Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

2022        01         14                                  2022/ШЦТ/109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02167 2089 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 халамж 3 дугаар гудамжны 2 тоот суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Булгадар овогт Гаанжуурын Батзориг /РД:УЗ89111910/.

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны 55 тоот хашаанаас хохирогч Б.Алтанхуягийн эзэмшлийн Fuso маркийн тээврийн хэрэгслийн радиаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа нэг айлын хашаа руу ороод машины хажууд байсан төмөр радиаторыг аваад түүхий эд авах цэгт тушаагаад тухайн мөнгөөр архи аваад уучихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Яллагдагч *******ийн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

Хохирогч Б.Алтанхуягийн “Би уржигдар буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум руу яваад өчигдөр 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр гудамжны 55 тоот гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр гадуур ажил хөөцөлдөж явж байгаад 15 цагийн орчимд 87-43 УБУ улсын дугаартай Fuso машиныхаа радиаторыг хийх чинь байхгүй байсан. Би бараг сарын өмнө машинаа засах гээд радиаторыг нь салгаж аваад хашааны дотор талд машиныхаа жолооч талын зүүн талын урд дугуйг түшүүлээд тавьчихсан байсан. Радиатор нь намайг хөдөө явах үед байсан, манай эхнэр 2021 оны 06 дугаар сарын 28-ны орой харахад байрандаа байсан гэж хэлсэн. Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр алдагдсан гэж бодож байна. Би энэ хөдөө байсан, эхнэр ажил дээрээ, гэр хүнгүй байсан ... 1.500.000 төгрөгт үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан радиатораа түүний эд худалдаалдаг газраас авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12 дугаар тал/,

Гэрч Л.Даваасүрэнгийн “Би он сарыг нь санахгүй байна. Батзориг гэх хүнээс автомашины радиатор худалдаж авсан. Батзориг нь надад радиатор хаанаас авсан талаар асуухад Батзориг нь надад би хогноос олсон гэж хэлсэн. Тэгээд би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл дараа эзэн нь гэх хүн ирээд тухайн радиатораа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БЗ2-21-467 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 500.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар тал/,

Хохирогч Б.Алтанхуягийн гомдол санал, нэхэмжлэхгүй зүйл байхгүй болохоо бичгээр илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 45 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулан, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч, бусад оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын дүгнэлт, тайлбарыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр гудамжны 55 тоот хашаанаас хохирогч Б.Алтанхуягийн эзэмшлийн Fuso маркийн тээврийн хэрэгслийн радиаторыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Б.Алтанхуяг /хх 10/, гэрч Л.Даваасүрэн /хх 16-17/ нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ /хх 22-23/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэргийг хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч ******* нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд зорилгогүйгээр архи уух сэдэл, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтанхуягт 500.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, эд зүйлийг биетээр буцаан авах байдлаар хохирол төлөгдсөн тул *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 32 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд тодорхой хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байх, албадлагын арга хэмжээ зөрчихгүй байх гэсэн ирээдүйд үүсэх үр дагаврыг бий болгодог тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ялыг сонгох хэрэглэх нь тохиромжтой гэж үзлээ.

*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *******т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахивар хаягдал бүтээгдэхүүн түүж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бага, хор уршиг учраагүй шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт ******* нь 2021 оны 12 дугаар сарын 24 өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 20 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг 8 цагтай дүйцүүлэн тооцож 160 цагийг эдлэх ялаас хасаж, эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 80 цагийн хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар *******ийг цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийн 1 /нэг/ хоногийг ажлын 8 /найм/ цагаар тооцон шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаас 160 /нэг зуун жар/ цагийг хасаж, эдлэх ялын хэмжээг 80 /ная/ цагийн хугацаагаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ