Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

2022        02         08                                  2022/ШЦТ/161

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Д, Н.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2060 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өгөөмөр зах дээр дугуй зардаг лангуун дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Ээж хайрхан 1 дүгээр гудамжны 65 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Д .

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Да хүрээ зах дээр машины тень наадаг ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол Сүүний 16 дугаар байрны 07 тоотод хаягийн бүртгэлтэй боловч тус хагт амьдардаггүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй,Н.Ц.

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Д, Н.Ц нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 3 дугаар гудамжны  80г тоот хашаан дахь хохирогч Т.Болдбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг хөгшин орж авдарт байсан бэлэн 800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч Н.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Цэнджав, Болдбаатар нартай найзалж нөхөрлөдөг. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цэнджав, Болдбаатар бид гурав 9 цагийн үед Болдбаатарын гэрт архи хувааж уусан ... ахиж 1 шил Хараа архи авч уугаад дууссан. Тэгтэл манай найз Болдбаатар Цэнджав бид 2-ыг гэрээсээ гаргаад, байж бай би дэлгүүр ороод архи аваад ирье гэж хэлээд яваад өгсөн. Би найз Цэнджавтай хамт гэрийнх нь гадаа хүлээж байх хугацаандаа найз Болдбаатарынхаа монгол гэрийн цоожийг төмрөөр цохиж эвдэн гэрт нь ороод авдрыг онгойлгоод авдарт бэлэн 1.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг хулгайлж аваад ... хулгайлсан мөнгөөрөө шинэ хувцас худалдаж аваад хуучин хувцсаа буудалд хаяад 1 шил архи хувааж уусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

Яллагдагч Н.Цын мөрдөн байцаалтад өгсөн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Би найз Б.Дтэй хамт найз Болдбаатарын монгол гэрийн цоожийг төмрөөр цохиж эвдэж ороод авдарт байсан бэлэн 800.000 төгрөгийг хулгайлж авсан. Даваасүрэн бид хоёр шинэ хувцас аваад, буудал ороод хуучин хувцсаа хаяад, буудалд 1 шил архи хувааж уусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн “Үзлэгийг үргэлжлүүлэн хохирогч Т.Болдбаатараар хаалгыг онгойлгуулан хашаан дотор ороход ертөнцийн зүгээр зүүн тийш харсан монгол цагаан гэр байх ба үзлэгийг гэрийн хаалганы гадна талд хийхэд гэрийн хаалганы гадна талд хийхэд гэрийн цүү төмөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй, цүүний дээд талд хаалганы мод 1-2 см хагарсан байдалтай байх ба үзлэгийг цааш үргэлжлүүлэн гэрт хийхээр болон гэрт ороход гэрийн эд зүйл эмх цэгцтэй байсныг мэргэжлийн гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш үргэжлүүлэн мөнгө байсан гэх авдарыг хохирогч Т.Болдбаатараар залгахад уг авдар нь монгол гэрийн зүүн  хойд хойморт байх ногоон өнгийн хээтэй улбар шар өнгийн авдар байх ба уг авдраас хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл хайхад илрээгүй тул гэрээс гарч монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгосон гэх цүү төмрийг гэрийн ойролцоох газруудаар хойш үзэхэд уг цүү төмөр олдоогүй тул хэргийн үзлэгийн тэмдэглэлийг хэргийн оролцогчид танилцуулахад санал хүсэлт байхгүй гэснээр мэдүүлгийг 17 цаг40 минутад дуусгаж тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-15 дахь тал/

Хохирогч Т.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хувиараа барилгын карказ мужааны ажил хийдэг. Маршал таун хотхонд ажил аваад бригадаараа хийж дуусаад 2021 оны 09 дүгээр сарны 22-ын өдөр 2.500.000 төгрөгийн цалингаа бригадын ахлах Буянбатаас бэлнээр авсан. Цалингаас үрээд 1.200.000 төгрөг үлдсэн байснаас 100.000 төгрөгийг аваад архи уусан. Үлдсэн 1.100.000 төгрөгөө би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3 дугаар байрны 80г тоот хашаанд байх монгол гэртээ авдар дотор хийгээд, гэрээ цоожлоод гарч яваад, өдөр 15 цагт гэртээ ирээд авдарт байх мөнгөө үзэхэд 1.100.000 төгрөгөөс 200.000 төгрөг үлдээгээд 800.000 төгрөгийг аваад явсан байсан ... Би мөнгөө авдартаа хийгээд авдраа цоожлоогүй ... авдарт байх мөнгөнөөсөө 100.000 төгрөг аваад Т.Батцагаан, Б.Д, Цээгий нартай гэрээсээ гарсан. Намайг авдраасаа мөнгө авч байхыг Т.Батцагаан, Б.Д, Цээгий нар харсан. Бид 4 гэрээс гараад би ах Т.Батцагааны хамт доошоо уруудсан. Б.Д, Цээгий нар манай гудамжинд үлдсэн ... манай гэрийн цоожийг цүүтэй нь суга татсан байсан ... хулгайд алдсан 800.000 төгрөгөөр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  19-21, 23 дугаар тал/,

Гэрч Т.Баянцагааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг ирэхэд миний дүү цалингаа аваад ойр зуурын хэрэгтэй юм ав ээждээ өгөөд хагас мөнгөө өгөөд одоо 1.000.000 төгрөг үлдсэн авдарт байгаа гээд надад хэлж байсан. Би маргааш өглөө нь 10 цагийн орчимд гэртээ очоод байж байтал орой 18 цагийн алдад манай дүү залгаад надад ахаа манай гэрт хулгай ороод 800.000 төгрөг алдагдсан гээд ярьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Б.Байгалмаагаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нараас шүүхэд гаргаж өгсөн хохирогч Б.Болдбаатарт хохирлыг мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Ц.Мандалаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нараас шүүхэд гаргаж өгсөн хохирогч Б.Болдбаатарт хохирлыг мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

 Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Б.Д, Н.Ц нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 3 дугаар гудамжны  80г тоот хашаан дахь хохирогч Т.Болдбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг хөгшин орж авдарт байсан бэлэн 800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Болдбаатар, гэрч Т.Баянцагаан, яллагдагч Б.Д, Н.Ц нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Т.Болдбаатар, шүүгдэгч Б.Д, Н.Ц найз нөхдийн, хохирогч Т.Болдбаатар, Т.Баянцагаан нар ах дүүгийн холбоо харилцаатай бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хамтаа Т.Болдбаатарын гэрт архи ууцгаасан, энэ үед Т.Болдбаатар нь архи авахаар авдраасаа мөнгө авсан, үүнийг бүгд харсан мэдсэн, дөрвүүлээ гэрээс гарч Т.Болдбаатар хаалгаа гаднаас нь түгжээд явсан, энэ хойгуур Б.Д, Н.Ц нар Т.Болдбаатарын гэрийн хаалганы цүүг төмрөөр хөшин мулталж, цоожгүй авдраас бэлэн 800.000 төгрөгийг авсан, хэрэгцээндээ захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогджээ.  

  Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д, Н.Ц нарт холбогдох хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш буюу бодитой хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Хулгайлах гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан 800.000 хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Бусдын өмчлөх эрхэд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, бодит хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, амар хялбар аргаас эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт агуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Уг гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Хүн байнга амьдрах зориулалттай орон байр нь тухайн орон байранд амьдардаг гэр бүлийн гишүүдээс бусад этгээдийн хувьд нэвтрэхийг хориглосон, нэвтрэхэд зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд үүнийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь хууль бус нэвтрэлт болдог.

Монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарах бөгөөд энэ нь тухайн хохирогч түүний гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, орон зайг бусдаас тусгаарлах, хамгаалах зориулалттай объект юм. Уг объектод хаалганы цүүг хүчээр сугалан мултлах байдлаар орсон тул үүнийг хууль бус нэвтрэлт гэж үзнэ. 

            Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “бүлэглэн” гэх шинжийг тусгайлан заагаагүй, хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэснийг ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.     

Прокуророос “бүлэглэн үйлдсэн” гэх шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн зүйлчилсэн байгааг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн үйлдсэнд тооцлоо.      

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Н.Ц нарыг “Бусдын эд хөрөнгийг нууцаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэх хүндрүүлэн нөхцөл байдалтай үйлдсэн” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, нотлох баримтаар хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Н.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд зорилго, шалтгаангүйгээр архи уух санаа сэдэл, амар хялбар аргаар мөнгө олох зорилго зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болдбаатарт 800.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон, уг хохирол шүүхийн шатанд төлөгдсөн учир Н.Ц, Б.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Д, Н.Ц нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д, Н.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол

шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Н.Ц, Б.Д нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Ц, Б.Д нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Шүүгдэгч Н.Ц, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй гэх хувийн байдал, согтуугаар, амар хялбараар мөнгө олох зорилгоор найз нөхдийн харилцаатай хүний анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан эд хөрөнгийг нь хууль бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан

Н.Ц, Б.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц, Б.Д нарын хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Н.Ц, Б.Д нар нь энэ хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд нийт 27 хоног цагдан хоригдсон байх бөгөөд энэ хугацааг эдлэх ялд нь оруулан тооцно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц, Б.Д нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

            2. Б.Д.Н.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Н.Ц нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Б.Д, Н.Ц нарт шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д, Н.Ц нарын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д, Н.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д, Н.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ