 төгрөгийн барьцаанд тавиад гарсан. Үл таних ах ундаа кола аваад хамт эмээтэй гарсан. Халимаг үстэй эгч гэгээн цагаан өдөр хүн дээрэмдүүлсэн байна юу харж байдаг юм бэ, танай хяналтын камерыг шүүнэ гээд явсан. Удалгүй араас нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд явсан. Үл таних ах ганцаараа орж ирээд уг ах хувцсаа сольсон, цэнхэр жинсэн өмд, урт цагаан цамц өмссөн байсан. Өмнө нь улаан цамцтай байсан эмээ бөгж аваад ир гэнээ, хэдэн төгрөгт тавьсан бэ гээд бөгжийг нь авах гэхээр нь би тэр хүнд өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зүргийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №БЗД2-21-887 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зэх зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 390.000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч Ж.Цгийн “Би тухайн эмэгтэйн чихэнд байсан ээмгийг мөнгөний хэрэг гараад тухайн үл таних эмэгтэйн ээмгийг авсан. Би ээмгийг нь авах үедээ тухайн эмэгтэйн чихнээс зуурч байгаад нөгөө эмэгтэйг хашаанд шахаж байгаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Ж.Цгийн хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 33-41дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ж.Цгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ж.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Л.Отгоны чихэн дэх ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Отгон /хх 14-15/, гэрч Д.Ангирмаа /хх 17-19/ нарын мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7/, Эд зүйлийн үнэлгээ /хх 25-26/, яллагдагч Ж.Цгийн мэдүүлэг /хх 48-49/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Л.Отгон нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүнсний дэлгүүрт орж монетон бөгжөө барьцаалж эд зүйл авсан, энэ үед Ж.Ц дэлгүүрт байсан, Ж.Ц нь хохирогч Л.Отгоныг дэлгүүрээс дагаж гарч ээмэг нь уналаа гэж хэлээд чихнээс ээмгийг нь мултлан булаан авч зугтаж, өөртөө захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогджээ.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, харин хохирогч, гэрч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадсан, өөр бусад баримтаар давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.   

Шүүгдэгч Ж.Ц нь хүний өмчлөх эрхийг эсрэг халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Ж.Цгийн үйлдэлд Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, идэвхтэй үйлдлээр халдсан байх дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, тэдний нүдэн дээр авсныг, хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдаж, эд хөрөнгийг авсан даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийснийг, Хууль бусаар авсан гэж эд хөрөнгийг дээрх аргаар үнэ төлбөргүйгээр авч захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Ж.Цгийн үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Отгонд 390.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба хохирол төлөхөөр 98.000 төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлсэн  тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цгээс 292.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Отгонд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүхээс Ж.Цг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь 40 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

  Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Цд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хохих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч Ж.Цгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг дурдвал зохино.

  Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж хүлээн зөвшөөрөхгүй байр суурь илэрхийлж оролцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг журамлан хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийг зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Цгийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байдлаар шүүх хуралдаанд оролцсоныг тэмдэглэвэл зохино.

  Ж.Цгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол дутуу төлөгдсөн, төлөхөөр эрмэлзсэн, цаашид төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх шүүгдэгчийн хувийн байдлыг хорих ялыг сонгон хэрэглэх шаардлагагүй, хорихоос өөр төрлийн ялаас сонгон хэрэглэх нь тохиромжтой гэж үзлээ.

Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын хяналтад Ж.Цг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зорчих чиглэл, ял эдлэх бүсийг тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг даалгаж байна. 

Ж.Ц нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Ж.Цд шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цгээс 292.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Отгонд олгосугай.

          6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сангийн дансанд Ж.Цгээс  байршуулсан 98.000 төгрөгийг зохих журмын дагуу хохирогч Л.Отгонд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ