Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ДШМ/20

 

   Н.О холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Нямбилэгт, шүүгдэгч Н.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Х.Ганзориг нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.О холбогдох 1817001150085 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.О давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч   Н.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 дүгээр 12 жилийн сургуулийн баруун талын шатан дээр бага насны 11 настай Г.Х толгойн тус газар 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.О бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ооногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Н.Онь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, гомдол гаргах эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Отгонцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Одавж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Х биед хөнгөн хохирол учирсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотолж, тогтоосон зүйл байхгүй. ЭХЕА-ийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэгч өгч , мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй байх юм бол дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэргийг үнэн зөв бодитоор мэдүүлэхэд ямар нэгэн байдлаар  нөлөөлсөн юм. Бохин миний хажууд байсан бол яагаад Т, Т 2 гэрчлэх байсан. Б мэдүүлэг үнэхээр эргэлзээтэй. Х Б 3.9-нд өдөр байсан, 2018.3.20-ны өдөр байгаагүй гэдгийг гэрчилдэг. Хууль ёсны төлөөлөгч үнэхээр нөлөөлж байна.  2018.03.20-ны өдрийн 10 цаг болсон, гэрч Б хичээл 1 цаг 30 минутаас ордог. Тэр үед сургууль дээр хичээлгүй байсан. Хууль ёсны төлөөлөгч 2018.04.30-ны өдөр гомдол гаргасан байдаг. 40 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй. 2018.03.22-ны өдөр эмчид үзүүлэхдээ тархи доргилт гэж тогтоосон бол нарийн мэргэжлийн үзлэг хийгээгүй, миний гэм буруутайг тогтоох байсан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг нь эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Прокурор Э.Нямбилэгт шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Насанд хүрээгүй хохирогч Г.Х мэдүүлэхдээ хэрэг болсон үйл явдал тухайн цаг хугацааны талаар тодорхой шууд заан мэдүүлсэн байдаг. Энэ хохирогчийн мэдүүлэг нь бусад гэрч Ц.Т, О.Б Б.Ц, хууль ёсны төлөөлөгч Д.Б нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 161 дугаартай дүгнэлтээр давхар нотлогддог. Эдгээр нотлох баримтууд нь эх сурвалжаа тодорхой заасан бөгөөд бусад нотлох баримтуудтай харилцан нотлогдож тогтоогдсон болно. Хууль ёсны төлөөлөгч нь нөлөөлсөн гэх боловч ямар байдлаар нөлөөлсөн нь тодорхой эх сурвалжгүй, нотлогдохгүй, баримтгүйгээр ингэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин ч болсон асуудлын талаар бага насны хүүхэд эцэг, эхдээ хэлсэн, эцэг, эх нь хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Үүнийг хууль ёсны төлөөлөгч нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт нөлөөллийн талаар тодруулахад энэ талаар ямар ч нөлөөлсөн зүйл нотлогдон тогтоогдоогүй. Хэрэг гарсан цаг хугацааны хувьд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд гэж хохирогч бол шууд тодорхой заасан бөгөөд мөн анхан шатны шүүх хуралд энэ нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэж мэдүүлдэг. Энэ 20-ны өдөр гэж мэдүүлсэн мэдүүлгийг бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн улмаас тухайн мэдүүлсэн 09-ний өдөр гэж мэдүүлсний дагуу тухай хурал дээр 09-ний өдөр гэж мэдүүлсэн зүйл болсон. Үүнийг улсын яллагчаас хавтаст хэргийн материалаас хохирогчийн мэдүүлгийг шинжлэн судалж 03 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн юм гэдгийг шинжлэн судлуулж тогтоосон болно. Мөн гомдолд дурдсанаар гомдлыг 40 хоногийн дараа гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Гомдлыг хэд хоногийн дараа ч гаргаж болох эрхтэй. Хэргийг тухайн үед нь аймгийн Цагдаагийн хэлтэс болон Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжийн газар зэрэгт хандаж тухайн асуудлын талаар хийсэн уулзалт ярилцлагуудыг хэрэгт авч хавсаргасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь гэм буруугаа хүлээх, энэ талаар нотлох үүрэг хүлээдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно. Өмгөөлөгчийн хэлж байгаа тархи доргилт гэдэг дээр ярихад тухайн уламжлалтын эмч өөрийн үзлэг, оношилгооныхоо үүднээс тогтоосон байдаг. Ингэж тогтоож байгаа үзлэгийг хуульч бидний хувьд үгүйсгэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Тухайн хүний үзлэгийг үндэслэн тархи доргилтыг тогтоосон байдаг. Мөн 3 дугаар сарын 20-ны өдөр гэдгийг хохирогч өөрөө шууд заан мэдүүлсэн. Гэрч Ц.Т 03 дугаар сарын сүүлээр гэж мэдүүлсэн байдаг. Гэрч нарын хувьд бол насанд хүрээгүй бага насны хүүхдүүд учраас бол он сарыг шүүгдэгчийн хэлснээр ярих тиймэрхүү байдал ажиглагдаж байсан. Тухайн үед цохисон цохиогүй гэдгийг харсан 3 гэрч байсан. Ц.Т, Т нь тухайн үед Н.О, Г.Х уулзаад, загнаад зогсож байхад хажуугаар нь явж өнгөрсөн гэрч байдаг. Анги руугаа орсны дараа хэсэг хугацааны дараа Г.Х араас орж ирсэн гэдэг. Явж өнгөрөөд ангидаа орох хугацаанд энэ хоёр хүүхэд байгаагүй энэ хугацаанд О.Б байсан ба тухайн харсан зүйлээ О.Б нь мэдүүлсэн. Тэрнээс тэр 3 гэрч цуг байгаад үйл явдал дуусан дуустал нь цуг байсан гэсэн мэдүүлэг тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан. Энэ давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр анхан шатны шүүхээс тухайн хэрэг маргаан, хэргийн нөхцөл байдлын талаар бодитой үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж тухайн хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь насанд хүрээгүй хохирогч Г.Х нь 2018 оны 03 дугаар сарын 20-нд хөнгөн гэмтэл учруулсан гэж байгаа боловч бодитой тогтоогдсон зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 161 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Х биед тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учруулсан юм гэдгийг нотолсон байдаг. Энэ үндэслэлээр тухайн хүнийг бага насны хүүхдэд хөнгөн хохирол учруулсан гэсэн зүйлчлэлээр зүйлчилж ирүүлсэн. Гэвч тухайн хөнгөн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тухайн үеийн нөхцөл байдал, нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн тогтооход эргэлзээ бүхий гэж үзэж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тухайн охин тархи толгой өвдсөн гэсэн зовиуртай Энх тус дэм өрхийн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Тухайн үед эмч яаж үзсэн гэхээр 10 хурууны шугаман үзлэгээр үзсэн. Энд зөвхөн хурууны мэдрэмжээр тогтоосон үзлэгээр тухайн хүнд хөнгөн хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн байдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийнд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шинжилгээг гаргахдаа тухайн шинжилгээний арга, үр дүн, бодитой нөхцөл байдалд үндэслэж гаргана гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад ч байгаа зөвхөн тархи доргилт юм аа гэсэн ганцхан бичвэрээр энэ хүнийг яллаад оруулж ирж байгаа нь  нэг талдаа өрөөсгөл, учир дутагдалтай дүгнэлт болсон. Энэ дээр үндэслэж тухайн хүнийг гэм буруутайд тооцох нь үндэслэл муутай юм. Мөн тухайн гэмтлийг учруулсан гэдэг нь эргэлзээ бүхий байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яагаад гэхээр тухайн гэмтлийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 20-ны өдөр гэсэн эргэлзээ бүхий орон зай цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлууд тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Г.Х өөрөө оролцсон байдаг. Шүүх хуралд мэдүүлэхдээ мөн цаг хугацааны хувьд 03 дугаар сарын 09-ний өдөр гэж хэлдэг. Яг алгадуулсан гэдгээ бол гэрчилж чадахгүй, энэ үйл явдал 03 дугаар сарын 09-ний өдөр болсон юм гэдэг. 03 дугаар сарын 20-ны өдөр яг юу болсон юм бэ гэдэг тал дээр зөвхөн ээжийнхээ хэлсэн, чиглүүлсэн, чи яагаад буруу зөрүү яриад байгаа юм бэ гэсэн энэ байдалд нөлөөлж намайг цохисон гэдэг талаас ярьдаг. Тэрнээс бол бодитой Н.О гэдэг хүн цохиод гэмтэл учруулсан гэдэг дээр эргэлзээ бүхий мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чаддаггүй. Тухайн үйл явдлыг насанд хүрээгүй гэрч О.Б мэдүүлдэг. Гэтэл гэрч О.Б мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Х нар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тухайн үйл явдал болоход гэрч О.Б байсныг гэрчилдэг. Гэтэл гэрч О.Буянзаяа 03 дугаар сарын 09-ний өдрийн үйл явдлыг гэрчлээд байдаг. Гэтэл тухайн маргаан 03 дугаар сарын 20-ны өдөр болоод тэр өдөр Н.О гэмтэл учруулсан юм гээд эргэлзээ бүхий байдлуудыг ярьдаг. Энэ нөхцөл байдлуудаас аваад үзвэл Н.О гэдэг хүний үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй байгаа, мөн дээрээс нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй гэрч Т, Т нар гэрчилдэг. Тухайн нэг үйл явдал, пактыг гэрчилж байдаг. Гэтэл Т, Т нар хувьд тухай үйл явдлыг ерөөсөө чи яагаад миний хүүхдийг цохисон юм бэ гэдэг асуудлыг ярьсан байдаг, тэр талаар гэрчилдэг. Хэрэв ээ тухайн үед О.Б байсан бол энэ үйл явдлын талаар тодорхой ярих байтал энэ талаар огт дурдаж ярихгүй зөвхөн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэж яриад байдаг. Тэгэхээр энэ гэрчлүүлээд байгаа гэрчийн маань мэдүүлэг эргэлзээ бүхий, үйл явдлын талаар мэдүүлж байгаа насанд хүрээгүй хохирогч Г.Хулангийн мэдүүлэг бас эргэлзээ бүхий, мөн энэ гэмтлийг тогтоосон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 161 тоот шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байгаа учраас нотлогдвол зохих нөхцөл байдлыг  бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Анхан шатны шүүхээс бодитой тал бүрээс нь нотолж, тогтоож чадаагүй байна. Нэг нэгнийгээ үгүйсгэсэн ийм нотлох баримтыг авч тусгаж, гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаад үндэслэл бүхий биш байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 100 тоот шүүхийн шийдвэр дээр тодорхой дүгнэлт хэсэг дээр байдаг. Насанд хүрээгүй хохирогч Г.Хулан мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаан хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Отгонцэцэг нь миний дух руу гараа тэнийлгэж байгаад нэг удаа цохисон гэдгээ удаа дараа тогтвортой мэдүүлсэн.  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Хулан намайг Н.О эгч толгойн тус газар цохиход хажууд манай найз Хүслэнзаяагийн дүү Буянзаяа байсан гээд мөн цаг хугацаа, орон зайн хувьд эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгийг эх сурвалжаа тодорхой заасан гэж шүүх дүгнэж, үнэлж байгаа нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар бол мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй байх юм бол тухайн мэдүүлгийг үнэлэхгүй байх талаар тодорхой хуульд заагдсан байдаг. Тийм учраас тухайн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Н.О давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

           Шүүгдэгч Н.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 дүгээр 12 жилийн сургуулийн баруун талын шатан дээр бага насны 11 настай хохирогч Г.Х толгойн тус газар 1 удаа гараараа цохиж  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь  хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон байна.            

          Шүүгдэгч Н.О: ...гэрч Буянзаяагийн мэдүүлэг эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Учир нь насанд хүрээгүй гэрч О.Б “... 2 давхарын шатан дээр О гэдэг эгч Х чи яагаад манай хүүхдийг зодсон бэ дахиж зодвол хохь чинь шүү гээд гараараа толгойруу нэг удаа цохьчихоод явсан”, Ц.Т “...Х нэг эгч чи манай хүүхдийг яагаад зодсон, дахиж зодож болохгүй шүү гээд загинаад зогсож байсан, ...тэр эгч Хг дагуулаад дээшээ 2 давхарлуу гараад явсан”, гэрч А.Т “ ...нэг давхараас дээшээ гарах гээд явж байхад баруун талын 2 давхарын шатан дээр нэг эгч Хуланг загнаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг, мөн насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтанд болон анхан шатны шүүх хурал дээр  өгсөн тогтвортой мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.О нь насанд хүрээгүй хохирогч Г.Х толгойн тус газар гараараа цохьсон болох нь нотлогдож тогтоогдсон байна гэж үзлээ.

              Шинжээчийн дүгнэлтийг 40 хоногийн дараа гаргасан байх боловч хохирогч нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч Ц үзүүлж тархи доргилт гэсэн онош тавигдсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гавал тархины 2 байрлалд  рентген зураг авагдсан зэргийг үндэслэн “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд уг дүгнэлтийн талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй байна.

          Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.О нь “гэрч О.Б эгч нь хохирогч Г.Х найз, мөн тухайн үйл явдлыг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон” гэсэн тайлбарыг  хэлсэн боловч шүүгдэгчийн өөрийнх нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр холбогдогчоор өгсөн анхны мэдүүлэг, 2018 оны 09 сарын 03-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хохирогч Г.Х мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хохирогч Г.Х нь гэрч О.Б манай найз Х дүү гэж мэдүүлсэн боловч 9 настай гэрч О.Б худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 2018/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                              Х.БАЙГАЛМАА

                                                                                           О.ОДНЯМАА