Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

2022      01       21                               2022/ШЦТ/144

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Баярмаа, Т.Оюунбаатар,

улсын яллагч М.Оюунбат /томилолтоор/,

гэрч Ж.Мөнхтогтох /цахим/,

гэрч Д.Галтмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

            шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж, 

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2592 дугаартай 4 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүүхдийн хамт Налайх дүүрэг 4 дүгээр хороо Туулын 1 дүгээр гудамж 5 тоот хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг Бууцагаан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Өлгий 1 дүгээр гудамжны 1 тоот хаягийн бүртгэлтэй боловч 21 дүгээр хороо Жамсран уулын Ар 5 дугаар гудамжны 1 тоот хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Даваа овогт

3. Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймаг Чойбалсан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий 35 дугаар гудамжны 606 тоот хаягийн бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 429 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Баянхонгор аймгийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дүгээр зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Г.Х, Б.Б, Т.А нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоот хашаан дахь нийтийн байрны 16 тоотод Д.Мөнхбатыг бүлэглэн, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нүүр, цээж хэвлийн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож санаатай алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн төрсөн эх 70 настай Д.Галтмаад байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энэ хэрэг болсон. 2020 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Г.Хийн хамт дүүгийндээ очиж хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед Г.Хийн ээжийнд ирэхэд ээж нь ганцаараа байсан. Г.Х бид хоёр тухайн үед архитай очсон ба ээжтэй нь архиа хувааж уусан. Архи уугаад сууж байтал гаднаас Т.А, Ж.Мөнхтогтох нар орж ирээд дөрвүүлээ нийлж уусан. 16 цагийн үед Т.А хүүхдээ авна гэж яваад, хүүхдээ авч ирээд хамт ууж байгаад 17 цаг орчимд хүүхдээ хүргэж өгнө гээд Ж.Мөнхтогтохтой цуг явсан. Тэгээд буцаж ирээд байж байтал талийгаач Мөнхбат 19 цагийн үед гаднаас согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд Г.Х, Т.А хоёрыг Улиастайн янхан, банзал, гичий, гэрээс зайл гээд хэрүүл хийж хөөсөн. Г.Х, Т.А хоёр талийгаачтай хэрүүл хийгээд Г.Х уурлаад талийгаачийг цохих гээд очиход нь би Г.Хийг барьж аваад хойш нь угз татан дарж унаад боль хэрэггүй гээд болиулсан. Тэгээд байж байтал талийгаач Г.Хийг барьж авах гээд ухасхийж босож ирэхээр нь би талийгаачийг хойноос нь татаж орон дээр нь хэвтүүлсэн. Энэ үед талийгаач дахиж босож ирээд Т.Аг элдэв муугаар доромжлоод байхаар нь Ж.Мөнхтогтох босож ирээд Т.Аг өмөөрч талийгаачийг орон дээр нь дарж байгаад 2-3 удаа хамар луу нь цохиход цус гарсан. Тэр үед Галтмаа эгч больцгоо, цагдаа дуудлаа шүү гэхээр нь би яах юм бэ, энүүгээрээ зохицуулъя гээд гарыг нь барьж байгаад тавьсан. Тухайн үед Мөнхбатыг болиулаад байж байтал Ж.Мөнхтогтох орон дээр нь суучихсан талийгаачийг цохиж байсан. Тэгээд Галтмаа эгч сандраад цагдаа дуудахаар гарахад нь би араас нь гарсан. Гараад Д.Галтмаа эгчийг нэлээд хайж байгаад эргээд ороход Ж.Мөнхтогтох талийгаачийг газар унагасан байдалтай өшиглөж байсан. Тэгээд бөөндөө байж байгаад гарцгаая гээд дөрвүүлээ ярилцаж байгаад гараад хашааны гадаа байж байхад цагдаа нар ирж бид нарыг барьж авсан” гэв.

     Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Б, Т.А болон Г.Х миний бие бага зэргийн согтолттой байсан. Ж.Мөнхтогтох нь нэлээд согтолттой байсан. Талийгаач гаднаас согтуу орж ирсэн. Ээж талийгаачийг орон дээр хэвтүүлэхэд талийгаач босож ирэн Т.А бид хоёрыг элдэв бусаар хэлж доромжилсон. Талийгаач Ж.Мөнхтогтохтой маргалдаж байх хооронд ээж цагдаа дуудах гээд утсаа аваад гараад явсан. Тэр хооронд Ж.Мөнхтогтох талийгаачийг орон дээрээс хүчтэй татаж унагаад нүүр рүү нь цохиод хамраас нь цус гарсан. Мөн Ж.Мөнхтогтох талийгаачийн зүүн шанаа руу нь өшиглөж дээрээс нь дэвссэн. Бид хэд болиулах гээд салгаж чадаагүй. Энэ хэрэг маш хурдан болсон. Талийгаачийг Ж.Мөнхтогтох зодож гэмтээн үхэлд хүргэсэн байтал Ж.Мөнхтогтохоос гэрчээр мэдүүлэг аван энэ хэрэгт оролцуулаагүйд гомдолтой байна” гэв.

     Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн хэрэг болсон газар Г.Х эгч, түүний нөхөр Б.Б, Г.Хийн ээж Д.Галтмаа, түүний нөхөр талийгаач Мөнхбат, мөн Ж.Мөнхтогтох нар байсан. Талийгаач Мөнхбат нь Г.Х эгч бид хоёрыг Улиастайн янхан, гичийнүүд гэж доромжилж гутаахад Г.Х эгч эсэргүүцээд хашхирсан. Би өөрийгөө огт танихгүй хүнд ингэж доромжлуулж байх гэж дээ гэж бодоод дотор давчдаж хэцүү байснаа мэддэг. Нэг мэдэхэд л цагдаа ирээд бөөн юм болчихсон байсан. Тэр хооронд юу болсноо ч санахгүй байгаа. Би энэ бодит байдлаа анхны мэдүүлэгтээ ч хэлсэн. Хэт гутарч, хөөрөлд орсноос түр хугацаанд өөрийгөө мэдэх, хянах чадваргүй болсон байсан. Би мэдсээр байж үйлдэл хийгээгүй. Би талийгаачтай ямар нэгэн өс хонзон байхгүй бөгөөд талийгаачийг танихгүй, тэр өдөр анх удаа харсан. Надад ууж идээд талийгаачийг цохиж зодно гэж заналхийлж төлөвлөсөн зүйл байхгүй байсан. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Мөн талийгаач Мөнхбатын өглөө 07 цагаас орой 20 цаг хүртэл юу хийж явсан зам мөрийг нь шалган тогтоож өгнө үү. Гадны нөлөөтэй байх өндөр магадлалтай байна. Анхнаасаа мөрдөн байцаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан. Би талийгаачийг санаатай алсан гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед юу болсныг санахгүй байгаа. Мөн одоо ч санахгүй байна” гэв.

Гэрч Д.Галтмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Анх мэдүүлэг өгөхдөө цочирдсон байсан тул сайн мэдэхгүй байна. Анх мэдүүлэг өгөхдөө их айсан байсан. Намайг гарах үед талийгаач орон дээр байсан. Би өөрөө айж зугтаад хашааны гадаа гарсан. Тэгээд хашаагаа тойроод харахад Б.Б намайг хайгаад явж байна гэж харсан. Тухайн хүн Б.Б мөн байсан эсэхийг нь би өөрөө мэдэхгүй байна. Талийгаач гаднаас согтуу орж ирсэн. Өөрийгөө авч явах чадваргүй байсан. Уг нь ажилдаа явна гэж гарсан боловч ажилдаа яваагүй орой нь согтуу орж ирсэн. Тэгээд хувцсыг нь тайлаад оронд нь хэвтүүлсэн. Орж ирэхдээ ганхаад биеэ авч явах чадваргүй байсан. Өглөө 7 цагт ажилдаа явна гээд эрүүл гараад явсан. Талийгаач хувийн эсгийний үйлдвэрт ажилладаг байсан. Орой 20 цаг болох гэж байхад орж ирсэн байх. Энэ хугацаанд хаана, хэнтэй архи уусныг мэдэхгүй байна. Ажилд явна гэж гараад тэр оройдоо согтуу орж ирсэн. Цагдаа нартай ороход хаалганы хавьд хөндлөн харсан, татаж унагасан байдалтай байсан. Би талийгаачтай 27 жил хамтран амьдарсан” гэв.

Гэрч Ж.Мөнхтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Б.Бтай хамт барилга дээр ажиллаж байсан. Г.Х, Т.А нарыг сайн танихгүй. Намайг Т.Агийнх руу явчхаад буцаж ирэхэд талийгаач ирсэн байсан. Тухайн өдөр цагдаагийн байгууллагаас согтолтын зэргийг шалгасан. Би талийгаачид гар хүрээгүй. Тухайн өдөр шүүгдэгч нар талийгаачийг цохисон” гэв.

 

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор,

          Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаар утсанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 41 минутад 88824377 дугаарын утаснаас ирүүлсэн “Нийтийн байранд зодоон болоод байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн “Үзлэгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутад эхлүүлж, хэрэг болсон гэх газар Монелийн гэрлэн дохиотой уулзвараас чанх хойш 500 метр яваад төв замын баруун талд харалдаа 3 давхар улаан тоосгон нийтийн байр байв. 2 давхрын зүүн урд талд байрлах хэрэг учрал болсон гэх 16 тоотод хэсэгчлэн үзлэг хийхээр тогтов. Уг 16 тоот нь гадагш онгойдог шаргал өнгийн модон хаалгатай, хаалга цоожгүй, гадна үүдэн хэсэгт хагарсан салатны шил, таг байсныг 1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв ... уг өрөө нь 6*2.85 метр хэмжээтэй ... Өрөөний гол хэсэгт газар дээш харсан байдалтай эрэгтэй хүний цогцсыг 13 дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Цогцсын толгойн хэсэг ертөнцийн зүгээр баруун хойд зүгт чиглэсэн, нүүрний зүүн шанаа хэсэг улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хамрын зүүн хэсэгт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, 2 гар биеэс салангид хөл дагуу чиглэсэн, баруун хөл хагас нугалсан, зүүн хөл шулуун ертөнцийн зүгээр зүүн урд зүгт чиглэсэн, дээгүүрээ цайвал өнгийн футболк, улаан өнгийн цамц, ягаан өнгийн хиртэж бохирлогдсон юүдэнтэй цамцтай, доогуураа хар саарал өнгийн дотоож, хар өнгийн нимгэн өмдтэй, хөл нүцгэн байв ... Амь хохирогчийн биеийн ил харагдах бусад хэсэгт гэмтэл шархгүй байна ... 25 кадр гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийг 02 цаг 40 минутад дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 4-16 дахь тал/,

            Цогцост үзлэг хийсэн “Үзлэгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 цаг 50 минутад эхлүүлж, ... духны зүүн дээд талд 1*1 см шалбаралт, духны голд 0.3*0.3, 3*3 см шалбаралт, зүүн хөмсөгний дээд талд 4*2 см цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд талд 2.3*4 см цус хуралттай, зүүн хацарт 5*5 см цус хуралттай, уг цус хуралтуудын доод захад хагас дугуй хэлбэртэй 1.6*0.5 см, урд захад нь мөн хагас дугуй хэлбэртэй 1.3*0.3, 0.6*0.3, 0.8*0.2 см өнгөц шархуудтай, хамрын зүүн самсай 2*0.5 см зулгаралттай ... хөшилт сул, хүүрийн толбо илрээгүй ... амь хохирогчийн өмсөж явсан хувцсыг хураан авч үзлэгийг 04 цаг 17 минутад дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

          Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаяр, Б.Шинэзориг нарын бичсэн “дуудлагыг шалгахад дуудлага өгсөн Д.Галтмаа нь тус нийтийн байрны үүдний 00-н хажууд нуугдаад, хөл нүцгэн зогсож байсан ба энгэрийн камераа ажиллуулж уг нийтийн байрны 2 давхарт гэрт нь орж шалгахад хохирогч Д.Мөнхбат нь дээшээ харсан, зүүн шанаа нь зүсэгдэж хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан” гэсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,

          Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ариунболдын “...амь хохирогчтой хамт байсан гэх Д.Галтмаатай уулзаж биечилсэн сурвалжилга хийж ажилласан. 2 дугаар давхрын айлуудтай уулзахад 7 хоногт 2-3 удаа 18 тоотын айлаас их дуу гарч байсан. Эмээ, өвөө, охин болон хүргэнтэйгээ хамт амьдардаг, Охин, хүргэн 2 нь дандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг” гэсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч Д.Галтмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д.Мөнхбат бид хоёр 1993 онд танилцаж хамт амьдарч байсан. Г.Х нь миний том охин. Батбаяр нь 2020 оны 7 дугаар сараас эхлэн Г.Хтэй хамт амьдарч байгаа. Харин Ариунзаяа, Мөнхтогтох хоёрыг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манайд ирж архи уухад харсан. Би 2020 оны 08 дугаар сараас эхлэн талийгаач нөхөр Д.Мөнхбатын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-36б тоотод байрлах нийтийн байрны 16 тоотыг түрээслэн амьдарч байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай охин Хүсэхнэмэх орцны жижүүрээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан тул очих газар байхгүй гэж хэлээд хамтран амьдрагч Батбаярын хамт манай гэрч ирж амьдрах болсон. Манай гэрч ирснээр бараг өдөр бүр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан, зарим тохиолдолд Д.Мөнхбаттай хамт архи ууж, түүнтэй хэд хэдэн удаа маргалдаж байсан. Ямар шалтгааны улмаас маргалддаг байсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ манай охин Хүсэхнэмэх нь Мөнхбатад дургүй байдаг бөгөөд дургүйцлээ илэрхийлж элдвээр хараал хэлж, доромжилдог байсан. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хүсэхнэмэх, Батбаяр, Ариунзаяа нар манай гэрт архи ууж байхад Хүсэхнэмэх нь бүх хүмүүс рүү агсраад байсан тул Мөнхтогтох, Ариунзаяа 2 харилаа гээд гараад явсан. Тэгтэл удалгүй Хүсэхнэмэх, Батбаяр 2 хоорондоо маргалдаад хэрүүл шуугиан болоход тухайн нийтийн байрны түрээслүүлэгч залуу орж ирээд та нар хүмүүсийн амраахгүй, унтуулахгүй байна, цагдаа дуудлаа шүү гэж анхааруулж хэлээд Хүсэхнэмэх, Батбаяр нарыг хөөж гаргасан ба тухайн шөнө тэр 2 манай гэрт ирж хоноогүй. Маргааш нь 9 цагийн орчим Хүсэхнэмэх нь залгаад би орцны жижүүрээр дахин ажилд орох гэсэн чинь бичиг баримт хэрэг болоод байна, бид 2 танайхаас хувцас, эд зүйлээ авмаар байна гэж хэлэхээр нь би хүрч ирээд ав гэж хэлсэн. Хүсэхнэмэхийг утсаар ярьсны дараа Мөнхтогтох гэх залуу Хүсэхнэмэх, Мөнхтогтох нарыг асууж манай гэрт орж ирээд Ариунзаяаг хүлээж байна гээд суугаад байсан, 10 цаг өнгөрч байхад Хүсэхнэмэх, Батбаяр 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт ирсэн. Тухайн үед Мөнхтогтох нь Хүсэхнэмэх, Батбаяр нарт хандаж 14 цагт самарт явах машин ирнэ шүү гэж хэлж байсан боловч миний утсаар хүнтэй ярьчхаад жолооч нь архи уучхаж 18 цагт явахаар боллоо гэж хэлсэн. Ингээд Хүсэхнэмэх, Батбаяр, Мөнхтогтох нар цайз зах руу явж хүнтэй уулзлаа гээд гараад явсан ба 16 цаг өнгөрч байхад Хүсэхнэмэх, Батбаяр, Мөнхтогтох, Ариунзаяа нар нэгдүгээр ангид сурдаг гэх Ариунзаяагийн эмэгтэй хүүхдийн хамт манай гэрт орж ирсэн. Хүсэхнэмэх, Батбаяр, Мөнхтогтох, Ариунзаяа нар манай гэрт 0.5 литрийн Монгол стандарт нэртэй 1 шил архи хувааж уугаад, 18 цагийн орчимд Ариунзаяа нь хүүхдээ гэртээ хүргэж өгөх гээд Ж.Мөнхтогтохын хамт яваад 19 цагийн орчимд буцаж ирсэн. Тэр хоёрыг орж ирээд удаагүй байхад манай нөхөр Д.Мөнхбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээр хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Тэгтэл Хүсэхнэмэх танай Мөнхбатыг ална аа, энэ яахаараа согтуу ирж таныг дарладаг юм бэ гэж хэлээд хашхираад байхад нь Батбаяр нь Хүсэхнэмэхийг газар дараад байсан. Тэгтэл Ариунзаяа нь Хүсэхнэмэхийн орилж байгааг хараад би бас энийг ална аа гэж хэлээд Д.Мөнхбатын хөнжлийг татаад цээж болон хэвлий хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон тул би түүнийг болиулсан. Гэтэл Хүсэхнэмэх газар хэвтэж байснаа босож ирээд та нөхрийгөө өмөөрч байвал би ална гэж хэлээд Д.Мөнхбатын толгой, цээж, хэвлий хэсэг рүү цохиод, мөн хөлөөрөө өшиглөөд байсан. Энэ үед Батбаяр мөн босож ирээд Д.Мөнхбатын толгой, цээж гээд бүх л бие рүү нь гараараа цохиж зодоод байсан ба би Хүсэхнэмэх, Батбаяр нарыг болиулах гэхэд чадахгүй болохоор нь цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгтэл Батбаяр миний гар утсыг булааж авах гээд хоёр гарыг минь барьчхаад байсан. Мөнхтогтох газар хэвтэж байгаад босож ирээд Батбаярт хандаж наад эмээгийнхээ гарыг тавиач, та нар хөгшин хүнийг болиоч, даралт нь ихэснэ ш дээ гэж хэлэхэд Батбаяр намайг тавьсан. Хүсэхнэмэх намайг ална гээд дайрсан, ногооны шил хагалахаар нь би айгаад оймстойгоо гэрээс гарч зугтаад гадаа байсан автомашины араар нуугдахад Батбаяр араас гарч хашхираад буцаад орсон. Ингээд би 102 дугаарт залгаж дуудлага өгчхөөд цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаатай хамт гэртээ ороход Д.Мөнхбат ухаангүй байдалтай газар дээшээ хараад хэвтчихсэн, Хүсэхнэмэх, Батбаяр, Мөнхтогтох, Ариунзаяа нар гараад зугтаасан байсан. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа түргэн тусламж дуудсан ба түргэн тусламж ирж үзчихээд Д.Мөнхбатыг нас барчихсан байна гэж хэлсэн. Д.Мөнхбат гэртээ ирэх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс биш биеийн байдал нь хэвийн, биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Ариунзаяа нь Мөнхбатын цээж, гэдэсний хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Хүсэхнэмэх нь Мөнхбатын толгой болон хэвлий хэсэг рүү гараараа болон цүнхээрээ цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Харин Батбаяр нь гараараа цохиж байгаа харагдсан. Хүсэхнэмэх, Батбаяр 2 маш олон удаа Мөнхбатыг цохисон тул түүнийг нь тоолох боломжгүй байсан. Ер нь Хүсэхнэмэх, Батбаяр 2 Мөнхбатыг алчихъя гээд л цохиод байсан ба Мөнхтогтохын хувьд Мөнхбатыг огт цохиж зодоогүй. Хүсэхнэмэх нь намайг түүний аав Ган-Очироос салаад Мөнхбаттай амьдрах болсонд дургүйцэж архи уухаараа Мөнхбатад агсам тавьж дүргүйцлээ илэрхийлдэг. Өчигдрийн хувьд мөн адил Хүсэхнэмэх нь архи ууж агсам тавиад шалтгаангүйгээр Мөнхбатыг зодсон ба Батбаяр, Ариунзаяа 2 Хүсэхнэмэхийг зодохыг хараад Мөнхбатыг зодсон байх гэж бодож байна. Мөнхбатыг хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс гадна түүнийг хэдэн талаас нь цохиод байсан тул зодуулж байхдаа биеэ хамгаалах чадваргүй байсан. Мөнхбат бид 2-ын харилцаа эвтэй, хэрүүл маргаангүй байдаг байсан. Мөнхбат архи уусан ч ямар нэгэн ааш авир гаргахгүйгээр унтчихдаг байсан. Хүсэхнэмэх, Батбаяр, Мөнхтогтох, Ариунзаяа нар их согтсон байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-63 дахь тал/,

Д.Галтмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин өгсөн “Би талийгаачтай гэрлэлтийн баталгаа байхгүй, бид хоёр 1993 оноос хойш 27 жил цуг амьдарч байна. Би өөрөө 7 хүүхэдтэй гэхдээ талийгаач бид 2-ын дундаас хүүхэд байхгүй. Хүсэхнэмэх бол миний 4 дэх охин ... 1996 онд 8 дугаар ангиа төгсөөд ажилгүй байж байгаад Налайхын оёдлын үйлдвэрт 1-2 жил ажиллаад гараад надтай хамт Дэнжийн мянгад ногоо зарж, миний цайны газарт ойр зуур тусалж байгаад Улиастайн хүүхдүүдтэй нийлээд архи уудаг болсон. Уул нь Хүсэхнэмэх талийгаач бид 2-той цуг амьдардаг байсан, харилцаа гайгүй байсан. Сүүлд л Хүсэхнэмэх архи уудаг болсноос хойш талийгаачтай бага зэрэг маргалддаг болсон. Хүсэхнэмэх миний аавыг хаяад Мөнхбаттай суучихлаа гээд дургүй байсан юм болов уу гэж боддог. Би ер нь архи уудаггүй, хэрэг болдог өдөр би эрүүл саруул байсан. Талийгаачийг ямар хүмүүстэй уулзаад архи уугаад ирснийг би мэдэхгүй байна. Талийгаач өглөө 7 цаг өнгөрч байхад гарч яваад орой 20 цаг болж байх орчим ирэхдээ нэлээн согтуу ирсэн. Гэхдээ ямар нэг гэмтэл гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Би талийгаачийг орж ирэнгүүт хувцсыг нь тайлаад орон дээр унтуулсан. Талийгаачийг орж ирэхэд Хүсэхнэмэх, Батбаяр 2 газраар бүхлээрээ унтаж байсан. Талийгаачийг орж ирсний дараа Ариунзаяа, Мөнхтогтох 2 цугтаа согтуу орж ирээд Ариунзаяа нь Хүсэхнэмэхийг сэрээх гээд орилоод, би Улиастайн янхан, банзал уу энэ залууд хэлээдэх гээд тэгээд надад би энэ залуутай унтах гэсэн юм хөнжил, гудас байна уу гэхээр нь би хөнжил, гудас аваад өгсөн чинь Ариунзаяа дахиж орилоод энэ орон дээр байгаа хэн бэ гээд талийгаачийг асуухаар нь би наадах чинь Мөөгий ах чинь байна аа согтуу байгаа гэж хэлсэн чинь Ариунзаяа энэ яахаараа орон дээр таныг элэг бариад согтуу унтаж байдаг юм бэ ална аа гээд хөнжлийг нь хуу татаад талийгаачийн гэдэс, хэвлий хэсэг рүү 3 удаа баруун гараа атгаж байгаад цохисон, энэ үед талийгаач ухаангүй унтаж байсан бөгөөд цохих үед нь “хэг хэг” гэж дуугараад бие нь “овос овог” гээд байсан. Би Ариунзаяаг болиулах гэсэн боловч чадаагүй. Ариунзаяатай цуг орж ирсэн Мөнхтогтох болохоор Батбаяр, Хүсэхнэмэх 2-ын хажуугаар хэвтэж байсан ... Намайг зугтаагаад гэрээс гарахад талийгаач анх хэвтсэн орон дээрээ хэвтсэн байдалтай байсан. Нүдэнд харагдах шарх, сорви байгаагүй. Харин сүүлд цагдаа ирээд цугтаа ороход өрөөний гэрэл унтраачихсан байхаар нь гэрлээ асаахад талийгаач газар орноосоо бага зэрэг зайтай үүд рүү толгой хэсэг нь чиглэсэн, дээшээ харсан байдалтай, зүүн шанаа хэсгээс нь цус гарчихсан, үл мэдэгдэх амьсгаатай хэвтэж байсан. Талийгаач нь Ариунзаяа, Хүсэхнэмэх, Батбаяр нартай огт маргалдаж муудалцаагүй, тэр гуравтай юу ч яриагүй. Намайг болон тэр гурвыг хэл амаар доромжилж хараасан зүйл байхгүй. Хүнтэй ч олигтой ярих сөхөө байгаагүй, согтуу байсан. Талийгаач зодуулж байхдаа биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх тийм тэнхэл байгаагүй. Мөнхтогтох талийгаачийг цохиж зодоогүй. Харин ч Батбаяр намайг ална, утсыг нь булааж цонхоор шиднэ гээд байхад Мөнхтогтох намайг хамгаалж гаргасан. Би Мөнхтогтохыг танихгүй тэгэхэд намайг хамгаалсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

Гэрч Ж.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Батбаяр бид хоёр  2017 оны зун хорооллын эцэст байрлах Лион зочид буудлын өргөтгөлийн барилгын ажил дээр хамт ажиллаж байсан. Түүнээс хойш огт холбоогүй байж байгаад 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тааралдсан ба Хүсэхнэмэх нь түүний эхнэр. Ариунзаяагийн хувьд би түүнтэй 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Цайз захын орчимд байрлах караокед танилцсан. Харин Хүсэхнэмэх, Ариунзаяа нар нь бие биенээ танидаг байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ариунзаяагийн хамт Цайз зах орох гээд явж байгаад Батбаяртай таарсан ба эхнэр Хүсэхнэмэхийн хамт явж байсан. Батбаяр гэрээ зааж өгөөд араас хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ариунзаяа бид 2 Цайз зах орж хүнээс мөнгө авч замаараа хүнсний дэлгүүр орж 0.5 литрийн Монгол стандарт архи авч Батбаярын байгаа газар очсон. Тухайн байр нь Хүсэхнэмэхийн ээжийн гэр юм байна лээ. Бид 2 Галтмаа эгчийн гэрч 2 шил архи уусан ба архи дуусаж байх үед Хүсэхнэмэх нь орилж хашхираад агсам тавьж Батбаярыг цохиод байсан. Мөн Хүсэхнэмэх нь намайг цохих гээд гараа далайгаад байсан тул Ариунзаяа бид 2 явлаа гэж хэлээд гараад явсан. Хүсэхнэмэх нь архи уухаараа догшин ширүүн ааш араншинтай болж, орилж хашхираад, хүн болгоныг элдэв үгээр доромжилдог, хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болдог хүн байсан. Ингээд Ариунзаяа бид 2 Монелийн эцэст байх Ариунзаяагийн найз Мөнхцэцэгийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Ариунзаяа хүүхдээ сургуульд хүргэж өгнө гээд гэр лүүгээ явсан ба намайг Галтмаа эгчийн гэрт очоод Батбаяр, Хүсэхнэмэх хоёртой уулзаад байж бай гэсэн. Ингээд 9 цагийн орчимд Галтмаа эгчийн гэрт очиход тэрээр ганцаараа байсан ба Хүсэхнэмэх, Батбаяр нар шөнө гэрт агсам тавиад байсан тул байрны түрээслүүлэгч залуу хөөгөөд гаргасан, удахгүй ирэх байх гэж хэлсэн. Тэгтэл 10 цагийн орчимд Хүсэхнэмэх, Батбаяр 2 архи уусан байдалтай орж ирээд, Хүсэхнэмэх нь цүнхнээсээ Өргөө нэртэй 200 граммын архи гаргаж ирээд намайг нэг татчих уу гэж асуухаар нь би архинаас нэг хундагыг хийж уучхаад үлдсэнийг нь Хүсэхнэмэхэд өгсөн. Тэгээд бид 3 хоол хийж идэхээр болж хүнсний дэлгүүрээс хиам, гоймон, боорцог мөн Хийморь нэртэй 0.75 литрийн архинаас авсан. Хүсэхнэмэх ээж архи уулаа гэж уурлах байх гэсэн тул жижиг ундааны хуванцар саванд архи хийгээд Галтмаа эгчийн гэрт буцаж орсон. Галтмаа эгч бид нарт хоол хийж байх хооронд бид 3 архиа уусан ... Ариунзаяа гаднаас орж ирээд бид нар Цайз зах руу явсан. Цайз зах дээр очиж архи уудаг хүмүүстэй нийлж 3 шил архи хувааж уусан. Тэгээд бид нар бүгдээрээ Галтмаа эгчийн гэрт очоод бид 4 Монгол стандарт нэртэй 0.5 литрийн архи уусан. Архи дууссаны дараагаар буюу 18 цагийн орчимд Ариунзаяа бид хоёр Галтмаа эгчийнхээс гараад Ариунзаяагийн хүүхдийг гэрт нь хүргэж өгөөд 19 цагийн орчимд буцаж очсон. Ариунзаяа бид хоёр Галтмаа эгчид хандаж танайд хоночихъё гэж хэлэхэд тэг, тэг гэж хэлээд газарт гудас дэвсэж өгөхөөр нь би хэвтсэн. Тэгтэл гаднаас Галтмаа эгчийн нөхөр болох Мөнхбат гээд ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд бид нарыг харчхаад “энэ архины газар юм уу, явцгаа та нар” гэж хэлэхэд Галтмаа эгч нөхрийгөө унт, унт гэж хэлээд орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлсэн. Энэ үед Хүсэхнэмэх нь Мөнхбат ах руу хандаж чи миний ээжийг дээрэлхдэг хэн бэ, чамайг ална аа гээд орилж хашхирч байгаад нэг удаа алгадсан ба Ариунзаяа мөн Мөнхбат ах руу хандаж чи миний эмээг дээрэлхээд юу хуцаад байгаа юм бэ гэж хэлээд Мөнхбат ахын хэвлий хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн Хүсэхнэмэх нь Мөнхбат ах руу дайраад толгой, хэвлий, цээж хэсэг рүү гараараа цохих болон хөлөөрөө өшиглөөд байхаар нь Батбаяр очоод Хүсэхнэмэхийг татаж унагаж салгачхаад  өөрөө Мөнхбат ахын хэвлий хэсэг рүү хоёр удаа, толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Галтмаа эгч цагдаа дуудлаа гэж хэлээд гар утсаа авахад Батбаяр нь түүний гар утсыг булааж авах гээд хоёр гарыг нь барьчхаад байсан. Тэгэхээр нь би Батбаярт хандаж наад хөгшин хүн чинь даралт нь ихсээд уналаа ш дээ, одоо болиоч ээ гэж хэлэхэд Батбаяр гарыг нь тавьсан. Тэгээд би Галтмаа эгчийг гэрийн хаалгаар гаргаж өгсөн ба тэрээр их айсан байсан тул гутлаа өмсөлгүй оймстойгоо гарсан. Ингээд би буцаад орсон чинь Хүсэхнэмэх, Батбаяр, Ариунзаяа нар удахгүй цагдаа ирэх байх, бүгдээрээ явъя гэж хэлээд гэрээс гарсан ба Батбаяр нь гарахдаа Мөнхбат ахын цамцнаас татаж түүнийг орон дээрээс унагаасан. Ингээд Хүсэхнэмэх, Батбаяр, Ариунзаяа бид 4 Галтмаа эгчийн гэрээс гараад гудамжинд нэг шил архи уух гээд ярилцаад зогсож байх үед цагдаа нар ирсэн ... Мөнхбат ах гэртээ ирэх үед биеийн байдал нь хэвийн, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин архи уусан согтуу байсан. Миний хувьд тухайн үед хэн нэгнийг огт цохиж зодоогүй бөгөөд Батбаяр, Хүсэхнэмэх, Ариунзаяа 3 Мөнхбат ахыг зодсон. Миний харснаар Хүсэхнэмэх нь Мөнхбат ахын толгой, хэвлий хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө 5-6 удаа өшиглөсөн. Батбаяр нь нүүрэн тус газарт гараараа 1 удаа, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Харин Ариунзаяа нь нэг удаа алгадаж, гараараа цээж, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Мөн үүнээс гадна би тухайн үед хүмүүсийг салгах гээд, маргааныг зохицуулах гээд явж байсан тул намайг хараагүй байхад Батбаяр, Хүсэхнэмэх, Ариунзаяа нар дээрхээс илүү цохиж зодсон байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед Хүсэхнэмэх нь Мөнхбат ах руу орилж чарлаад, ална гээд байсан ба Ариунзаяа, Батбаяр 2 мөн Хүсэхнэмэхийн талд орж түүнийг зодсон. Мөнхбат ахын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул биеэ хамгаалах чадваргүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

Ж.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин өгсөн “Хэрэг болдон өдөр би архи уух нь уусан байсан, гэхдээ тийм их согтуу байгаагүй, болсон явдлыг санаж байна. Ариунзаяа болохоор талийгаачийг миний харснаар нэг удаа алгадсан. Мөн талийгаачийг орон дээр хэвтэж байхад цээж, хэвлий хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгж байтал Хүсэхнэмэх талийгаачийг орон дээр хэвтэж байхад очоод толгой, цээж, хэвлий хэсэг рүү нь олон удаа өшиглөж мөн гараараа цохиод байсан. Би энэ үед Ариунзаяаг салгаад цаана хориод байж байсан. Тэгсэн Ариунзаяа талийгаачийн хэвтэж байсан орон дээр нь гуталтайгаа гарчхаад өшиглөж цохиод байсан. Ариунзаяа, Хүсэхнэмэх 2-ыг салгахад Ариунзаяа нь намайг чи энийг өмөөрлөө гээд нар руу дайраад байх үед Батбаяр очоод толгой руу нь гараараа цохиод бас хэвлий рүү гараараа олон удаа цохисон, ямар ч байсан толгой руу нь 2 удаа, хэвлий рүү нь олон удаа цохиод нүдээд байсан. Гэрлийг бол Батбаяр унтраасан байх. Ариунзаяа, Хүсэхнэмэх, бид 3-ыг гарч байх үед Батбаяр ах талийгаачийг орноос татаж унагаад цээж, хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Бид гурвыг доошоо бууж амжаагүй байхад Батбаяр ах араас гарч ирсэн. Талийгаач эсэргүүцэл үзүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие нь эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Шинэзоригийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн Улиастай 116 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 41 минутад “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-36б тоотод байрлах нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг тоотод шуурхай хүрэлцэн очсон. Дуудлага өгөгч Д.Галтмаа нь уг нийтийн байрны гадна байрлах жорлонгийн ард нуугдсан байдалтай, хөл нүцгэн гуталгүй, оймстойгоо зогсож байсан. Уулзаж тодруулж асуухад ихэд сандарсан байдалтай, гар хөл нь салгалж чичрээд байсан. Тэрээр хэлэхдээ энэ нийтийн байрны 2 давхрын булангийн хаалга манайх, манай охин Хүсэхнэмэх нь найзуудтайгаа архидан согтуурч, хамтран амьдрагч бид хоёрыг зодсон, би зугтаж гарч ирсэн, хамтран амьдрагч маань дотор байгаа, эд нар нийлж аймаар зодсон, бараг үхчихсэн байх аа гэж хэлсэн. Ингээд гэр рүү нь орж шалгахад гэрт иргэн Галтмаагийн хамтран амьдрагч гэх 50-55 орчим насны эрэгтэй хүн шалан дээр дээш харж хэвтсэн байдалтай, орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, хөдөлгөөнгүй байдалтай, хамраас нь бага зэргийн цус гарсан, мөн зүүн шанаа шалбарч цус гарсан байдалтай хэвтэж байсан. Түүнийг зодсон гэх хүмүүс байхгүй байсан. Ингээд Галтмаагаас ямар хүмүүс байсан талаар тодруулахад манай охин Хүсэхнэмэх, түүний найз залуу, мөн дахиад нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс байсан, зугтчихсан байна гэж хэлсэн. Ингээд уг хүмүүсийг ойр орчмоор эрэн сурвалжлахад нийтийн байрны зүүн талд буюу засмал замын зүүн талд явж байсан нэг иргэн хэлэхдээ наанаас чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гараад арын гудамж руу гүйж орсон гэж хэлсэн. Хэлсний дагуу тухайн гудамж руу орж хайгаад нөгөө 4 хүнийг олсон. Тэдгээр хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Уг хүмүүсийг машинд суулгаж, 103-т дуудлага өгч, хэргийн газрыг хамгаалалт авч, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 103 хэсэг хугацааны дараа ирж үзээд нөгөө эрэгтэйг нас барсан байна гэсэн ... дуудлага өгсөн эмэгтэй эрүүл байсан ... манай охин найзуудтайгаа нийлж зодсон, би дундуур нь гарч зугтсан. Манай охин варений шил хагалаад намайг ална гээд дайрсан. Хамтран амьдрагчийг нь орон дээр хэвтэж байхад хэд хэдэн талаас нь дайрч зодсон, цагдаад дуудлага өгөх гэтэл Батбаяр миний утсыг аваад газар шидэж эвдлэх гээд байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

Гэрч Б.Шинэзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дуудлагад шуурхай хүрэлцэн очиж шалгахад нийтийн байрны гадна дуудлага өгсөн гэх Галтмаа гэх эмэгтэй хөл нүцгэн жорлонгийн ард зогсож байсан. Юу болсон талаар асууж тодруулахад манай охин Хүсэхнэмэх нь найзуудтайгаа хамт орж ирээд манай нөхрийг зодоод ман намайг зодохоор нь би гарч зугтаад цагдаад дуудлага өгч байгаа юм гэж хэлсэн. Нөгөө хүмүүс чинь хаана байна гэхэд сая дөрвүүлээ гараад зугтчихлаа гэж хэлсэн. Тэгээд 2 давхар нийтийн байрны 2 давхрын 16 тоотод орж шалгахад 50 орчим насны эрэгтэй газарт дээшээ хараад хэвтэж байсан. Гэр доторх эд хогшил ундуй сундуй болсон байдалтай байсан. Тэр эрэгтэй хөдөлгөөнгүй байдалтай, хоёр нүд нь аниастай, хамраас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Ингээд зугтсан гэх хүмүүсийг ойр орчмоор нь хайхад замын цаад талд үл таних нэг эрэгтэй хүн байсан ба сая наанаас чинь 4 хүн ийшээ гараад зугтсан гэж хэлсэн. Тэр эрэгтэйн нэр, хаяг, утасны дугаар холбогдох мэдээллийг асууж тодруулж тэмдэглэж аваагүй, заасан нөгөө хүмүүс болох 2 эрэгтэй, 2 эмэгтэйг барьж авсан. Тэдгээр хүмүүс бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан, аваад явах гэтэл шаардлага эсэргүүцээд явахгүй гээд байсан. Тэгээд буцаад нийтийн байранд ирсэн, нөгөө хүмүүсийг албаны машиндаа суулгаж байгаад түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж дуудлагатай гээд хэсэг хугацааны дараа ирсэн. Ирж үзээд нөгөө зодуулсан гэх эрэгтэйг өнгөрчихсөн байна гэсэн. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийн газрыг болон нөгөө 4 хүнийг хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн бөгөөд дээд давхрын 16 тоотод эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаа чимээ гарсан. Би тухайн үед чимээгүй байх талаар хэлье гэж бодоод сууж байх үед Галтмаагийн охин нөхөртэйгөө хамт, танихгүй залуу, эхнэртэйгээ бууж ирээд шатан дээр тамхи татаад байхаар нь би гадаа гарч тат гэсэн. Тэр 4 гараад явсан. Дахиж орж ирээгүй. 10 гаруй минутын дараа гаднаас 2 цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал/,

Гэрч Г.Гэрэлтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ээж 21 цагийн үед над руу залгаад танай эгч чинь 3 хүнтэй ирчхээд архи уугаад агсам тавих гээд хоорондоо муудалцаад байна, би гадаа байна, чи хурдан ир гэж хэлсэн. Би шууд ээжийн амьдардаг нийтийн байранд очиход байрны гадна машин дотор Хүсэхнэмэх, танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт сууж байсан ... би тэр байрны 2 давхарт гараад ээжийн амьдардаг өрөөнд орсон чинь нэг цагдаа талийгаачийн хажууд зогсож байсан ... ээжийг согтуу байхыг хараагүй, ээж зүгээр эрүүл байсан ... талийгаачийг 1997 оноос хойш танина. Тэр жил аав нас бараад ээж тэр хүнтэй гэрлээд хамт амьдарч эхэлсэн. Архинд дуртай, архины хамааралтай хүн байсан” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 99-102 дахь тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1147, 1148, 1149 дугаартай “Г.Х, Т.А, Батбаяр урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй, одоо хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 179-180, 182-183, 185-186 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай “Талийгаач Д.Мөнхбатын цогцост хэвлийн битүү гэмтэл: дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, ходоодны ар хана, өрц, баруун бөөрний өөхөн эд, зүүн бөөрний хальс, баруун 5, зүүн 8, 9 дүгээр хавирга, хавирганы нум орчмын зөөлөн эд, толгойн хуйхан доорх дагзны баруун дээд хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх шинэ гэмтэл байна. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид дээрхээс өөр эсэргүүцэн, тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр цусанд 0.9 промилли, шээсэнд 1.4 промилли, ходоодны шингэнд 1.6 промилли илэрсэн ба талийгаач нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 189-201 дэх тал/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэвлийн битүү гэмтэл, дэлүү язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн учраас үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлдлээр үүснэ, гар болон хөлөөр цохиход үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 202-203 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон Fuze tea ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Ice tea ундааны сав 1 ширхэг, Монгол Стандарт архины шил 1 ширхэг, Өргөө архины хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн женсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэрэг баримт,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор,

Хохирогч Д.Галтмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хүсэхнэмэх нь архи дарс уухаараа байнга агсам согтуу тавьдаг. 2015 оноос 2016 оны хавьцаа Хүсэхнэмэх Улиастайн гол дээр согтуу байж байхаар нь би гэртээ харь гэж загнаад түүнийг түлхсэн. Гэтэл Хүсэхнэмэх газраас архины шил аваад зүүн хөмсөг рүү цохиж толгой хагалж байсан. Тухайн үедээ гэмтлийн эмнэлэг ороод гурван оёдол тавиулж байсан. Төрсөн хүүхэд учир цагдаад мэдэгдээгүй ба эмнэлэгт үзүүлэхдээ юм мөргөсөн гэж хэлсэн. Саяхан гэртээ халуун савтай цайг авч шидээд, зурагтын антен таслаад, ус буцалгагчийн суурь шидэх үед жижүүр орж ирээд загнаад гаргасан. Ер нь Хүсэхнэмэх хамт байх хугацаандаа гадаа архи уугаад гэртээ согтуу орж ирээд агсам согтуу тавьдаг. Би энэ талаар цагдаад огт мэдэгдэж байгаагүй. 2014 оноос хойш байнга л агсам согтуу тавих болсон. Энэ байдал нь надад маш дарамттай байдаг тул би Улиастайн 23 дугаар хороонд амьдарч байсан гэрээ буулгасан. Үүнээс хойш талийгаач нийтийн байр түрээсэлсэн ба надад гэрээ зааж өгөөгүй байсан. 2019 онд Хүсэхнэмэх нь архи уугаад гудамжинд унтаад байхаар нь тус оны 12 сард гэртээ авч ирсэн. Үүнээс хойш цуг хэсэг амьдарсан. Хүсэхнэмэх архи нь гарахаараа “би танд агсам согтуу тавиагүй” гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Хохирогч Д.Галтмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг Г.Х хохироосон зүйл байхгүй. Архи уухаараа жаахан агсам тавьдаг байсан. Гэхдээ ганц, хоёр удаа л агсам тавьсан. Түүнээс олон удаа агсам тавьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,

Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дуудлага өгөгч Дорж овогтой Галтмаа нь уг нийтийн байрны гадна байрлах жорлонгийн ард нуугдсан байдалтай, хөл нүцгэн, гуталгүй оймстойгоо зогсож байсан. Уулзаж тодруулж асуухад ихэд сандарсан байдалтай, гар хөл нь салгалж чичрээд байсан. Тэрээр хэлэхдээ энэ нийтийн байрны 2 давхрын булангийн хаалга манайх, манай охин Хүсэхнэмэх нь найзуудтайгаа архидан согтуурч манай хамтран амьдрагч бид хоёрыг зодсон, би зугтаж гарч ирсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,

Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өнөөдөр Галтмаагийн гэрт ирсэн охин нь эднийд ирэхээрээ дандаа хэрүүл маргаан гаргадаг бөгөөд 9 дүгээр сард тэдний гэрт шуугиан гараад байхаар нь очиж шалгахад Галтмаа гуай гарч ирээд охин намайг зодоод байна эгчдээ цагдаа дуудаад өгөөч гэж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

Шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Хэд эрүүгийн 2006 00000 2592 дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /2 дахь хавтаст хэргийн 36-39 дэх тал/,

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Г.Хээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2006 дугаартай яллах дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 147-156 дахь тал/,

Яллах дүгнэлтэд гаргасан гомдол /2 дахь хавтаст хэргийн 179 дэх тал/,

 

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нараас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,

Түргэн тусламжийн эмч А.Мөнхдэлгэр дуудлагын дагуу Д.Мөнхбатыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 01 минутад ирж үзсэн талаарх баримт /2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн №14, 15, 19-24 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл дэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

          Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаяр, Б.Шинэзориг нарын бичсэн “... Д.Галтмаагаас асуухад 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн нийлж зодсон, намайг бас зодохоор нь би айгаад гараад цагдаа дуудсан. Уг хүмүүс гараад явсан байна гэсний дагуу гэрээс гарч шалгахад гудамжаар явж байсан хүмүүс арын гудамж руу гүйсэн гэснээр араас нь шуурхай очиж шалгаад Г.Х, Ж.Мөнхтогтох, Б.Б, Т.А нарыг саатуулж, хэргийн газрын хамгаалалт авсан” гэсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,

          Тусгай багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад Г.Х 1.89, Т.А 1.05, Б.Б 1.77 хэмжээтэй байсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34-39 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай “... Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 0.9 промилли, шээсэнд 1.4 промилли, ходоодны шингэнд 1.6 промилли илэрсэн ба талийгаач нь хөнгөн зэргийн согтолттой байжээ ... 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 189-201 дэх тал/,

Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Д.Галтмаа нь уг нийтийн байрны гадна байрлах жорлонгийн ард нуугдсан байдалтай, хөл нүцгэн гуталгүй, оймстойгоо зогсож байсан. Уулзаж тодруулж асуухад ихэд сандарсан байдалтай, гар хөл нь салгалж чичрээд байсан ... Галтмаагаас ямар хүмүүс байсан талаар тодруулахад манай охин Хүсэхнэмэх, түүний найз залуу, мөн дахиад нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс байсан, зугтчихсан байна гэж хэлсэн. Ингээд уг хүмүүсийг ойр орчмоор эрэн сурвалжлахад нийтийн байрны зүүн талд буюу засмал замын зүүн талд явж байсан нэг иргэн хэлэхдээ наанаас чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гараад арын гудамж руу гүйж орсон гэж хэлсэн. Хэлсний дагуу тухайн гудамж руу орж хайгаад нөгөө 4 хүнийг олсон. Тэдгээр хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

Гэрч Б.Шинэзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэдгээр хүмүүс бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан, аваад явах гэтэл шаардлага эсэргүүцээд явахгүй гээд байсан. Тэгээд буцаад нийтийн байранд ирсэн, нөгөө хүмүүсийг албаны машиндаа суулгаж байгаад түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

Гэрч Ж.Мөнхтогтохын хувийн байдалтай холбоотой АСП сангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 109-113 дахь тал/,

Талийгаач Д.Мөнхбатын хувийн байдалтай холбоотой АСП сангийн лавлагаа, /2 дахь хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн шинжээчийг асуусан “Нүүрэнд учирсан гэмтлүүдийн хэмжээ жижиг учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй, үхэлд хүргэхгүй. Нойр булчирхайн няцрал, дэлүү, нарийн гэдэсний урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн. Унах үед үхэлд хүргэсэн гэмтэл үүсэхгүй. Аюулхай хэсэг, цээж хэвлийн зүүн дээд хэсэгт хүч үйлчилж байж нойр булчирхайн няцрал, дэлүү, нарийн гэдэсний урагдал гэмтэл үүснэ” гэсэн хэсэг /3 дахь хавтаст хэргийн 164-196 дахь тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Г.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал/,

Гэрч Г.Гэрэлтбаатарын “эгч Хүсэхнэмэх өмнө нь Баасанжаргал гэдэг хүнтэй гэрлээд салж байсан. Одоо 8 дугаар ангид сурдаг нэг охинтой. Тэр хүүхэд нь Налайхад манай эгчтэй хамт амьдардаг. Манай эгч Налайхын оёдлын үйлдвэрт ажилладаг байсан. Ер нь бол байнга архи уудаг, архинд донтчихсон хүн дээ. Эгч 2014 оноос хойш бараг тасралтгүй архи ууж байгаа. Талийгаач, Хүсэхнэмэх 2 хоорондоо гайгүй харилцаатай байдаг байсан. Архи байвал хамт уучхаад, хоол байвал хамт идчихдэг байсан. Би бол яг хараагүй, ганц нэг удаа талийгаач цохиж зодлоо гээд эгч над руу ярьж байсан” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 99-102 дахь тал/,

Гэрч Г.Одгэрэлийн “Хүсэхнэмэх миний төрсөн дүү. Сургуулийн өмнөх насаа эцэг, эх болон цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1988 онд сургуульд орж, 1996 онд 8 дугаар ангиа төгсөөд дахин сургуульд сураагүй. 1997 онд манай аав өнгөрөөд би өрх толгойлж үлдсэн. Манай ээж 1995 онд ааваас салаад Мөнхбат гэх хүнтэй суусан, үүнээс хойш би хэдэн дүү нараа өсгөсөн. Хүсэхнэмэхийн хувьд зовж өссөн, цайны газар, оёдлын үйлдвэрт болон энд тэнд хувиараа ажил хийгээд явдаг байсан. 2006 онд Хүсэхнэмэх нь нэг залуутай үерхэж байгаад хүүхэдтэй болоод салсан. Одоо Хүсэхнэмэхийн хувьд өөрийн гэсэн гэр орон байхгүй, дүү нараараа хоноод сүүлийн 7 сараас хойш ээж дээр очоод амьдарч байсан. Сүүлийн 2-3 жил их архи уудаг болж гудамжинд унтаад энд тэнд согтуу хэвтээд өгчихдөг болохоор ээжийг бараадуулаад өвлийг авчихъя гэж бодоод ээж рүү явуулсан юм. Зан чанарын хувьд айхтар хэрцгий биш. Ажил төрөлд сайн. Сүүлд архинд орсон болохоос биш элдэв муу зан байхгүй. Бага байхдаа ядуу, яг зах зээлийн үед өссөн хүүхэд байгаа юм. Ээж залуугийн л архи дарс уудаггүй байсан. Юу гэж Хүсэхнэмэхтэй нийлж архи уух вэ дээ. Талийгаач Мөнхбат манай ээжтэй 27 жил амьдарсан, хоорондоо эвтэй. Талийгаач их дуу цөөтэй томоотой. Архи бол уудаг байсан. Хүсэхнэмэхийн охин Саранцэцэг над дээр өсөж хүмүүжиж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 73 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/, АСП сангийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 76-87 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 88-96 дахь тал/,

Шүүгдэгч Т.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 98 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/, АСП сангийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 100-103 дахь тал/, мэргэжлийн  боловсролын үнэмлэх /2 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Мандалаас шүүхийн хэлэлцүүлэгт тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх тус хэргийг шийдвэрлэхэд хангалттайд тооцон үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчихийг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг, нотлох баримтаар үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцлоо.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.А нар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх шинжтэйгээр, Г.Х нь гэр бүлийн хамаарал бүхий бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар Г.Х, Б.Б, Т.А нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Хийг тус тус гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Улаанаа нь оршуулгын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай” гэж дүгнэсэн,

Иргэдийн төлөөлөгч Д.Баярмаагаас “Нийгмийн эмзэг давхарга гэр хороолол, нийтийн байр, барилгын ажил гүйцэтгэгч, ажилчдыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч архидалтыг зогсоох хяналтад авах, архидалт болж буй газрыг тодруулах хөршийн холбоог сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь чухал. Сургалт сэтгэл судлаач, хяналтын байгууллагыг олшруулах нь зүйтэй ухамсаргүй, оюун ухааныг ойлгуулж архидалтай тэмцэх нь зүйтэй. Далд архидалтыг илрүүлэхэд бүх талаас анхаарах хэрэгтэй. Аминд нь хүрчихнэ гэж бодолгүй бие биеэ өмөөрсний улмаас хүний аминд хүрчээ. Үүний гол шалтгаан ухамсрын доройтол сэтгэлзүйн доголдол буруу, буруу зуршлаас гэм буруу үйлдэгдэнэ. Хууль шатны бүх байгууллага эрүүл нийгмийг цогцлоохыг хүсэж байна. Хэрэг болсон хойно нь биш анхан шатанд нь өөрөө өөртөө итгэлтэй болж нийгэмшихэд бүх шатны арга хэмжээг явуулах. Сэтгэл зүйчдийг олшруулах сэтгэцийн эмгэг, донтолтод нь нийгэмд маш их хор хөнөөлтэй гэр бүл улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Хуулийг нийгмийн эмзэг давхаргад мэдүүлэх, заах арга хэмжээ авах. Ийм тохиолдлын улмаас эдгээр хүмүүсийн гэм буруутай гэж үзэж байна”,  

Иргэдийн төлөөлөгч Т.Оюунбаатараас “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна. Тухайн талийгаачид яг хэн, хаана хэдэн удаа цохиж үхэлд хүргэснийг тодруулж ялгавартай ял оноох нь зүйтэй болов уу. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.А нь хэргийн талаар санахгүй байна гэж, шүүгдэгч Г.Х, Б.Б нар гэмт хэрэг үйлдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Даваасүрэн, Л.Мөнхтөр, Д.Батдорж, Ц.Мандал нараас, 

Нэгдүгээрт, Эсрэг сонирхолтой яллагдагч нараас байцаалт авахдаа нэг өмгөөлөгч оролцуулсан, яллагдагчаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, яллах дүгнэлтэд гаргасан гомдолд хариу өгөөгүй зэргээр оролцогчийн эрхийг зөрчсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд гэрч Ж.Мөнхтогтохын оролцоо байгаа эсэхийг шалгах, яллагдагч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгийн зөрүүг арилгах, талийгаач Д.Мөнхбатын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явсан зам маршрутыг шалгах, зарим баримт хэрэгт хавсаргаагүй байгааг шалгах, яг хэний цохилтоос талийгаачид үхэлд хүргэсэн гэмт учирсныг шалгах, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагааг хийгээгүй, энэ ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах гэж,

Хоёрдугаарт, Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б, гэрч Ж.Мөнхтогтох нар хамт архи уусан, гэмт хэрэг гарах үед хамт байсан байхад Ж.Мөнхтогтохын согтуурал шалгасан баримтыг хэрэгт хийлгүйгээр түүнийг гэрчээр байцааж, түүний мэдүүлгээр бусдыг нь ялласан, Д.Галтмааг айж сандарсан байдалтай байх үед гэрчээр мэдүүлэг авсан, энэ мэдүүлгийг үндэслэн ялласан, гэрч Ж.Мөнхтогтох, Д.Галтмаа нарын мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадаагүй, шинжээч талийгаачийн биеийн зүүн талд хүч үйлчилснээр үхэлд хүргэсэн гэмтэл үүснэ гэж тайлбарласан, гэтэл талийгаачийг орон дээр биеийн зүүн тал нь ханан талдаа харсан байдалтай хэвтэж байхад хүч хэрэглэн халдсан талаар гэрчүүд мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нарын үйлдлийн улмаас үхэлд хүргэсэн гэмтэл учраагүй, талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гуйвж дайвсан байдалтай гэртээ орж ирсэн, хөнгөн зэргийн согтолтын улмаас ийм байдалд орсон эсэх, эсхүл гэмтэл авсны улмаас ийм байдалтай орж ирсэн үү гэдэг нь эргэлзээтэй зэрэг үндэслэлээр шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох,

Гуравдугаарт, Шүүгдэгч Т.А нь анхнаасаа болсон үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлсэн, талийгаач нь Т.Аг Улиастайн янхан, гичий гэж зүй бус үгээр хэлж доромжилсон, хохирогчийн зүй бус байдлыг Ж.Мөнхтогтох, Б.Б нар гэрчилсэн, ийм шалтгааны улмаас Т.А нь түр хугацаанд сэтгэцийн хэвийн бус байдалд орсон байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн боломжтой тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар дүгнэлт гаргаж мэтгэлцэн оролцсон байна.

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан дүгнэлт, тайлбарыг нэг бүрчлэн авч үзэж, дараах байдлаар няцаалт хийлээ. Үүнд:

 Г.Х, Т.А, Б.Быг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус тус яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Д.Батсүхийг оролцуулсан ба Г.Х тогтоолыг хүлээн зөвшөөрч, яллагдагч Б.Б, Т.А нар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох”, 1.5 дахь заалтад “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж тус тус заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Харин Г.Х, Т.А, Б.Б нараас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй зөрчил гаргасан боловч энэ мэдүүлэгт хэргийн талаар асуугаагүй, тэдний хувийн байдалтай холбоотой зүйлийг асууж тодруулсан байна.

            Тус хэрэгт прокуророос 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт гардуулж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд Г.Хийн эгч Г.Одгэрэл, өмгөөлөгч Б.Даваасүрэн нар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллах дүгнэлтийг эс зөвшөөрч тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргажээ /2 дахь хавтаст хэргийн 166, 179 дэх тал/.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ гэж заасан ба хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш прокурорт гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй, гомдол гаргасан байлаа ч ямар хариу өгөх нь ойлгомжтой байна.

            Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            2020 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цаг 05 минутаас 02 цаг 20 минут хүртэл хугацаанд хойшлуулшгүй ажиллагааны явцад Д.Галтмаагаас гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж гэрчээр мэдүүлэг авсан /1 дэх хавтаст хэргийн 59-63 дахь тал/, энэ мэдүүлэгт үндэслэн Г.Х, Т.А, Б.Б нарыг хэрэгт холбогдуулан сэжиглэж шалгаж, Ж.Мөнхтогтохыг гэрчээр байцаасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар Г.Х, Т.А, Б.Б, Ж.Мөнхтогтох 4 хэрэг гарах үед хамт байсан боловч Ж.Мөнхтогтох нь талийгаач Б.Мөнхбатын биед хүч хэрэглэн халдаагүй талаар гэрч Д.Галтмаа мэдүүлсэн тул түүнийг хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.

            Нөгөөтээгүүр Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох нар хоорондоо төрөл садан, танил тал, хамаарал бүхий харилцаа байхгүй хөндлөнгийн хүмүүс бөгөөд хэрэв дөрвүүлээ нийлж талийгаачийн биед хүч хэрэглэн халдсан бол гэрч Д.Галтмаа нь Ж.Мөнхтогтохын халдсан үйлдлийн талаар мэдүүлэх байсан гэсэн логик харагдаж байна.

              2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 40 минутаас 16 цаг 49 минут хүртэл хугацаанд Ж.Мөнхтогтохоос гэрчээр авсан мэдүүлэг нь Д.Галтмаагийн өгсөн гэрчийн мэдүүлэгтэй тохирсон, гэрч Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох нарын мэдүүлэгт талийгаач Б.Мөнхбатын биед хүч хэрэглэн халдсан хүмүүсийг нэрлэж, тэдний үйлдлийг нэг бүрчлэн хэлж тусгасан, өөрөөр хэлбэл гэрч нар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж чадсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох нараас авсан гэрчийн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүх шийдвэрийн үндэслэл болгосон.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд нүүрэлдүүлж мэдүүлэг авах процессыг хуульчилсан ба яллагдагч нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргасан,  гэрч, хохирогч, бусад оролцогч үүнийг зөвшөөрсөн тохиолдолд л нүүрэлдүүлж мэдүүлэг авч болохоор зохицуулжээ.     

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлж мэдүүлэг авах тухай хүсэлт гаргаагүй, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгахаар нүүрэлдүүлж мэдүүлэг авах шаардлагагүй, тэдний мэдүүлгийг дотоод итгэлээрээ үнэлэх дүгнэх боломжтой.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач Б.Мөнхбат нь гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеийн байдал хэвийн, ил харагдах шарх гэмтэлгүй, ганцаараа, хоёр хөл дээрээ алхаж орж ирсэн болох нь тогтоогддог, үүнтэй хэн ч маргадаггүй, харин Г.Х, Т.А, Б.Б нарт зодуулснаас болж нүүрэн тус газарт ил харагдах гэмтэл, цээж хэвлийн ил харагдахгүй битүү гэмтлүүд учирсан гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Талийгаач Б.Мөнхбат нь шүүгдэгч нарын Г.Х, Т.А, Б.Б нарын түүн рүү чиглэсэн, идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас нас барсан бөгөөд үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж хүч хэрэглэсэн халдсан үйлдэл болон хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд талийгаачийн гэртээ ирэхээс өмнөх зам маршрутыг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

            Гэрч Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох нарын мэдүүлгээр талийгаачийн цээж, хэвлийн тус газарт Г.Х, Т.А, Б.Б нар гурвуулаа ээлж дараалан гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн болох нь тогтоогдсон, шинжээч талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл, гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй, дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан гэж дүгнэсэн тул Г.Х, Т.А, Б.Б нарын яг хэнийх нь цохилтоос дээрх гэмтэл учирсныг ялган тогтоох боломжгүй.

            Өрөөний аль хэсэгт хэн хэн ямар байдалтай байсныг хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэргийг харьцуулах замаар сэргээн тогтоож болно.

            Иймд  хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийн прокурорт буцаах үндэслэлгүй, прокуророос шүүхэд шилжиж ирсэн хэргийн хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч тайлбарлахдаа аюулхай хэсэг, цээж хэвлийн зүүн дээд хэсэгт хүч үйлчилж байж нойр булчирхайн няцрал, дэлүү, нарийн гэдэсний урагдал гэмтэл үүснэ гэснийг, өмгөөлөгчөөс талийгаачийн биеийн зүүн тал буюу хана руу харсан хэсэгт гэмтэл учирсан мэтээр гуйвуулан тайлбарлаж байгааг анхаарах нь зүйтэй.

            Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч нарын хэлсэнчлэн, орон дээр дээш харсан байдалтай, биеийн зүүн тал нь цаад ханан талдаа байрлалтай хэвтсэн тохиолдолд орны наад талаас буюу биеийн баруун талаас нь, дээрээс нь гараараа цохих үед гарын савалт, далайц, буулт, цохилт, хүчний үйлчлэл нь цээж, хэвлийн зүүн хэсэгт илүү тусах магадлалтай.

Иймд шүүгдэгч нарын цохилтын хүч нь талийгаачийн цээж, хэвлий тус газарт үйлчилсэн, тус газарт учирсан гэмтэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж дүгнэв.

            Г.Х, Т.А, Б.Б, Ж.Мөнхтогтох нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, үүнтэй холбоотойгоор тэдний согтуурлын хэмжээг  тусгай багажаар шалгасан гэдэг нь маргаангүй. Ж.Мөнхтогтохын согтуурлын хэмжээг шалгасан баримтыг хэрэгт хавсаргаагүй орхигдуулсан байдлыг энэ хэргээс тусад нь шалгуулах боломжтой бөгөөд тус баримт хэрэгт байх эсхүл байхгүй нь шийдвэр гаргахад нөлөөлөхгүй.        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

            Гэрч Д.Галтмаагийн “Ариунзаяа нь Хүсэхнэмэхийг сэрээх гээд орилоод, би Улиастайн янхан, банзал уу энэ залууд хэлээдэх гээд ... энэ орон дээр байгаа хэн бэ гээд талийгаачийг асуухаар нь би наадах чинь Мөөгий ах чинь байна аа согтуу байгаа гэж хэлсэн ... Талийгаач нь Ариунзаяа, Хүсэхнэмэх, Батбаяр нартай огт маргалдаж муудалцаагүй, тэр гуравтай юу ч яриагүй” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнхтогтохын “Мөнхбат гээд ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд бид нарыг харчхаад энэ архины газар юм уу, явцгаа та нар гэж хэлэхэд Галтмаа эгч нөхрийгөө унт, унт гэж хэлээд орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлсэн” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд талийгаач нь зүй бус, доромж үг хэллэг хэрэглээгүй байна.

            Д.Галтмаагийн мэдүүлгээс үзэхэд Улиастайн янхан банзал гэсэн үгтэй холбоотой маргаан Т.А, Ж.Мөнхтогтох нарын хооронд өрнөж, үүний дараагаар Т.А нь орон дээр байгаа талийгаачийн талаар асуусан байгааг анхаарвал зохино.

            Талийгаач Б.Мөнхбатын гэрт архидан согтуурлаа гэж дургүйцэн явахыг шаардсан утгатай хэлсэн үг нь зүй ёсны үйлдэл байсан, үүнийг хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдэл гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэв.  

            Нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Агийн болсон үйл явдлыг санахгүй байгаа байдал нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж дүгнэх боломжтой ба өмнөх 2 удаагийн шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлэг өгч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 7 дах хариултын сүүлчийн “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шүүх үүнийг үнэлээгүй, хэргийн газарт дуудлагаар очсон түргэний эмч Б.Мөнхбатыг үзэж нас барсан байсан тул цогцсыг үлдээж явсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Талийгаач Б.Мөнхбат, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон боловч гэрч Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох нар талийгаач Б.Мөнхбатыг огт эсэргүүцэл үзүүлээгүй гэж мэдүүлсэн мөн шинжээч нь талийгаачид эсэргүүцэн, тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байх тул Д.Мөнхбатыг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзсэн нь зөв зүйтэй болжээ.

Харин өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс Г.Х нь төрсөн эхтэйгээ байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн төрсөн эх 70 настай Д.Галтмаад байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Галтмаа, гэрч Г.Ундрахбаяр, Л.Нарантуяа, Э.Угтахбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж улсын яллагч дүгнэжээ.

Гэрч Г.Одонцэцэгийн “Хүсэхнэмэх айхтар авиртай хүн биш, манай ээжийг зодож байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/, гэрч Г.Гэрэлтбаатарын “Хүсэхнэмэх нь яг цохиж зодож байхыг бол хараагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 112-113 дахь тал/ хэрэгт авагдсан байна.

Г.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Д.Галтмаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын АСП санд бүртгэгдээгүйг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэх шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие болон сэтгэл санаанд давтамжтай байдлаар хүч хэрэглэсэн үйлдлээр, хүч хэрэглэхээр заналхийлсэн үгээр халдах, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэргийг ойлгох ба энэ үйлдэл нь 3 ба түүнээс дээш удаа давтагдсан шинжийг агуулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Г.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Д.Галтмааг урьд нь зодсон, байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүйн дээр 1-2 удаагийн үйлдлийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар мэдүүлэх бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан боловч давтамжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” хэмээх шинжийг хангахгүй байна.

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг шүүх удирдлага болгон шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Г.Х, Б.Б, Т.А нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоот хашаан дахь нийтийн байрны 16 тоотод гэрийн эзэн, 52 настай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалтай Д.Мөнхбатыг “гэрт архи уулаа” гэж дүргүйцэж хэлсэн үгнээс болж бүлэглэн, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нүүр, цээж, хэвлийн тус газарт ээлжлэн, олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодон санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан, хэргийн газарт үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн,  согтуурал шалгасан тухай тэмдэглэлүүд, гэрч Д.Галтмаа, Ж.Мөнхтогтох нарын мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл,

- Талийгаач Д.Мөнхбат, гэрч Д.Галтмаа нар 27 жилийн хамтын амьдралтай бөгөөд 2020 оны 08 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 2 дугаар гудамжны 36б тоот хашаан дахь нийтийн байрны 16 тоотыг түрээслэн амьдарч байсан,

- Д.Галтмаагийн төрсөн охин Г.Х нь хамтран амьдрагч Б.Бын хамт орох оронгүйн улмаас тэдний гэрт 2020 оны 09 дүгээр сараас түр амьдарч эхэлсэн,

- Г.Х, Б.Б нар нь найз Т.А, Ж.Мөнхтогтох нарын хамт 2020 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр дээрх байранд архи уусан,

- Талийгаач Д.Мөнхбат нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеийн ил харагдах хэсэгтээ гэмтэл шархгүй байдалтай гэртээ орж ирсэн,

- Талийгаачийг ирэх үед эхнэр Д.Галтмаа байсан ба гэрт нь Г.Х, Т.А, Б.Б, Ж.Мөнхтогтох нар архи ууж байсан,

- Талийгаач Д.Мөнхбат тэдэнд хандаж “энэ архины газар юм уу, явцгаа та нар” гэж хэлсэн,

- Эхнэр Д.Галтмаа нь нөхөр Д.Мөнхбатын гадуур хувцас, өмд, гутал, оймс зэргийг тайлж орон дээр хэвтүүлэн хөнжил нөмрүүлсэн,

- Талийгаач Д.Мөнхбатын хэлсэн үгэнд дургүйцэн агсам тавьж эхлээд Г.Х, дараа нь Т.А, дараа нь Б.Б нар гэх зэргээр ээлжлэн талийгаачийн нүүр, цээж, хэвлийн тус газарт олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, 

- Талийгаач Д.Мөнхбат огт эсэргүүцэл үзүүлээгүй, Ж.Мөнхтогтох тэднийг салгаж дийлэхгүй байсан,

- Д.Галтмаа цагдаа дуудлаа гэж утсаа авахад Б.Б утсаар яриулахгүй хориглоод байсан,

- Г.Х нь эх Д.Галтмаа руу Д.Мөнхбатыг өмөөрлөө гэж шил хагалан дайрсан,

- Ж.Мөнхтогтох нь Д.Галтмааг өмөөрсөн, энэ үед Д.Галтмаа хөл нүцгэн гэрээс зугтаж гарсан,

- Д.Галтмаа гадаа гарч өөрийн утаснаас 20 цаг 41 минутад цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаа иртэл хашаандаа нуугдсан,

- Д.Галтмааг гарсны дараа Б.Б талийгаачийг орон дээрээс татаж буулгасан, цээж хэвлий хэсэгт өшиглөсөн,

- Дуудлагын дагуу цагдаа нар 20 цаг 57 минутад хэргийн газарт очиход Г.Х, Т.А, Б.Б, Ж.Мөнхтогтох нар байхгүй байсан,

- Түргэн тусламж 22 цагт ирэхэд Д.Мөнхбат нас барсан байсан,

- Талийгаач Д.Мөнхбат нь хэвлийн битүү гэмтэл болох дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар нь хүний амьд явах эрхэд хүч хэрэглэн халдсан үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын талийгаач Б.Мөнхбат руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон тул Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байдаг ба гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардана.

Г.Х, Т.А, Б.Б нарын Б.Мөнхбатын биед хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдэл нь Б.Мөнхбатын амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжлөөр илтэд сул дорой, мансуурсан, согтсон болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах, эсэргүүцэх үзүүлэх чадваргүй болсон байхыг ойлгоно.      

Талийгаач Б.Мөнхбатын хувьд 52 настай буюу өндөр настай, гэмт хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн үйлдлээ удирдах чадвар муутай хөнгөн зэргийн согтолттой, энэ согтолтын улмаас шүүгдэгч нарын үйлдлийг эсэргүүцэх чадваргүй байжээ.

Биеэ хамгаалж чадахгүй, бие хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэж бие махбодын олон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан, үйл явдалд дүгнэлт хийх, амь хохирогчийн байгаа байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хүнийг алах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг бүлэглэн алсан гэж ойлгоно.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын амь хохирогчийн бие махбодод гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр ээлж дараалан халдаж байгаа үйлдлийг тухайн нөхцөл байдалд үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул дээрх шинжийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй, мөн өмгөөлөгчийн хэлсэнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Г.Х, Т.А, Б.Б нарыг Хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ахуйн хүрээнд байнга архидан согтуурсан байдал, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, үл ойлголцсон хувийн таарамжгүй харилцаа хандлага зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.     

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Улаанаагаас талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүйг дурдаж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Х, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус бүх насаар хорих ял, шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан  санал дүгнэлт гаргахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь арван хоёр жилээр хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулах хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Г.Х, Т.А нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Г.Х, Т.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Ахуйн хүрээнд байнга архидан согтуурсны улмаас өндөр настай, согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүний биед үйлдлээрээ нэгдэн бүлэглэн хүч хэрэглэн санаатайгаар халдаж амь насыг нь хохироосон, гэмт хэргийг 2 хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй гэх хохирол, хор уршгийн шинж чанар,

 Шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, Т.А, Г.Х нар урьд ял шийтгэлгүй, Б.Б урьд ял шийтгэл эдэлж байсан, шүүгдэгч Т.А нь бага насны 1 хүүхэдтэй гэх хувийн байдал,

Шүүгдэгч Т.А, Г.Х нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,

Гэрч Д.Галтмаагийн “Т.А энэ яахаараа орон дээр таныг элэг бариад согтуу унтаж байдаг юм бэ ална аа гээд хөнжлийг нь хуу татаад талийгаачийн гэдэс, хэвлий хэсэг рүү 3 удаа баруун гараа атгаж байгаад цохисон ... Г.Х, Б.Б 2 маш олон удаа Д.Мөнхбатыг цохисон тул түүнийг нь тоолох боломжгүй байсан. Ер нь Г.Х, Б.Б 2 Д.Мөнхбатыг алчихъя гээд л цохиод байсан” гэх мэдүүлэгт авагдсан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Б нарт тус бүр 14 /арван дөрвөн жил/ хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ад 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нар нь энэ хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд нийт 471 хоног цагдан хоригдсон байх бөгөөд энэ хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Fuze tea ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Ice tea ундааны сав 1 ширхэг, Монгол Стандарт архины шил 1 ширхэг, Өргөө архины хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн женсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А нь 7 настай охинтой болох нь тогтоогдсон боловч түүний хүүхдийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байна. Гэр бүлийн тухай хуульд “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор хуульчилсан.

Хуулийн дээрх шаардлагыг хэрэгжүүлж шүүх шийдвэр гаргах боломжгүй байх тул шүүгдэгч Т.Агийн хүүхдийн тэжээн тэтгэх, асран халамжлах асуудлыг оршин суух газрын засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ............. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан Хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар Г.Х, Б.Б нарыг тус бүр 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Т.Аг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Х, Б.Б нарт оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Т.Ад оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарын цагдан хоригдсон 471 /дөрвөн зуун далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хохирогч Д.Улаанаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нараас хувь тэнцүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Fuze tea ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Ice tea ундааны сав 1 ширхэг, Монгол Стандарт архины шил 1 ширхэг, Өргөө архины хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                       С.ӨСӨХБАЯР