Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2070

 

    Ц.М-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг  даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ДҮТ” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин олговор болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардал нийт 22 262 963 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар шийдвэрээр “ДҮТ” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1606 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч биелүүлэхгүй байснаар энэ хугацаанд авах ёстой цалингаа авч чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулсан боловч надад үйлчлэгч нарыг хянаж ажиллах ажлын байр санал болгосон. Миний хувьд Удирдлага, санхүүгийн албаны дарга байсан тул тухайн ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цалин 581 818 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас мөн оны 5 дугаар сарын цалин 1 600 000 төгрөг, 2016 оны 13 дахь сарын цалин 3 680 000 төгрөг, шүүхийн шийдвэр албадан биелүүлэх урамшууллын гэрээний хөлс 7,5 хувь буюу 560 475 төгрөг нийт 22 422 293 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлын хөлс 560 476 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь “ДҮТ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Цогтбаатарын шийдвэрээр ажлаас халагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан мэдэгдлүүдийн хариуг тухай бүрт нь өгсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Ц.М-ийг удирдлага, санхүүгийн албаны даргын албан тушаалд эргэн томилохоор заасан. Харин “ДҮТ” ХХК-ийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус тус удирдлага, санхүүгийн алба гэсэн бүтцийг татан буулгасан тул шийдвэрт заасан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй болсон.

Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолыг удирдлага болгон Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээний хүрээнд Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн орон тоог шинээр үүсгэн, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилсон тушаал гаргасныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, уг албанаас тушаалыг Ц.М-д танилцуулсан. “ДҮТ” ХХК-иас уг албан тушаалыг Ц.М-д санал болгон, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор танилцуулахад өмгөөлөгчийн хамт уншиж танилцаад хариу өгнө гэсэн хэдий ч эргэж холбоо бариагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд тухайн ажлын байрны тодорхойлолтын төслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүсэлт гаргасан. Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, “ДҮТ” ХХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хуулийн зөвлөх гэсэн бүрэлдэхүүнтэй хамтран хэлэлцсэн. Нэхэмжлэгч Ц.М эрүүл мэндийн буцалтгүй тусламж авах хүсэлт гаргасан бөгөөд хөдөлмөрийн хөлсний дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 3 дахин нугалсан буцалтгүй тусламж олгож болох тухай хэлсэн. Ажилгүй байсан хугацааны цалиндд нийт 12 543 972 төгрөгөөр тооцож 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр буюу ажилд томилох хүртэл хугацааны цалин гаргуулах нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй тул урамшууллын зардал, 13 дахь сарын цалинг олгох үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "ДҮТ" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 16 280 478 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 141 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 352 төгрөгийг гаргуулж нэхэмжлэчид олгож шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ДҮТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан бөгөөд шүүх уг тогтоолоор батлагдсан компанийн бүтэц, зохион байгуулалтад Удирдлага санхүүгийн алба гэсэн бүтэц тусгагдаагүйг үнэлж үзээгүй. Шүүхийн шийдвэрт Ц.М-ийг Үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд томилсон нь урьд эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын албан тушаал гэж тодорхойлох боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “ДҮТ” ХХК-иас Ц.М-ийг үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд томилсон тухай гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар тушаалыг шүүхэд хүргэсэн бөгөөд тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 13-т заасныг үндэслэл болгон хөдөлмөрийн үндсэн нөхцөлийн хувьд ижил хэвийн нөхцөлтэй, цалингийн хэмжээний хувьд цомхотгогдсон албан тушаалын цалинтай ойролцоо цалин хөлс олгох, бусад урьд авч байсан нэмэгдлийг хэвээр олгохоор баталсан.

          Иймд Ц.М-ийг ажилд томилсон тухай компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар тушаалыг үнэлээгүй. Уг тушаалд Ц.М-ийг томилсон алба тушаалын хувьд маргаагүй. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлын байрны талаар уулзалт хийхдээ хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын төслийн хамт хүлээн аваад өмгөөлөгчтэй зөвлөлдөөд хариу өгье гэсэн тайлбар өгөөд явснаар баталгаажиж байгаа. Харин ажлын байрны тодорхойлолтод дахин харилцан зөвшилцөх нөхцөлүүд байгаа талаар санал гаргаснаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэгийн хамт уулзалт хийсэн. Тус уулзалтаар “ДҮТ” ХХК-иас Ц.М-д эрүүл мэндийн буцалтгүй тусламжийг компанийн Хамтын гэрээний дагуу олгосон тохиолдолд цаашид тус байгууллагад ажиллахгүй гэсэн саналыг Ц.М гаргасан бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэгийн үйлдсэн тэмдэглэлээр баталгаажина. Энэхүү уулзалтын тэмдэглэл, Ц.М-ээс “ДҮТ” ХХК-д гаргасан эрүүл мэндийн буцалтгүй тусламж олгох хүсэлт, компаниас Ц.М-д хүргэсэн хүсэлтийн хариу албан бичгүүдийг хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хянан үзээгүй. Мөн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар, мэдүүлэг болон ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчаас гаргуулж аваагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.М хариуцагч “ДҮТ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 21 862 818 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардал 560 475 төгрөг нийт 22 262 963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.М-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00107 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1606 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр болсон байна.

Хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулагджээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй хугацааны олговроо ажилд эгүүлэн тогтоогдсон үеэс буюу эрх зөрчигдсөн үеэс эхлэн 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ц.М 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон байна.  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “ДҮТ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардал нийт 22 262 963 төгрөг гаргуулах тухай Ц.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДҮТ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 352 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД  

                                                                                                            Д.БАЙГАЛМАА