| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0478/И |
| Дугаар | 131/ШШ2017/00508 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00508
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Шаргалжуут сум 8 дугаар багт оршин суух, ВП63071522 регистрийн дугаартай, Арвин овогт Хумбаны Адъяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Х.Адъяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1963 онд төрсөн, хөдөлмөрийн зарим дэвтэр нь бичилт алдаатай байсан тул Аймгийн архиваас лавлагаа гаргуулах гэсэн боловч гараагүй.
Иймд миний бие 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Баатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Адъяа нь өөрөө биеийн байдал тааруу тул хүрэлцэн ирээгүй. Тэрээр тэтгэвэрт гарах гэхэд бичиг баримт зөрчилтэй, архивын лавлагаа дутуу гарсан гэх шалтгаанаар нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан байдлыг тогтоолгох шаардлага тавьсан тул 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар Х.Адъяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 678 дугаар лавлагаа, Х.Адъяагийн 1981 оны 12 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1982, 1985, 1986, 1989 оны баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Адъяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Адъяа нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 678 дугаар лавлагаа, Х.Адъяагийн 1981 оны 12 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1982, 1985, 1986, 1989 оны баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Х.Адъяагийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Арвин овогт Хумбаны Адъяагийн 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Адъяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ