Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2017/00584

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 3-р баг, 3-р гудамж, 16 тоотод оршин суух, ВГ60090613 регистрийн дугаартай, Боржигон овогт Ёндонгийн Ганболдын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ё.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ё.Ганболд шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1960 онд Баян-Овоо суманд төрсөн. Одоо 57 настай хүнд нөхцөлөөр тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоох шаардлагатай болсон. Би 1978 оны 06 сарын 25-нд Баянхонгор аймгийн Барилгын техникийн мэргэжлийн сургуулийн салхивч нимгэн төмөрчин мэргэжлээр төгсөөд мэргэжлийн дагуу Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад төмөрчнөөр орж ажилласан. 1978 оны 7 сарын 15-нд анх ороод 7 сард Галуут сумын тэжээлийн фондын дээврийг төмөрлөж байсан. Үүнээс хойш 1979 оны 6 сарын 26-ныг хүртэл хэд хэдэн барилгын дээвэр хийж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр төмөрчнөөр авч ажиллуулсан тухай бичээгүй орхичихсоныг тогтоож өгөөч. 1979 оны 06 сарын 26-нд цэрэгт яваад 1982 оны 7 сарын 24-нд Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрийн мод бэлтгэгч тасдагч гагнуурчнаар орж ажиллаад 1990 оны 4 сарын 01-ийг хүртэл ажилласан. Баянхонгор аймгийн Тонгорог хоршоололд гуаланчнаар 1994 оны 10 сарын 01-нийг хүртэл жилийн 4 улирал тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ё.Ганболдын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 02/1196 дугаар лавлагаа, 1988 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1982 оны 07 сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 39 дугаар тушаал, гэрч Д.Түмэнбаярын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ё.Ганболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ё.Ганболд нь 1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр

1982 оны 07 сарын 24-ний өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа мод бэлтгэлийн тасагт гуалинчаар,

1990 оны 04 сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Тонгорог хоршоололд гуалинчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Боржигон овогт Ёндонгийн Ганболдын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Ёндонгийн Ганболдын 1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр

1982 оны 07 сарын 24-ний өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа мод бэлтгэлийн тасагт гуалинчаар,

1990 оны 04 сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Тонгорог хоршоололд гуалинчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ё.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ