Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2017/00520

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар багт оршин суух, ВТ64071421 регистрийн дугаартай, Боржигон овогт Батын Цэрэнбалжирын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Лувсанмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Цэрэнбалжир шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1942 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 53 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би 1981 оны 01 сараас Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд 1984 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл, Эрдэнэцогт сумын 4 дүгээр бригадын бага сургуульд 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс тус аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчин, хоньчноор 1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Лувсанмөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие нь Б.Цэрэнбалжиртай хамт нэг дор ажиллаж байсан юм. Тэр утгаараа би түүний ажилласан байдлын баримтуудыг бүрдүүлж шүүхэд хандсан. Тэрээр хөдөө мал малладаг тул хүрэлцэн ирээгүй. Түүний хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт нь овгийн зөрүүтэй байгаа юм. Түүний хойд эцгийг Хайвтогоо гэдэг байсан бөгөөд хойд эцгээрээ эхэлж овоглож байгаад дараа нь төрсөн эцэг болох Батаараа овоглосон юм. Б.Цэрэнбалжир нь Би 1981 оны 01 сараас Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд 1984 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл, Эрдэнэцогт сумын 4 дүгээр бригадын бага сургуульд 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс тус аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчин, хоньчиноор 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан тул дээрх хугацааг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Б.Цэрэнбалжирын 038299 дугаартай хөдөлмөрийн дэвтэр , Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 522 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн даргын 1982 оны 05 сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шаргалжуутын бага сургуулийн эрхлэгчийн 1984 оны 10 сарын 01-ний өдрийн 24 дүгээр, 1986 оны 04 сарын 07-ны өдрийн 10, 1987 оны 01 сарын 02-ны өдрийн 03 дугаар тушаалууд, 643580 дугаар МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Цэрэнбалжир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Цэрэнбалжир нь 1981 оны 01 сарын 01-ны өдрөөс 1982 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн сүү тосны заводын лабориантаар, 1982 оны 03 сарын 03-ны өдрөөс 1982 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд цэвэрлэгч, 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн сүү тосны заводын лабориантаар,

1984 оны 10 сарын 01-өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шаргалжуутын бага сургуулийн дотуур байрны сурагчдын цагаан хэрэглэлийн угаагч,индүүдэгчээр

1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчин, хоньчиноор тус тус ажиллаж байсан болох нь Б.Цэрэнбалжирын 038299 дугаартай хөдөлмөрийн дэвтэр , Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 522 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн даргын 1982 оны 05 сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шаргалжуутын бага сургуулийн эрхлэгчийн 1984 оны 10 сарын 01-ний өдрийн 24 дүгээр, 1986 оны 04 сарын 07-ны өдрийн 10, 1987 оны 01 сарын 02-ны өдрийн 03 дугаар тушаалууд, 643580 дугаар МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Цэрэнбалжирийн хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Батын Цэрэнбалжирын 1981 оны 01 сарын 01-ны өдрөөс 1982 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн сүү тосны заводын лабориантаар, 1982 оны 03 сарын 03-ны өдрөөс 1982 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд цэвэрлэгч, 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн сүү тосны заводын лабориантаар,

1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шаргалжуутын бага сургуулийн дотуур байрны сурагчдын цагаан хэрэглэлийн угаагч, индүүдэгчээр

1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчин, хоньчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Цэрэнбалжирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ