Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

2022         01          14                              2022/ШЦТ/107

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02916 2471 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, “Эм Жи Ай” ХХК-нд үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 23 дугаар гудамжны 476 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Серена таун 82а байрны 6 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

           

            ******* нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Серена туан 82а байрны 6 тоотод хохирогч Э.Гантуяаг бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”

Хавтас хэргээс яллагдагч *******ын өгсөн “Гантуяа бид 2 нилээн согтсон юм яриад сууж байгаад би Гантуяагийн өмнө нь харьцдаг байсан залууг нь ярьж утсыг нь аваад залгатал тухайн залуу утсаа авахгүй болохоор нь миний уур хүрээд чи одоо тухайн залуутайгаа одоо хүртэл холбоотой байдаг юм уу гээд хэлтэл Гантуяа над руу уурлаад байхаар нь би Гантуяагийн утсыг аваад толгой хэсэг рүү нь 2-3 удаа  цохиод, гараас нь чанга барьтал намайг самардах гээд байхаар нь би гараараа зөрүүлээд ноцолдож Э.Гантуяагийн нүүр амыг маажиж биед нь гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,

Хохирогч Э.Гантуяагийн “2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Серена таун хотхоны 82а дугаар байрны 6 тоотод *******тай хамт байж байтал манай найз Энхүүш ирээд бид 3 архи, пиво ууж байтал Энхүүшийн нөхөр ирээд аваад явсан. Тэгээд байж байтал ******* миний урьд нь харьцдаг байсан залуу руу залгасан чинь нөгөө залуу нь утсаа автал энэ залуу чинь утсаа аваад байна, чи энэ залуугаа блоклоогүй байна, чи энэ залуутай байгаа юм уу гээд намайг хардсандаа миний утсаар миний толгой руу 3-4 удаа цохиод, гараараа миний нүүр ам руу цохиод миний 2 гарыг чанга бариад гар луу цохиод байсан. Тэгтэл миний толгойноос цус гараад Хатантуул намайг угаалгын өрөө рүү оруулаад цусаа угаагаад, бид 2 маргалдахаа болиод унтацгаасан. Тэгээд маргааш нь дүүтэйгээ ярьтал намайг цагдаад гомдол гарга гэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр байна. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8250 дугаартай “Э.Гантуяагийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух, баруун зовхи, хамар, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн хацар шанаа, баруун чихний ар, хоёр мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, хоёр тохой, шуу, бугуй, сарвуу, хэвлий, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун бугалгад зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д тогтонги алдалтад зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал /

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулан, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч, бусад оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын дүгнэлт, тайлбарыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах байр суурь, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Серена таун 82 а байрны 6 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Гантуяаг бусадтай хардсан хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дух баруун зовхи, хамар, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн хацар, шанаа, баруун чихний ар, хоёр мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, хоёр тохой, шуу, бугуй, сарвуу, хэвлий, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч ******* /хх 42/, хохирогч Э.Гантуяа /хх 19-20/ нарын мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлт /хх 34-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулж шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар *******, Э.Гантуяа нар хамтын амьдралтай байсан, гэртээ ахуйн хүрээнд найз нөхдийн хамт архидан согтуурсан, ******* хамтран амьдрагч Э.Гантуяаг бусадтай хардан гар утсыг авч үзсэн, хуучин холбоотой байсан хүн рүү залгахад дуудлага хийгдсэн, дугаарыг нь блок хийгээгүй байна гэж харилцан маргалдсан, улмаар Э.Гантуяагийн биед хүч хэрэглэн халдсан гэх үйл баримт тогтоогджээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч Э.Гантуяа руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Э.Гантуяа нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.

Хохирогч Э.Гантуяа, шүүгдэгч ******* нар хамтран амьдрагчийн харьцаатай боловч *******д холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл, зөрчил бүртгэгдээгүй, ийм байдал давтагдсан шинж тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, харилцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчлээгүй нь зөв зүйтэй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон , хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Э.Гантуяа нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь 30 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч *******атанболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзана.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******атанболдын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байдал, хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзэж *******атанболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан 600 /зураан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Гантуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ