| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0485/И |
| Дугаар | 131/ШШ2017/00509 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00509
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Богд сум 2 дугаар багт оршин суух, ВЗ66042701 регистрийн дугаартай, Рэндоо овогт Бадамын Алимаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Удвалцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Алимаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би Баянхонгор аймгийн Богд сумын дунд сургуулийг төгсөж улмаар 1983 онд тус сумын Сүхбаатарын зам нэгдэлд анх малчин, саальчнаар ажилд орсон ба 1983 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр олгосон. Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр урагдаж гэмтсэн, 1984 оны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн тамганы тос өөр гэсэн үндэслэлээр ажилласан жил хүрэхгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд 1983 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1985 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Удвалцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Алимаа нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр урагдаж гэмтсэн, 1984 оны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн тамганы тос өөр гэсэн үндэслэлээр ажилласан жил хүрэхгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд 1983 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1985 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.. гэв
Шүүх хуралдаанаар Б.Алимаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.Алимаагийн 1983, 1984 оны хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Алимаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Алимаа нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Б.Алимаагийн 1983, 1984 оны хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Алимаагийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Рэндоо овогт Бадамын Алимаагийн 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ