Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

                                                                                                                      

   2021        12          27                                    2022/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч П.Даваасүрэн,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч О.Должинсүрэн,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Аын Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2564 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Прадайз нэртэй авто угаалгын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн буруутай үйлдлээс шалтгаалан маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөх зэргээр халдан бие махбодод нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 2564 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би ажил дээрээ машинаа угааж байх үед 12 цагийн үед дөнгөж засвараас гарсан бололтой замаска шиг зүйлээр бохирлогдсон Приус 20 маркийн авто машин угаалгахаар орж ирсэн. Би тухайн үед өмнөх машинаа угааж дуусаагүй байсан ба Б ирээд “Приус 20 маркийн автомашиныг аваад угаачих” гэж хэлэхээр нь би машин их бохирдолтой байгаа талаар хэлэхэд Б “хар ал минь, нааш ир” гэж хэлээд намайг ажилчдын өрөө рүү дагуулаад орсон. Б нь над руу гар дайлахаар нь би далдирсан юм. Би өвөөтэйгөө утсаар ярих гээд гарахад Б надтай  хэрэлдээд байсан. Тэгээд миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа гараараа цохисон. Намайг цохиулаад газарт унах үед баруун доод эрүү рүү нэг удаа өшиглөсөн. Цээж хавирга орчим 2-3 удаа өшиглөсөн. Мөн миний дээр гарч суугаад нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед хамт ажилладаг хүмүүс салгасан. Б намайг хэл амаар доромжилж, хараалын үг хэлээд байсан тул би мөн Бийг хэл амаар доромжилсон. Намайг заалан дотор явж байх үед Б араас гүйж ирээд барьж аваад миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Угаалгаж байсан машин руу түлхсэн. Үүнээс хойш хавирга эвгүй өвдөх болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11376 дугаартай:

“Б.Мгийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, цээжинд тус хуралт, духанд зулгаралт, доод уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20/,

 

Шүүгдэгч А.Бий мөрдөн байцаалтад өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед М машин угааж байсан ба гаднаас дахин машин орж ирэхээр нь би Мд наад машинаа аваад угаачих гэж хэлсэн. М “би ийм муухай машин угаахгүй” гэж хэлэхээр нь би “бохир биш машин юу гэж манайд орж ирэх вэ” гэж хэлэхэд “чадахгүй гэж байна, хөөе” гэж хэл амаар доромжлоод байсан. Би олон хүний өмнө хэрүүл хийгээд яах вэ гэж бодоод Мг ажилчдын өрөө рүү дагуулаад орсон. Мг буйдан дээр сууж байх үед нь би дөхөж очоод “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг үсдээд авсан. Энэ үед бид хоёр харилцан цохилцсон. Тухайн үед өрөөнд угаагч хийдэг хоёр залуу салгасан. Тэгсэн М нь “би чамайг хутгална” гэж хэлээд хутга хайгаад байсан ба хутга байдаг шургуулга эвдэрсэн учир онгойлгож чадаагүй. Харин грашийн цоожийг аваад миний толгой руу цохих гэж оролдохоор нь би гараараа хаасан. Ингээд бид хоёр дахин барилцаж аваад зодолдсон. Би Мгийн цээж, толгой орчим нэг хоёр удаа цохисон. М миний цээж, толгой хэсэгт нэг удаа цохисон. ...үүний дараа хүмүүсийн хажууд муудалцсандаа ичээд чимээгүй байж байх үед М “нохойн гөлөг минь, чамайг бол эзэнгүй тоосгодно” гэх мэт хэл амаар доромжлоод байхаар нь би очоод бөгс орчим нь нэг удаа өшиглөсөн. Мөн л хэл амаар доромжлоод болихгүй байхаар нь яваад очиход над руу нулимсан. Тэр үед би түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиход намайг тэвэрч аваад байхаар нь бие хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн. М нь өвөөгөө дуудсан ба өвөө нь ирээд “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэж хэлээд заамдаж, хоолой боогоод байсан. Тэр үед М нь намайг цохиж зодоод байсан. Мгийн өвөөг тайвшруулаад оруулаад байж байх үед М нь “би чамд чиний нэхээд байгаа сая төгрөгийг өгөхгүй, харин би чамаас сая төгрөг салгаж авна, чамайг цагдаад хэлнэ” гэж хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 01, 04/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, шүүгдэгчийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 59-60/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт шүүгдэгч А.Бий насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, цээжинд тус хуралт, духанд зулгаралт, доод уруулд сорви гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.М гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэмтэл эдгэрсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд насанд хүрээгүй хохирогчийн зүй бус үйлдэл болох удирдах ажилтнаас эсэргүүцэн маргалдаж байгаа үйлдэл, нохойн гөлөг минь чамайг эзэнгүй тоосгодно, би чамд чиний нэхээд байгаа сая төгрөгийг өгөхгүй, харин би чамаас сая төгрөг салгаж авна гэх зэргээр үл тоомсорлон авирлаж байгаа үйлдэл, үг хэллэг шууд нөлөөлжээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.М нь тус авто угаалгын газарт байсан бусдын авто машиныг зөвшөөрөлгүйгээр унаж яваад гэмтээсэн гэх бөгөөд уг хохирлыг авто угаалгын газраас хариуцаж барагдуулж асуудлыг шийдвэрлэжээ. Харин Б.М нь нэг сая төгрөгийг тухайн угаалгын газарт ажиллаж төлж дуусгахаар тохиролцжээ.

Гэсэн хэдий боловч Б.М нь энэ байдалдаа дургүйцлээ илэрхийлэн хандсанаар А.Бтэй зөрчилдөж харилцах болсон байна.

 

Дээрх байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. Нийгэмд үйлдэгдсэн гэмт хэргийг эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлэх хэдий ч хүн төрөлхтний болон Монголчуудын эртнээс нийтээрээ дагаж ирсэн зан заншлын хэм хэмжээ болох ахмад, ах хүнийг хүндэтгэх, бусадтай эелдэг, хүлээцтэй харьцах эрхэм чанартай байх зэрэг хэм хэмжээг давхар харгалзан үзэж байх нь чухал байна.

 

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэдий боловч өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлан гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн зүй бус харьцаа, насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтэл уг гэмтэл эдгэрч арилсан байдал, хохирогчийн шүүх хуралдаанд оролцож байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргах  нь зохистой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хн овогт Аын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ