Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0150

 

 “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч С.Б, Ч.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийдвэрт хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Б, Ч.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ "...Татварын улсын байцаагч С.Б, Ч.Ц нарын манай компанид холбогдуулан гаргасан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 061137 дугаартай актыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын даргын ирүүлсэн удирдамжийн дагуу “Т ү” ХХК-ийн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж өгсөн компаниудад шалгалт хийсэн. “Д” ХХК “Т ү” ХХК-ийн бүртгэлгүй нэмэгдсэн өртгийн албан татварын падааны борлуулалтаар 40909.1 мянган төгрөгийн бараа материалын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасныг зөрчсөн.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 1 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, татварын улсын байцаагч Ч.Ц нарын "Д" ХХК-д холбогдуулан гаргасан "Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" 2014 оны 04 сарын 26-ны өдрийн 061137 тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “Д” ХХК- тай холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр шийдвэрийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад давж 7 заалдах гомдол гаргаж байна.

2011 онд 2863499 тоот регистрийн дугаартай “Т ү” ХХК-ийн 005710207 тоот падаанаар 03 дүгээр сарын 25-ны өдөр 45000.0 мянган төгрөгийн бараа материалын худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр баримт бүрдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлд: «14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй» гэж заасныг зөрчсөн байна гэж заасан байхад шүүх татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18,1,3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1, 14,1,1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 061137 тоот актыг хүчингүй болгосныг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, Ч.Ц нар “Д” ХХК- ийн 2010-2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад хэсэгчилсэн шалгалт явуулж, шалгалтаар тус компанийг 2011 онд “Т ү” ХХК-ийн 2863499 регистрийн дугаартай, 005710207 тоот бүртгэлгүй, хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын бууруулсан гэж үзэн 40909.1 мянган төгрөгийн зөрчилд 4090.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 1227.3 мянган төгрөгийн торгууль, 896.0 мянган төгрөгийн алданги, нийт 6214.2 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

Хариуцагч нараас тухайн худалдан авалтыг хийгдсэн эсэхэд маргаагүй бөгөөд актын үндэслэлээ “Т ү” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч учраас нягтлан бодох бүртгэлийн баримт болохгүй. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй/-т заасныг зөрчсөн гэж үзжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох '/ баримтуудаас үзэхэд “Д” ХХК нь тухайн худалдан авалтын талаарх баримтыг татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжуудад заасан журмын дагуу бүрдүүлж, санхүүгийн тайландаа тусгаж байсан бөгөөд аймгийн Татварын хэлтсээс 2012 онд “Д” ХХК-ийн 2009-2011 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулахдаа дээрхтэй холбоотой зөрчил гарсан гэж үзээгүй байна.

Гагцхүү Татварын ерөнхий газарт Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдсэнээр “Т ү” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бус болохыг мэдсэн атлаа урьд нь хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр дан ганц нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас Татварын хууль тогтоомж зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байхад тухайн компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэх боломжгүй.

Үүнээс гадна “Т ү” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудалд Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч гэм буруутай талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Ц.ЦОГТ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Д.БАТБААТАР


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.