| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0469/И |
| Дугаар | 131/ШШ2017/00480 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2017/00480
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 2-р багт оршин суух, ВД62041506 регистрийн дугаартай, Алдар овогт Шархүүгийн Адъяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ш.Адъяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1985 оны 01 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд гахайчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар Ш.Адъяагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1985 оны 01 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 533 дугаар лавлагаа, гэрч Д.Наранхүү, Ц.Чогсом нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Адъяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбаатар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ш.Адъяа нь 1985 оны 01 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд гахайчнаар ажиллаж байсан болох нь Ш.Адъяагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1985 оны 01 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 533 дугаар лавлагаа, гэрч Д.Наранхүү, Ц.Чогсом нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ш.Адъяагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алдар овогтШархүүгийн Адъяагийн 1985 оны 01 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд гахайчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ш.Адъяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ