| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0415/И |
| Дугаар | 131/ШШ2017/00499 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00499
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 6 дугаар баг 4-59 тоотод оршин суух, ВП94030803 регистрийн дугаартай, Гаваа овогт Чулууны Отгоны хүсэлттэй С.Чулууны ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ч.Отгон шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1954 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Аав С.Чулуун нь 2011 оны 09 сард нас барж, бага дүү Ч.Доржсамбуу нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг. Гэтэл 2017 онд Нийгмийн даатгалд шалгалт хийгдэж, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон гэх шалтгаанаар Өлзийт сумын Нийгмийн даатгалын байцаагч Доржбат нь миний аавын 1981 оноос 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн. Хөдөлмөрийн дэвтэр нь эх хувиараа бүрэн бичилт хийгдсэн байгаа боловч ямар шалтгаанаар ямар зөрчилтэй талаар надад хэлээгүй. Иймд С.Чулууны Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар Г.Чулууны нас барсны гэрчилгээ, 1980 оны 01 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баярын бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 369 дугаар архивын лавлагаа, 1981 оны 12 сарын 22-ны өдрийн 14 дугаар, 1983 оны 01 сарын 31-ний өдрийн 12 дугаар, 1984 оны 06 сарын 23-ны өдрийн 29 дугаар, 1985 оны 08 сарын 25-ны өдрийн 43 дугаартай Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Чулуун нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Чулуун нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь Г.Чулууны нас барсны гэрчилгээ, 1980 оны 01 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баярын бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 369 дугаар архивын лавлагаа, 1981 оны 12 сарын 22-ны өдрийн 14 дүгээр, 1983 оны 01 сарын 31-ний өдрийн 12 дугаар, 1984 оны 06 сарын 23-ны өдрийн 29 дугаар, 1985 оны 08 сарын 25-ны өдрийн 43 дугаартай Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ч.Отгоны хүсэлтийг хангаж, Г.Чулууны ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ажилласан байдлыг шүүх тогтоох үндэслэлийг тодорхойлохдоо хүний тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн иргэний ажиллаж байсныг нотлох нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал шийдвэр үрэгдсэн, дутуу тооцогдсон зэргээс шалтгаалан ажиллаж байсныг зайлшгүй нөхөн тогтоох шаардлага бий болсон үед бусад нотлох баримтыг үндэслэн тогтоох ажиллагааг ойлгож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг тодорхойлохдоо
1/ нийгмийн даатгалын дэвтэр;
2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр..зэргийг бүрдүүлэхээр хуульчилсан байна.
Гэтэл тэтгэвэр тэтгэмж хариуцсан нийгмийн даатгалын байцаагч нар нь тухайн иргэний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа ямар нэг зөрчил дутагдалгүй байхад хуулиар олгогдсон үүрэгт ажлаа хөнгөвчлөх зорилгоор заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага тавих, ямар зөрчилтэй болоод ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн тухай иргэнд тайлбарлан ойлгуулахгүй байх зэргээр иргэдийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд чирэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байгааг холбогдох албан тушаалтнуудад анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сангийн Чулууны 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадын 7 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ