Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2081

 

Б.Д-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01810 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Д-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч “ӨЧБ” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаар тушаалаар жолоочийн ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хулгай хийсэн гэж гүтгэн, үндэслэлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан. Ажилд томилсон шийдвэрээс харахад “ӨЧБ” ХХК хууль, дүрэм журам баримталдаггүй нь харагдаж байна.

Түнийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр туршилтын хугацаагаар ажилд томилсон боловч нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 8 дугаар сарын 28-нд гэж тэмдэглэсэн. Б.Д-ыг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр жинхлэн ажиллуулсан ч 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажилд орсноос харахад ажилтныг дэмий ажиллуулдаг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн нь харагддаг. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 хайрцаг вафли печень хулгайлсан хэрэгт Б.Д-ыг буруутгаж ажлаас халсан. Сахилгын зөрчлийг илрүүлж тогтоох үүрэг байгууллагад байдаг. Гэтэл Б.Д-аас тайлбар аваагүй, энэ талаар огт мэдэхгүй бусад хүмүүсээс мэдүүлэг авч түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулсанд гомдолтой байна. Нарантуул захын унаанд 6 хайрцаг вафли печени хүргээд өгөөч гэсэн хүний гуйлтаар машиндаа ачсан. Эдгээр 6 хайрцаг вафли үйлдвэрээс алдагдах боломжгүй. Нярав, тоологч, харуул хамгаалалтын ажилтнууд ажилладаг.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ажлаас халах тушаалд зөрчлийг зөрчил гаргагчаас тайлбар авч, шалган тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл авахаар заасан бөгөөд зөрчлийг 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр илрүүлчихээд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг хүчингүй болгосон гэж тайлбарласан. Эдгээр тушаалуудын алдь алиныг нэхэмжлэгч Б.Д-д танилцуулаагүй.

“ӨЧБ” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж цагдаагийн байгууллага Б.Дөмөгсайханаас тайлбар авсан. Ийнхүү зөрчлийг гаргасан тэмдэглэлдээ н.Сэлэнгэ, н.Мөнхбат, н.Өлзийбадрах нарын тайлбараар Б.Д зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэх боловч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч болон ажилтан нь тэгш бус харьцаанд байдаг.

Б.Д-ны гаргасан зөрчлийг 2, 3 хүний тайлбараар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Дөмөгсайханыг өмнө нь эрхэлж байсан жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сард ажлын 8 хоног, 02 дугаар сард 20 хоног, 3 дугаар сард 23 хоног, 4 дүгээр сард 20 хоног, 5 дугаар сард 23 хоног, 6 дугаар сард 14 хоног, нийт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өнөөдрөөс 108 хоногийн олговорт 4 003 880 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-ыг захирлын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар жолоочоор томилон ажиллуулж байгаад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаар тушаалаар жинхлэн ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ням гаригт 12 цагийн орчим тус компаний харуулын ахлах О.Мөнхбат руу дугаараа нууцалсан эмэгтэй “Үйлдвэрийн урд байгаа 02-50 УНЧ улсын дугаартай боруулалтын машины ачсан барааг шалгана уу жолооч нь хулгай хийчихлээ” гэж ярьсны дагуу шалгахад жолооч Б.Д-ны машинд 2 хайрцаг вафли падаан дээр бичигдсэн байхад 8 хайрцаг вафли ачсан байсан бөгөөд илүү 6 хайрцаг вафли 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн он сартай буюу он сар буруу дарагдсан, чанарын гологдол бараанд тушаах гэж байсан вафлийг ачсан байсан. Тэгээд уг вафлийн талаар асуухад “менежер н.Буянжаргалын вафли байгаа юм, дөнгөж сая гадаах контейнераас авсан” гэж тайлбарласан. Тэр даруй н.Буянжаргалаас асуухад “надад ямар ч вафли байхгүй. Би Б.Д-аар вафли ачуулаагүй” гэсэн. Харуулын ахлах О.Мөнхбат Б.Д-ны талаар хариуцсан албаны дарга Ч.Өлзийбадрахад мэдэгдэн үргэлжлүүлэн шалгасан. Ч.Өлзийбадрахад Б.Д уг 3 хайрцаг вафлийн талаар тайлбарлахдаа “би өчигдөр ТБД Андуудын тэндээс өөрийнхөө эгчээс эдгээр вафлийг авсан, эгч намайг хөдөө явуулаарай гэж хэлээд барс 2 захаас авчирч өгсөн. Манай жолооч н.Батбаатар энэ талаар мэднэ. Бид хоёр хамт явж миний хувийн машинаар авсан. Тэгээд сая хувийн машинаас тэр 6 хайрцаг вафлийг зөөж ажлын машинд ачсан. Үүнийг жолооч н.Баярхүү, н.Санзай хоёр харсан” гэж тайлбарласан. Иймд Ч.Өлзийбадрах жолооч н.Батбаатар, н.Санзай нараас тодруулан асуухад жолооч н.Батбаатар н.Д ах Ч.Өлзийбадрах дарга асуувал намайг хамт яваад эгчээс нь вафли авсан гээд хэлээд өгөөрэй гээд гуйгаад байсан, мөн жолооч н.Санзайд н.Өлзийбадрах дарга асуувал ахыгаа вафли зөөж байхыг харсан гээд хэлээд өгөөрэй гэж гуйгаад байсан гэж байсан. Ингээд харуулын ахлах О.Мөнхбат, гүйцэтгэх захирал Н.Энхчимэг нар хяналтын камеруудыг шалгахад өөрийн машинаасаа ямар нэг эд зүйл, вафли зөөж албаны машинд ачсан хөдөлгөөнгүй байсан. Иймд Ч.Өлзийбадрах “хулгай хийгээгүй бол бид цагдаагийн байгууллагаар шалгуулая, үнэнээ хэлвэл чи хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөж болно. Ингэвэл чамд дараагийн байгуллагад ажилд ороход чинь ч хэрэгтэй” гэхэд Б.Д нь “би өөрийн хүсэлтээрээ гарна” гэж хэлсэн бөгөөд түүнд ирэх Даваа гаригт ирж тооцоо хийж хүний нөөцийн албаны ажилтантай уулзаарай гээд явуулсан. Түүнээс хойш Б.Дөмөгсайханыг дуудуулахад ямар нэг тооцоо  нийлж, тойрох хуудас зуруулж шийдвэрлүүлээгүй.

Хариуцагч байгууллагын менежер н.Буянжаргал, жолооч н.Батбаатар, н.Санзай, н.Баярхүү нарын тайлбар, хяналтын камерийн бичлэг зэргээс харахад Б.Д хулгай хийсэн нь хангалттай нотлогддог.Мөн Б.Д-ны үйлдлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахад хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч хохирлын хэмжээ хүрэхгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд манай компаниас Б.Д-ныг хулгай хийсэн гэж гүтгээгүй ба үндэслэлгүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй биш, харин ажилдаа ирэхгүй, утсаар нь холбогдож хэлсэн ч ирээгүй тул ажлаас гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ыг эрхэлж байсан "ӨЧБ" ХХК-ийн маркетингийн албаны борлуулалтын жолооч ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ӨЧБ” ХХК-иас Б.Д-ны 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин олговорт 3 831 534,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 172 349,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан олговорт олгогдох 3 831 534,5 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч “ӨЧБ" ХХК-д үүрэг болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 76 255 төгрөг бүгд 146 455 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “ӨЧБ” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Д үйлдвэрийн агуулахаас 6 хайрцаг вафли зөвшөөрөлгүйгээр авсан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоолгосны дараа урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах боломжтой. Иймд Б.Д-ны үйлдвэрийн агуулахаас вафли хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу тус хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийг хянан шалгасан тухай хариу мэдэгдсэн тэмдэглэлээр Б.Д-ны үйлдэл нь "бусдын эд хөрөнгийг хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоосон байхад "...шүүхийн жигнэмэг хулгайлсан үйлдэл нотлогдохгүй, сахилгын зөрчил гаргасан байдал тогтоогдохгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй байна" гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Б.Д 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үйлдвэрийн агуулахаас 6 хайрцаг вафли хулгайлсан үйлдэл гаргасан. Үүний дараа Б.Д нь ажилдаа болон компаниас дуудахад ирэхгүй байсаар шүүхэд "2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хулгай хийсэн гэж гүтгэн, үндэслэлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлээгүй" гэх нэхэмжлэл гаргасан. Манай компани үйл явдал болсноос хойш 2 cap 3 хоногийн дараа Б.Д-ны үйлдлийг шалгуулахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр  сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр Б.Д-ны үйлдлийг илрүүлсэн өдөр гэж үзнэ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцсэн болно. Манай компани гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагагаас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Д-аас тайлбар авсан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дараа нь нөхөж тайлбар авсан гэдгийг тайлбарласан төдийгүй шүүхийн шийдвэрт тусгагдсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “ӨЧБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 202 дугаар тушаалаар маркетингийн албанд жолоочоор ажиллуулахаар шийдвэрлэж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тэдний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч “ӨЧБ” ХХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/53 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дотоод журмын 5.3.4, 5.5.В, хөдөлмөрийн гэрээний 6.3.7, 6.5.В заалтуудыг үндэслэн  тус компанид жолооч ажилтай Б.Д-д ажлаас халах шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсны үр дагаврыг шаардсан ба ажилтан хулгай хийсэн үйлдэл тогтоогдсон тул тушаал үндэслэлтэй гэж хариуцагч байгууллага маргасан.

Хариуцагч “ӨЧБ” ХХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/53 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б.Д-ны гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд багтаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч “ӨЧБ” ХХК-ийн жолооч Б.Д 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус үйлдвэрээс 2 хайрцаг жигнэмэг авсан падаантай атлаа 6 хайрцаг жигнэмэг нэмж ачсан мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Зөрчлийг хянан шалгасан тухай” хариу мэдэгдэх тэмдэглэлд тусгагдсан байдлаар 4 хайрцаг жигнэмэг зөвшөөрөлгүй авсан зөрчил тогтоогдсон гэж үзэх бөгөөд уг зөрчлийг гаргаагүй гэх гэм буруугүй байдлаа ажилтан нотлоогүй байна.

Иймээс нэхэмжлэгч Б.Д-ны гаргасан зөрчил хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байхад шүүх уг үйл баримтыг нотлогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Б.Д-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01810 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “ӨЧБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Д-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ӨЧБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЗОЛЗАЯА

                                                         ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД       

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА