Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2017/00482

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 3 дугаар багт оршин суух, ВД57051814 регистрийн дугаартай, Бай овогт Цэрэнхүүгийн Пүрвээгийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ц.Пүрвээ шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1972 оны 06 сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундараа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав Цэрэнхүүгийн Пүрвээ нь өндөр настны тэтгэвэр гарах гээд сумынхаа нийгмийн даатгалын байцаагч Зориг гэж хүнд хандахад хөдөлмөрийн 2 дэвтэр нь ямар ч зөрчилгүй байхад заавал шүүхээр тогтоолгож ир гэсэн шаардлага тавин удаа дараа материалыг буцаасан тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.Ямар учраас заавал шүүхэд хандах ёстой юм гэж асуухад тэрээр Дараа нь дээд газраас шалгалт шүүлгэ ирэхэд би ажлын хариуцлагад унана, тиймээс шүүхээр ор гэж хариуллаа. Иймд Ц.Пүрвээгийн 1972 оны 06 сарын 13-ны өдрөөс 1975 оны 05 сарын 20, 1978 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тэрээр энэ хугацаанд 3 жилийн цэргийн алба хаасан болно..гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Пүрвээгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 494 дүгээр лавлагаа, 1981 оны 04 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Айлхүүгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Пүрвээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Пүрвээ нь 1972 оны 06 сарын 13-ны өдрөөс 1975 оны 05 сарын 20, 1978 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Ц.Пүрвээгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 494 дүгээр лавлагаа, 1981 оны 04 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Айлхүүгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.Пүрвээгийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ажилласан байдлыг шүүх тогтоох үндэслэлийг тодорхойлохдоо хүний тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн иргэний ажиллаж байсныг нотлох нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал шийдвэр үрэгдсэн, дутуу тооцогдсон зэргээс шалтгаалан ажиллаж байсныг зайлшгүй нөхөн тогтоох шаардлага бий болсон үед бусад нотлох баримтыг үндэслэн тогтоох ажиллагааг ойлгож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг тодорхойлохдоо

1/ нийгмийн даатгалын дэвтэр;

2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр..зэргийг бүрдүүлэхээр хуульчилсан байна.

Гэтэл тэтгэвэр тэтгэмж хариуцсан нийгмийн даатгалын байцаагч нар нь тухайн иргэний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа ямар нэг зөрчил дутагдалгүй байхад хуулиар олгогдсон үүрэгт ажлаа хөнгөвчлөх зорилгоор заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага тавих, ямар зөрчилтэй болоод ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн тухай иргэнд тайлбарлан ойлгуулахгүй байх зэргээр иргэдийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд чирэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байгааг холбогдох албан тушаалтнуудад анхааруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бай овогтЦэрэнхүүгийн 1972 оны 06 сарын 13-ны өдрөөс 1975 оны 05 сарын 20, 1978 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ