Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2021        12          24                                  2022/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Тийн Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2494 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                      

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бтэй маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 2494 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Т нь иргэн Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн:

... Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр багын найзууд болох Т, Лхамаажав, Сэр-Од нарын хамт мал малладаг найз Батсүхийн гэрт агаар салхинд гарах зорилготой очсон. Тэнд бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн ба Т гэнэт намайг газарт дарж унагаагаад хоёр гараараа толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тыг яагаад ийм үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч болсон асуудлыг санаж байна. Т хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй. Гэнэт миний биед халдсан. Томографикийн шинжилгээгээр баруун талын ухархайн дотор хананд хугаралттай гэж оношлогдсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 08/,

 

Гэрч Б.Цэвэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 06 дугаар сард хуучин хамт ажиллаж байсан хүн маань бурхан болоод ажил явдал дээр нь хамт ажиллаж байсан хүмүүс цугларцгаасан. Тухайн үед бид нар дандаа иймэрхүү үед уулзаж байна, тэгж байгаад нэг уулзаж ярьж сууя гэсэн. Батсүх “та тэгвэл зохион байгуулаад манайд хүрээд ир, би сайхан ямаа боож өгье” гэж байсан. Тэгээд 09 сард Ганбаатар, Т, Б, Лхамаажав бид нар утсаар ярьж тохироод Батсүхийн гэрт очихоор болсон. Батсүхийн гэрт очиход ганцаараа байсан ба эхнэр нь хот руу ажлаар явсан байсан. Батсүх бид нарт хоол унд хийж өгөөд авч очсон архиа ууж эхэлцгээсэн. Тухайн үед тоглоом шоглоомоор нэгнээ явуулж байгаад унтахаар болсон. Намайг баруун талын орон дээр унтах гээд байж байх үед гэнэт хүмүүс шуугилдаад явчихаар нь гараад очиход Т Б нар зодолдож байсан. Т Бийн дээр нь гарсан нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж байсан. Бид гүйж очоод тэр хоёрыг салгаад Бийн нүүрийг усаар угаагаад цусыг нь тогтоож өгсөн. Тэр өдрөө унтаж амарцгаагаад маргааш нь буцахаар болоход Б Т нар эвлэрээд салцгаасан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг/хх-ийн 20/,

 

Гэрч Г.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа байж байх үед манай найзууд манайд ирж амарцгаасан. Тухайн үед Б, Т, Цэвэл, Лхамаажав нар ирсэн. Бид нар хоол цай идэж уусны дараа архи уугаад эхнээсээ согтсон. Манай хэд зүүн талын гэрт байрлацгаасан. Намайг орой баруун талын гэрт байж байх үед хүмүүс орилолдоод байхаар нь гараад очиход Б, Т хоёр маргалдаад зууралдаж байсан. Би очоод тэр хоёрыг салгаад Бийг зүүн талын гэр рүү оруулаад Тыг баруун гэр рүү оруулж унтуулсан. Тухайн үед Бийн баруун нүдний дээд талаас цус гоожоод байхаар нь усаар угааж өгөөд цусыг нь тогтоогоод унтуулсан. Маргааш нь босоцгоогоод хоол цай идэж уугаад найзууд буцсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10451 дугаартай:

Б.Бийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд шарх гэмтэл учирчээ. Тухайн гэмтлүүд нь уг хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

Шүүгдэгч Т.Тын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед найз Батсүхийн гэрт очсон. Тухайн үед Б, Цэвэл, Ганбаатар, Лхамаажав нар байсан. Бид нар хоол унд идэж уугаад архи ууцгаасан. Би нэлээн согтсон байсан учир хэсэг унтаж байгаад оройн 00 цагийн үед босоод ирэхэд Б Цэвэл эгчтэй маргалдаж байхаар нь би Бтэй муудалцаад зууралдаж гадна гараад газар унаган дээрээс нь нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Бид хоёрыг Батсүх гарч ирж салгаад бид нар буцаж ороод архиа ууж байгаад унтаж амарцгаасан. Маргааш нь эвлэрээд буцаж Улаанбаатар хот орох замдаа Бээс уучлалт гуйгаад 4-5 хоногийн дараа Томографад харуулаарай гээд Бийн данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд Б эмнэлэгт үзүүлсэн байх гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

 

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,

- “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн гавал тархины тодосгогчгүй томограмм, шинжилгээнд явуулах бичиг, фото зураг, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 34, 38-40/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хүсэлт /хх-ийн 58-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн хавтаст хэргээс шүүгдэгч Т.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Тыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.       

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Тын иргэн Б.Бийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар 100.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд ухархайн дотор хана нөхөн сэргээх мэс засалд орох шаардлагатай, цаашид эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэх тухайгаа мэдүүлсэн байх тул хохирогчийн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Т.Тт ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан тухайн зүйлд заасан  торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Тийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.БААСАНБАТ